Таван толгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээний төсөл ажлын хэсэг дээрээ олон удаа яригдсаар наадмын өмнөхөн Засгийн газрын шийдвэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д танилцуулахаар бэлэн болчихлоо хэмээн сайрхаж байлаа, манай дарга нар. Гэвч Үндэсний аюулгүй байдлын ажлын албаныхан уг төслийг шүүмжилж эхэлсэн. Хамгийн ноцтой нь тендерт саналаа ирүүлж, эхний зургаан томоохон консерциум, компаниудын тоонд багтаад байсан Япон, Солонгосын компаниудыг хассан байлаа. Тэр бүү хэл “Оросын төмөр зам” компанитай эдгээр улсын компаниуд нэгдэн тендерт орно гэсэн нь худлаа болж таарсан байв. Япон, Солонгосчууд энэ тухай гомдлын бичгээ бариад төр засгийнханд хандсан юм. Гэтэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар үүнийг үгүйсгэжээ. Тэр их л гүн нойрондоо дугжирч байгаа бололтой. Зарим будлиухан эрчүүд хааяа сэрүүн зүүдэлдэг тохиолдол байдаг гэсэн.
Тендерийн будлиан нь ил болоод ирэхээр тэр Япон, Солонгосчууд руу “Монголд та нарын хувь заяг шийдэх гээд байхад хаашаа алга болчихдог юм бэ” гэж мэлзэх дээрээ тулсан нь тийнхүү зүүдэлж байгааг нотлоод байх шиг байна. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй гэсэн нэг үг бий. Д.Сугар мэтийн хуйвалдааны нөхдүүд Япон, Солонгосчуудыг жийж орхиогүй бол тэд хаанаас гомдлын үгтэй захиагаа Ероөнхийлөгч, Ерөнхий сайдад ирүүлэх билээ. Тендерээс хассан гол шалтгаан нь монголчууд хятадуудтай хуйвалдан Таван толгойн нүүрсийг зөвхөн Хятадаар дамжуулан Япон, Солонгос руу гаргах далд санаархлаас үүсэлтэй гэж учир мэдэх хүмүүс хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл Хятадууд манай нүүрсийг арай хямдаар аваад цааш үнэ өсгөн дамлах бололтой. Япончууд манай орны эдийн засаг, санхүүг маш их дэмждэг. Солонгосчууд ч тэднээс дутахгүй тусалж байгаа. Харамсалтай нь манай эрхмүүд Хятадаас 250 сая долларын урьдчилгаа аваад “Чалко” компаниар нь дамжуулан Япон, Солонгос руу нүүрс гаргах болжээ. Хятад хөрш маань эндээс өөртөө илүү ашиг унагах юм гэнэ. Д.Сугарт Хятад босс юу амласан болоод Япон, Солонгос улстай манай засгийн газар харьцаагаа муутгахад хүрэв ээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )