Рагчаагийн Батжаргал
1946 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт “Дэрсэнэ бууц” гэдэг газар төрсөн. 1970 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсжээ. Далаад оноос уран бүтээлийн ажлаа эхэлж, “Өвөөгийн эрдэм”, “Хүслийн өргөл”, “Шүлгэн эрхи”, “Араншингийн салхи” яруу найргийн номууд хэвлүүлсэн байна.
Цээжний анир
Салхин бүүвлээр хөөцөлдсөн насны гэнэн чөлөөнд
Саваагүй жаргалд хутгалдан сарны манан сарниаж
Сайхан чиний гэгээн ахуйд бурхдын дүр үзэгддэг ээ
Зүүдний цагаан оромжинд хоргодон хоргодсоор
Зүггүй алаг нүдний чинь хуар гэрэлтэхэд
Зүс элээх цагийн хөсгийг эс анзаардаг аа
Зуун жилийг гэтлэх биш дээ гэх учигхан
Зурсхийх цээжний минь анирыг хөндөхөд
Зуны цэнгэл тэгшлэн богинохон нас минь жаргадаг аа
Өөрийн ертөнц
Эрх салгай балчиртаа бодол хөөрүү дэрвэж дээ
Энгэр задгай насандаа босоо ороолон шиг дарвиж дээ
Эндэл цалгай баширтаа болчим овилго хашиж дээ
Атаархалд хэмлүүлэвч би айван тайван алхдаг аа
Ачтай ээжийнхээ сэтгэлийг тэнүүн цэлмэг байлгах
Аз жаргал минь наддаа мөнхийн усыг орлодог оо
Сарны цагаан асгал ятгын эгшгээр бөмбөрөөд
Санааны учиг зангирахад хүний моринд дөрөөлдөггүй
Салаа замын бэлчирт өөрийнхөө ертөнцийг туулдаг аа
* * *
Эзэнгүй гуниг намрын зүсээр өрцөнд унаж
Элрэх цагийн хөсөг жин жин холдоно
Эрмэг цагаан бодол хаш орчлонг аргадна
Эр бор харцага тэнгэрийн хээл сүвлэн омогшиж
Эрдэнэт хүмүүний хүсэлд зоригийн галаар шургана
Энэхэн насны заяа тавилан гэж дуу алдана
Үйл эсгэх бодлын хээ амгаланаа бидэрлэнэ
Үлэмжийн орчлонд билэг сэрмүүн аж төрөхүйеэ
Үргэлжийн халуун бах цээж цогнож зүггүйтнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )