ДОХ өвчин монголчуудыг сүйрүүлж мэдэхээр болоод байна. Сүүлийн жилүүдэд энэ өвчний халдвар авсан хүний тоо 95-д хүрсэн. Бэлгийн замын халдварт бусад өвчлөл ч өсөх хандлагатай болоод байгаа. ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй хэдий ч эдгээр үзүүлэлтээс харахад үр дүн нь чамлагдахаар байгаа юм. Л.Гүндалай гишүүн бэлгэвч тарааж нэг хэсэг шоудсаныг эс тооцвол бодитой ажил тун бага гэмээр. Гэхдээ Ламбаа сайдыг энд бас үгүйсгэж боломгүй. Тэрээр олон улсын санхүүжүүлэгчдээс ДОХ-ын эсрэг үндэсний хөтөлбөрийн гол ажлууддаа дэмжлэг авч байгаа гэсэн. Харин тэрхүү гадаадын санхүүжилт ойрноос хүндрэх төлөв ажиглагдах боллоо хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Дэлхийн хэмжээнд ДОХ-ын эсрэг үйл ажиллагааны хамгийн том санхүүжүүлэгч нь Герман улс байжээ. ДОХ хэмээх тахалтай тэмцэх Дэлхийн санд Германчууд саяхан олон сая еврогийн хөрөнгө оруулалтаа зогсоохоор болсон байна. Ингэх болсон гол шалтгааныг тус улсын Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нибель тайлбарлахдаа “Дэлхийн сангийн удирдлагууд хээл хахуулийн хэрэгт орооцолдсонтой холбоотой” гэлээ. Герман улс “ДОХ”ын эсрэг Дэлхийн санд жилд 200 сая еврогийн хөрөнгө оруулалт хийдэг байсан байна. ДОХ-той тэмцэх төслийн ажлын санхүүжилтийн нэлээд хэсгийг залгидаг Африкийн зарим оронд ч бас хээл хахуулийн сүлжээ үүсээд байгаа нь ийнхүү Германчууд хөрөнгө оруулалтаа татахаас аргагүйд хүргэжээ. Тэгвэл манай орны хувьд ДОХ-ын санхүүжилтийг дотоодын хөрөнгө оруулалтаар бараг хийдэггүй. Ихэнхийг нь гадаадаас буюу ДОХ-той тэмцэх Дэлхийн сангаас хүртдэг. Иймээс цаашдаа манайд оногдох мөнгөний хэмжээ зохих хувиар буурах бололтой. Энэ аймшигт тахлын эсрэг улсын төсвөөс их бага хэмжээгээр мөнгө зарцуулахаас аргагүй болж байх шиг байна. Мөн дээрх авилгын сүлжээ шиг үзэгдэл манайд хэр зэрэг байгааг судалж үзсэн байгууллага алга. Мөнгө гаднаас орж ирж л байсан, дууссан л гэдэг байжээ. Үүнийг манай хяналт шалгалтынхан нягтлахад илүүдэхгүй болов уу.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )