Хятадууд манай нүүрсийг хямдралтай үнээр авдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Урд хөршийн хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж буй. Үүний нэг шалтгаан нь Хятадын төвийн бүс нутаг болон Шангси мужаас олборлох нүүрсний хэмжээ эрс багассантай холбоотой хэмээн шинжээчид үздэг. Учир нь тус бүс нутагт ажиллаж байгаа жижиг уурхайнуудыг  Хятадын  төр  хааж эхэлжээ. Үүнээс гадна тус улс нүүрсний  асар их нөөцтэй боловч коксжиж нүүрс багатай тул гадаадаас импортлох болов. Энэ үед Монголд нүүрсний асар их нөөц бүхий ордууд дуу дуугаа авалцан нээгдэж урд хөршөө коксжих нүүрсээр хангах нэг том экспортологч болон хувирч байна. Ийнхүү, нүүрс манай улсын эдийн засгийн орлогыг тодорхойлогчийн нэг боллоо. Жишээлбэл, өнөөдөр манай улсын нийт экспортын 32 хувиийг  нүүрс эзэлж зуун хувь урд хөршид нийлүүлэх болсон юм.

Энэ жил 25 сая тонн нүүрс экспортолно гэж тус салбарынхан ам бардам хэлж буй билээ. Мэргэжилтнүүд Монголын нүүрсний экспорт 2015 он гэхэд жилд 40-50 сая тоннд хүрнэ гэдэг. Тэгээд 2025 онд 90 сая тонныг экспортлох судалгаа бий.

Хэдийгээр нүүрсний олборлолт, экспорт нэмэгдэж байгаа ч үнэ ханш нь дэлхийн зах зээл дээрх үнээс хямд хэвээр байна. Хятадын зах зээл дээрх нүүрсний үнийн дунджаар тооцож манайх жишиг үнээ cap болгон гаргадаг. Энэ үнээр бол нэг тонн нүүрс 70-180 ам.доллар байгаа юм. Гэвч нүүрс экспортлогчид дээрх жишиг үнээр бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байна.

Монгол, Австралийн коксжих нүүрс чанар үзүүлэлтээрээ адил боловч үнийн зөрүү асар их. Тухайлбал, Хятад Улс Австралийн нэг тонн нүүрсийг Монголынхоос 2-3 дахин илүү үнээр худалдан авдаг аж. Жишээлбэл Хятадын Эрээн, Сэхээ, Ганц мод зэрэг боомтоор манай нэг тонн коксжих нүүрсийг чанараас нь шалтгаалж 590-790 юаниар худалдан авсан судалгаа бий. Харин Австралийн нүүрсийг Тяньжин боомтоор 1350-1730 юаниар худалдан авсан байна. Одоогийн байдлаар Шангси болон Өвөр Монголын Өөртөө 3а сах мужуудад нэг тонн нүүрсний дундаж үнэ 782 юань буюу 119 ам.доллар байна. Энэ үнэ цаашид өсөх хандлагтай хэмээн шинжээчид тодорхойлж буй юм. Гэвч манайхаас авч буй нэг тонн коксжих нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй нь. Учир нь Хятадын дотоодын зах зээл дээрх нүүрсний үнийн хэлбэлзэл манай экспортын үнэд нөлөөлдөггүй ажээ.

Хятад бол уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч. Зарим судлаачид дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг худалдан авдаг гэдэг. Өнгөрсөн онд зөвхөн нүүрс л гэхэд 166.2 сая тонныг импортолсон байна. Энэ нь тус улсын нүүрсний хэрэглээ 32 хувиар өссөнийг илтгэнэ. Зах зээлийн шинжээчдийн тооцоолсноор Хятад улс энэ онд 233 сая тонн нүүрс импортлох нь. Өнгөрсөн жилийн байдлаар тус улс гурван тэрбум тонн нүүрс хэрэглэжээ. Харин 2020 онд нүүрсний хэрэглээ нь 4.5 тэрбум тонн болох тооцоо гарлаа. Энэ үед тус улс жилд 800 сая тонн нүүрс импортлох шаардлагатай аж. Иймээс нүүрсний импортоо одооноос нэмэгдүүлэх, энэ чиглэлээр гадаадад хөрөнгө оруулалт хийх, зах зээлийн үнийг тогтвортой нам төвшинд барих бодлого баримталж байгаа аж.

Хятадтай нэг тонн нүүрсний суурь үнэ тогтоосон хэлэлцээр хийе

Монгол Улс өнгөрсөн онд 17 сая тонн нүүрс урд хөршид экспортолсон. Энэ нь тус улсын нүүрсний импортын 10 хувийг эзэлж байна. Судлаачдын мөнгөн дүнгээр тооцохоор Монгол Улс 867.1 сая ам.долларын үнэтэй нүүрс нийлүүлжээ. Ингээд манай нэг тонн нүүрсний дундаж үнэ 53 орчим ам.доллар болж буй юм. 2011 он гарснаас хойш эхний гурван сард урд хөршид гурван сая 216 мянга гаруй тонн коксжих нүүрс экспор-толжээ. Нэг тонн нүүрсний дундаж үнэ нь 95-104 ам.доллар байж. Одоогийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор урд хөршийг зорьж буй нэг тонн коксжих нүүрс 38-91 ам.долларын үнэтэй байна. Хятад,Индонези, Автсрали, Орос, Монгол Улсаас нүүрс импортолдог.

Гэтэл нэг тонн нүүрс хамгийн хямд үнээр нийлүүлж буй нь Монгол л юм. Тухайлбал Хятадын дотоодын зах зээл дээр эрчим хүчний нэг тонн нүүрс 83-166 ам.долларын үнэтэй байгаа. Гэтэл манайхаас авч буй нэг тонн нүүрс дөнгөж 53-90 орчим ам.долларын үнэтэй байгаа ажээ. Манай нүүрсний үнэ яагаад ийм хямд байгаа нь хэд хэдэн шалтгаантай хэмээн АМГ-ын Нүүрс судалгааны хэлтэсийнхэн тодорхойлов. Жишээ нь, Засгийн газар нүүрсний үнийг барьж буй тул манай нүүрсний ихэнх уурхай зөвхөн зардлаа нөхөх төдийд л ажиллаж байна. Иймээс өрсөлдөх чадваргүй болж Хятадын компаниудын арга мэхэнд орж буйтай холбоотой гэнэ.

Иймд дотоодыэ зах зээлиин нүүрсний үнийг чөлөөлж зах зээлийн горимоор нь ажиллуулах цаг нь иржээ. Бас нэг хүчин зүйл нь Хятадын засаг захиргааны байгууллагууд нь Монголоос аль болох хямд үнээр нүүрс авах бодлого явуулж буй аж. Тэгээд Монголоос нүүрс худалдан авч буй компанийг цөөхөн байлгаж нэгдсэн зохион байгуулалтад оруулаад үнэ хөөргөхгүй байх арга хэмжээ авдаг байна. Үүнээс гадна монголчууд хятадын цахилгаан станц, төмөр, гангийн үйлдвэрүүд болон биржтэй холбоо тогтоож хамтран ажиллахгүй байгаа тул нүүрсний үнэ хямд байх нэг шалтгаан болж байна. Өөрөер хэлбэл, зуучлагчаар дамжуулах нь нэг тонн нүүрсний үнийг өсөхгүй байгаа ажээ.

Манай улсад одоогийн байдлаар нүүрс экспортолдог таван том компани бий. Тэд Хятадын талд нүүрс нийлүүлэх гэрээ хийхдээ хоорондоо өрселдөж үнэ ханшаа унагадаг аж. Иймээс манай улсад нүүрсний талаар баримтлах тодорхой бодлого чиглэл үгүйлэгдэж байна. Мэргэжилтнүүд Монгол Хятадын Засгийн газар хооронд нүүрсний салбарт хамтран ажиллах хэлэлцээр шинээр хийх ёстой хэмээн үзэж   буй юм.

Ингээд нүүрний суурь үнийг тогтоосон гэрээ байгуулж нүүрс импортолж буй хилийн боомт, томоохон хот мужуудад нүүрсний үнэ зохицуулж хянаж байх ёстой ажээ.

Эх сурвалж: “Ардчилал” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top