Оюу толгой, Таван толгойн авлигын хэргийг яаралтай шалгаж, шийдэх хэрэгтэй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Стратегийн ордуудаа түрүүчээс нь ашиглаж, монголчуудынхаа аж амьдралыг өөд татах тухай ярьсаар олон жилийг ардаа  орхилоо, манай улс төрчид. Оюу толгойн гэрээ нь олон хууль зөрчиж хийгдсэн талаар судлаачид төдийгүй, УИХ-ын гишүүд өөрсдөө өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Уг гэрээ дөнгөж баталгаажихтай зэрэгцээд гэрээг үзэглэсэн сайдуудын авлигын мөнгөний тоо ч яригдаж байлаа. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын хүмүүс Оюу толгойн гэрээг “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компаниудад илүү өндөр ашигтай хийснийхээ төлөө их хэмжээний авлига авсан хэмээн Нинж тэргүүтэй иргэний байгууллагууд мэдээлж байсан юм. Авлигын мөнгөний тоо хэдэн тэрбумаар яригдаж байв. Тэдний лоббид өртсөн УИХ-ын гишүүд ч авлигын мөнгөнөөс хүртсэн гэдэг. Эцсийн дүн Оюу толгойн тэрхүү луйврын гэрээнээс харин УИХ-ын 76 гишүүдийн дөнгөж зургаа нь л татгалзсан байлаа. Тэдгээр үл зөвшөөрөгчдийн нэг нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ юм. Тэрээр одоо ч хүлээн зөвшөөрөөгүй яваа ажээ.

Мөн Таван толгойн ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ эцсийн байдлаар хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Гэвч энэ гэрээгээр Таван толгойн төсөлд оролцох саналтай байсан Япон, Солонгосын компаниудыг учир битүүлгээр хасагдаж, Хятадад 40 хувь, Америкт 24 хувь, Орос, Монголын хамтарсан консерциумд 36 хувийг өгч бөөн хэл ам үүсгэв. Энэ талаар С.Эрдэнэ гишүүн “Хэн ингэж хувь тогтоосон юм. Хаанаас юун хувь гараад ирэв. Эд авсан авлигынхаа хэмжээгээр хувилж байгаа юмуу. Үүнээс өөр ямар ч үндэслэл харагдахгүй байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гишүүн Таван толгойн гэрээг Оюу толгойнх шиг авлигаар шийдчихлээ гэж байна. Доктор Г.Пүрэвбаатар, Дашзэвэг нар ч мөн ингэж л ярьж байгаа. Ер нь энэ хоёр толгойн гэрээнээс дарга нар өөрсдөдөө ашиг унагаж орхисон юм биш үү. Тэгээгүй юм бол УИХ-ын тогтоолын дагуу, хууль журмаа яс мөрдөөд хийчихэж яагаад чадахгүй байгаа хэрэг вэ. Оюу толгой, Таван толгойн гэрээг яаж хийхийг тус тусад нь гаргасан тогтоолоороо УИХ-аас заагаад өгсөн. Засгийн газрын дээрх нөхдүүд угаасаа бэлэн жор харж суугаад гадаадын компаниудтай гэрээний нөхцлүүдээ тохиролцох ёстой байлаа. Гэвч “найз”-ууд УИХ-ын тогтоолын эсрэг ажиллажээ. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг сөрж зогссоныг нь бодоход тэд маш их хэмжээний хожоо харж  хийснэээс зайлахгүй. Ер нь С.Эрдэнэ мэтийн шударга гишүүд тэднийг АТГ-т өгч шалгуулбал яасан юм бэ. Авлигын бүх хэв шинж нь тэрхүү гэрээ гэгчид нэвт шингээстэй байгаа юм биш үү. Үүгээрээ Засгийн газрын ажлын хэсгийнхэн “Хуулийг хэрэгжүүлэхгүй байж болдог юм” гэсэн буруу үлгэр дуурайллыг бий болгож орхилоо. Жирийн иргэд маань “Төрийн томчууд нь хууль зөрчдөг, бид яагаад болохгүй гэж” хэмээн улс төрчдөөс ам асууж байна. Тиймээс хоёр толгойн гэрээг хуурамчаар хийсэн эрхмүүдийг Авлигатай тэмцэх газраар нь шалгуулахаас өөр замгүй. “Толгой”-гүй, хийх ажилгүй болоод байгаа авлигатай тэмцэгчдийг адаглаад ийм ажилд дайчилж, хоногийн “хоолтой” байлгамаар байна шүү дээ. Цаашлаад Монголчууд авлигыг дээрээсээ эхлэн тас цохихоор шийдлээ гээд олон улсын тавцанд нэр хүнд маань өснө.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал   

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top