БНХАУ-ын Бээжин хотод наймдугаар сарын 25-нд болох “Тэнгэрээр нисэх шагнал” олон ангит киноны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд “Гаадаа Мээрин” кино нэр дэвшин оролцох болсон бөгөөд энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Анхням Монгол Улсаас анх удаа уригдан оролцох гэж байна. Манай жүжигчид өмнө нь Олон улсын фестивальд оролцож байсан болохоос жүжигчдийн зүгээс ийнхүү уригдан улаан хивсэн дээгүүр алхах болсон нь анх удаа гэнэ. Жүжигчин Р.Анхням хамгийн анх “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан бол түүнээс хойш “Сексийн эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр”, “Хайрын эрэлд” гээд олон кинонд тоглож байсан билээ. Тэгвэл “Гаадаа Мээрин” киногоороо БНХАУ-д танигдаж монгол жүжигчдийнхээ хувьд гадаад зах зээлд гарч дэлхийд танигдах анхны түүчээ нь болж байна. Уг наадам нь 28 жилийн турш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа ба улаан хивсний ёслол, шалгаруулалт гээд зохион байгуулалт, нэр хүндийн хувьд өндөр түвшинд болдог томоохон арга хэмжээ аж. “Гаадаа Мээрин” кино энэ жил ТВ-9 телевизээр цацагдаж, олны хүртээл болсон бөгөөд Хятадын кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Жүжигчин Р.Анхнямын хувьд “Гаадаа Мээрин” кино нь түүний Хятадад тоглосон гурав дахь уран бүтээл бөгөөд Гаадаа Мээриний эхнэр Муданы дүрд тогложээ. Энэ кинонд 1920-иод оны дунд үеэс 1939 он хүртэлх үйл явдал гардаг ба Өвөрмонголын Хорчин хошууны ард түмэн газар шороогоо хамгаалж үлдэхийн төлөөх тэмцлийг түүхэн баатар Гаадаа Мээрин, түүний эхнэр Мудан нарын амьдралаар дамжуулан харуулсан юм. Тус киноны зураг авалтыг Шилийн гол аймгийн Шулуун хөх сум, Хубилай хааны ордны туурь, Дан дуны Хорчины вангийн ордон, Шиньяны Мүгдэн хот зэрэг газруудаар хийжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )