ХБНГУ-ын Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэг 2007 оноос манай улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус байгууллага энэ жил Монголын найман аймгийн 12 суманд 60-аад эмч хоёр ээлжээр 9500 гаруй хүнд шүдний үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Эхний ээлжийн үзлэгт Төв аймгийнхан хамрагдсан бол хоёрдугаар ээлжийн эмчилгээ үйлчилгээ энэ сарын 15-наас Хөвсгөл, Сүхбаатар аймгийн иргэдэд хүрнэ. Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэгийн ахлах эмч Габрила Робокита Рау “Монголчууд шүдээ буруу арчилдаг. Тэр тусмаа бага насныхны дунд шүд хорхойтох явдал их байдаг” хэмээн онцолсон. Тэрбээр эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон ЭМЯ үүнд даруй анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байлаа. Тус нийгэмлэгийнхэн өнгөрсөн жил манай улсын зургаан аймагт явуулын шүдний иж бүрэн 14 эмнэлэг байгуулж, таван аймгийн 14 суманд 45 эмч гурван ээлжээр ажиллаж, 6300 гаруй хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлжээ. Энэхүү багт Герман, Европын улсаас ирсэн шүдний нарийн мэргэжлийн эмч нар багтаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )