Уул уурхай, аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа усны үнийг нэмнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Уул уурхай, архины, арьс ширний үйлдвэр зэрэг усыг ашгийн төлөө хэрэглэдэг газруудын усны төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ асуудлыг тусгасан Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн төсөл ч бэлэн болоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар орон сууцны иргэд нэг шоо метр усыг 319 төгрөг, аж ахуйн нэгж, албан байгууллагууд 852 төгрөгөөр худалдан авч ашиглаж байна. Түүнчлэн нийслэлд гэр хорооллын айлууд нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авдаг. Тэгвэл зусланд бүр үнэтэй, нэг литр нь 5 төгрөг, заримд нь бүр 10 төгрөг хүрч байгаа гэнэ. Гэтэл уул уурхайн салбарт нэг шоо метр усыг 150 төгрөг буюу нэг литрийг 15 мөнгөөр худалдан авч хэрэглэж байгаа юм. Усыг ашгийн зориулалтаар хэрэглэж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга угсралтын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлсөн усны төлбөрийн хэмжээг тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад тун бага байгааг эргэж харах зайлшгүй шаардлага бий болгож ажээ. Ийм хямд үнээр ус авдагийн дээр уул уурхайн салбарынхны зарим нь ус ашигласны төлбөрөө хийхдээ ч тун хойрго ханддаг аж.

Уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрөө төлөх хугацаа өнгөрсөн сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон. Гэтэл өнгөрсөн хугацаанд ердөө гуравхан компани л усны төлбөрөө төлсөн байна.

Дэлхийд хамгийн олон хүн амтай, үйлдвэр хөгжсөн орнуудын усны үнэлгээний асуудал зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдаг. Өнөөдөр Монголын нөхцлийг харах юм бол усны нөөцөөр нэлээн хойгуур ордог. Гүний усны нөөц бага, гадаргынх ч бага, дээр нь хур тунадас ч багассан. Иймээс усны үнэлгээг эргэж харах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Иргэний хөдөлгөөнийхний тавьж байгаа шаардлагын дийлэнх нь тусгай зөвшөөрөл гадныхны гарт орсон байна гэдэг. Энэ ч бодитой гэдэг нь харагдаж байгаа. Харин энэ байдлыг Монголын төр усны үнээр хянах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Уул уурхайн компаниуд дэлхийд зах зээлийн үнээр хэрэглэдэг ч манайд хамгийн хямд хэрэглэдэг. Уул

уурхайнхан бид усыг ашигладаггүй, сороод л байгальд нь эргүүлж тавьдаг гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ уул уурхайн салбарт усыг ашиглаад зогсохгүй бохирдуулж байдаг. Хамгийн сүүлийн мэдээгээр Монголын нийт нутагт 852 гол, 2277 булаг шанд, 1181 нуур цөөрөм ширгэсэн байна.

Манай улс усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг байна. Газрын доорх ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорх усыг онцгой хамгаалалтад авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс хэтрүүлэлгүй ашиглах шаардлагатай гэнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top