Сүүлийн үед амар жимэр, аядуу байсан рок, попынхны нэр хүнд халтартах боллоо. Бохир амьтантай зүйрлэгдэн, хүний зэвүү, дургүйг зэрэг хүргэх Нара л гэнэ, хүүхнээс болж тархиа хаг цохиулсан Мээдээ л гэнэ. Дагваа аваргатай LV брэндийн дэлгүүрийг түйвээж, энэ насандаа энгэртээ нааж үзээгүй, эрээн мяраан хувцас сэлтийг элгэндээ тас тэврээстэй гүрийсэн Марта л гэнэ. Ихэрхэх үнэ, эдийн сайнаа гайхуулах дуртай брэндэд тэр тун хайртайгаа харуулж. Хавьтаж үзээгүй үнэтэй зүйлс хайран санагдаад л зууралдсан болов уу. Ямар бариад үлдэх юм биш, Аваргын нэр төр хажууд нь хямдхан байж дээ. Энэ явдлын дараа Марта гэх энэ бүсгүй элдэв хоёроор хэлэгдэж, эгээтэй “мэргэжлийн биеэ үнэлэгч”, “ичих нүүргүй шуналтан”, “аваргын хийморь сүлдийг сүйтгэгч” болж хувираад байх шиг. Магадгүй, сөргөөр ч болов сөхөгдөж, “одонцор” болох нь түүнд таалагддаг ч юм билүү. Үерхэж байсан залуугийнхаа дотны хоёр найзтай “учир ургуулж” байгаад баригдсан л гэнэ. Үйл, үйлдлийг нь мэдсэн найзууд, “Гурван найзын дунд жонглёрддог байна ш дээ” хэмээн халагласан аж. Хачин юм шүү, дотно гурван найзаар “жонглёрдоно” гэдэг. Мөн мөсгүй сэтгэл, сэрэхүй еэ. Тэр бүсгүй 1988 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн болохоор Марта нэрийг болгоожээ.
Ийнхүү шинэ тутам гарч ирж байгаа хөөрхөн, сайхан охин, өсөх ирээдүйтэй дуучин гээд л хөөргөөд байдаг. Эцэстээ энэ “дууч эмс”-д жинхэнэ дуучин болж, авьяас чадлаараа, алдар хүндтэй дуучин болъё гэсэн чин хүсэл байдаг ч юмуу. Юу юугүй л нүцгэлээд, нүүр амаа татуулаад, нүд шүдээ л янзлаад байхаас. Нуугитал шуранхай хадаагаад, цангинатал дуулаад байгаа нь хаа вэ. Угтаа ямар ч дуучин анх гарч ирэхдээ мундаг байдаггүй. Бүгд л доод түвшинд байж, хичээсний эцэст алгуур өөдөлдөг. Өөрсдийн хөдөлмөр, идэвх зүтгэлээр гарч ирж, өөрийн уран бүтээлийг зөв сурталчилж, зөв залж байж амжилтанд хүрдэг. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ болоод байх шиг. Од л болж байвал буруу зөвгүй завхарч, сайн муугүй хэлүүлж, бүр сүүлдээ залхааж, зүхүүлэх ч юу ч биш болоод байна уу даа. Жаяг, замбараагаа алдахгүй байхсан даа.
Д.Сэндэр.
Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )