Монгол ёс: Монголоо алдмар

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

Zindaa.mn сайт бямба гараг бүр монгол түмнийхээ олон зуун жилийн ёс заншлаас уншигч танд тогтмол хүргэж байгаа билээ. Ардынхаа зан үйлийг хойч үе, залуучууддаа сорчлон шилж өвлүүлэхэд бид өнөө үед онцгойлон анхаарах шаардлагатай болж байна. Шинэчлэл, даяарчлал гэдэг нэрээр туйлшран, хүнийг хүндлэх, дээдлэх, амьдралыг гэгээн сайхнаар харах явдал улам бүр хомсодсоор байгаа энэ цагаан зайг нөхөхөд манай нийтлэл зориулагдах болно.

Монгол ёс гэгч бидний өв соёл, үнэт баялаг, аман билэг, ариун заншил юм. Монгол ёсоо сүлд болгон тахиж, монгол удмынхаа үр садад захиж явах нь ялангуяа, аав ээж, ер хэний ч болов амин зүрх, ариун сэтгэлийн дуудлага, даллага байх учиртайг мэргэн уншигч та болгоох буй за.

 

Монголоо алдмар

Энэ үгийг монгол ёс журмаа тоодоггүй, хэнэггүйчүүдэд зориулж эцэг дээдэс минь хэлжээ. Бидний үед алдмарууд улам л нэмэгдэх болсонд эмзэглэгсэд цөөнгүй бололтой. Монгол хүн монголоороо байх шиг эрхэм зүйл үгүй. Тэгж гэмээ нь энэ улс үндэстэн удаанаар оршин тогтнож, уугуул суугуул нутагтаа эзэн нь байх учиртай. "Монголоо алдмар"-уудын тухай баримт дээр тулгуурлан шүүмжилж хэдэн зүйлийг бичье гэж бодлоо. Өвдөг цоорхой өмдөөр "гоёдог" болсон "ганган" охид, хөвгүүд зун, намар хотын гудамжаар олширдог болжээ. Үүнийгээ тэд энэ цагийн моод гэж ойлгож явдаг бололтой. Энэ яавч монгол төрх биш. Өвдөг, гуяа гялалзуулж явна гэдэг өөрийгөө доромжилж, өрөөлийн дургүйг хүргэж буй хэрэг юм. Монголчуудын цээр гэдэг нэгэн ёс нь гаж буруу хувцаслалт.

Гудамжинд ч, албан тасалгаандаа ч хад уул нурмаар, аяга шааззн хагармаар солио галзуу туссан мэт чанга инээлдэх нь  ясанд хадмаар. Монгол хүн хэзээ тэгж тэнэг муухай орилж бахирдаггүй. Тийм хүнийг албин чөтгөр лугаа зүйрлэдэг. "Муу хүний дуу их, марал илжигний нөгөө "юу" их" гэдэг биз дээ. УИХ-ын танхимаас "Балай авгай минь, чи битгий солиор!" гэсэн үг энэ хавар сонсогдоход харуусан халаглаж, монгол түмнээ  сонсогч олноо доромжилсон тэр эрхэм гишүүнийг өрөвдөж билээ. Үгээр толхилцож, үзлээр түлхэлцдэг  ийм явдал тэр эрхэм танхимд үе үе  болдог нь монгол төрийн түшээдийн оюуны сөв, сав хоёр ядуугийнх юм даа, хөөрхий. Жар, дал гарсан настнуудынхаа улаан нүүрэн дээр үнсэлцээд, тэгж л байх ёстой юм шиг жишим ч үгүй эрх муур шиг ноололдож явдаг залуусыг хараад духны хөлс чийхарч, харц далдирах юм. Энэ бол монгол ёсоо улан дороо гишгэж, эрээ цээрээ алдсан явдал. Тэд үүнийгээ эрх чөлөө, өнөөгийн боловсон ёс гэж үздэг бололтой. Ахмадаа, аав ээжийгээ хүндэлдэг Монголын ариун заншил ийнхүү зулран холдсоор. "Ална шүү, пя...минь " гэсэн үгийг өдөрт хичнээн хүн, хичнээн удаа хэлдэг болов оо! Чихний чийр ийм үгнээс залхаж гүйцэх бололтой. Далыг   шүдээрээ зулгаах, ясыг нохойноос доор "мөлжөөд" орхих, хоол цайныхаа шавхрууг аягандаа орхиод, аяга тавгаа угаалгүй тэр чигээр нь хонуут үлдээх явдал, ялангуяа, хот газар цөөн биш ажиглагдах болсныг ахмад хүмүүс халаглан ярьж байхтай олон тааралдах боллоо. Хүний мэндэнд хариу өгч мэдэхгүй, өөр тийшээ харж хариулсан болчихоод, их сайндаа л "хэзээ ирэв, хэзээ буцахав" гэсхийгээд таг болох юм. Зүй нь хэлэлцэгч хүнийхээ бие лагшин, алба ажил, өвөлжөө хаваржааг асуух учиртай. Хот газрын залуус дээр бол энэ үнэхээр гол харлаж, санаа зовмоор харагддаг болжээ. Монголчууд шиг  өргөн  дэлгэр,   ухаалаг,   сайхан мэндтэй ард түмэн дэлхийд байхгүй. Гэтэл өнөө үед тэр сайхан мэндчилгээ  ядууран  доройтож, хусран ширгэсээр байна. Үр хойч, залуу үе минь чи бол энэ Монголын буян заяаг дааж, буурал дээдсийнхээ буман үеийн ёс заншлыг дагаж явах ухаантай ардын үр сад юм шүү. Авах, гээхийн ухаанаар уламжлалт ёс заншилдаа ухаалаг сайхан хандаж, "монголоо алдахгүй", монгол төрх, жудагтай явбал дэлгэр Монгол чинь бүү хэл, дэлхий чамд баярлах болно.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top