“Монгол газар”-ын Мянганбаяр Архангай дахь компаниа хаалгаж, торгууль хүлээв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15


“Урт” нэртэй хуулийг хэрэгжүүлдэггүй уул уурхайн компани олон байгаа ажээ. Алт олборлосон компаниудын ихэнх нь нөхөн сэргээлт хийлгүй талбайгаа орхиж явсан, эсвэл бусдад шилжүүлсэн байдаг гэнэ. Олон улсын арбитрын шүүхээр орж төлбөрөө төлөхөөр болсон “Алтан дорнод монгол” компани гэхэд л Архангай аймгийн хэд хэдэн сумын нутагт алт олборлоод хаяж явсан байна. Мөн “Монгол газар” компани ч ийм бусармаг үйлдэл хийсэн гэнэ. Саяхан Улсын мэргэжлийн хяналтын газраас Архангай аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуйн нэгжийн 40-өөд газарт үзлэг шалгалт хийхэд нэлээд хэсэг нь нөхөн сэргээлт хийлгүй орхисон байв. Тус аймгийн Харгуйт, Будант, Өлзийт тээл, Их тээлийн голын усыг шинжилж үзэхэд их хэмжээгээр бохирдсон нь тогтоогджээ. Байдал ийм эмгэнэлтэй болчихоод байхад аймаг, сумын удирдлагууд нь ямар нэг тодорхой арга хэмжээ аваагүй байгаа нь анхаарал татаж байна. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” компаниуд нь нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж, 100 сая төгрөгийн төлбөр авсан тохиолдол ч гарчээ. Иймээс мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар тэнд ажиллаж байгаа “Алтан дорнод монгол” болон “Монгол газар” зэрэг компаниудын үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн байна. Мөн алт угаах төхөөрөмжүүдийг нь хураан авч, аж ахуйн нэгж тус бүрд 35 сая төгрөгийн төлбөр оногдуулжээ. Үүнд “Монгол газар” компаний захирал Мянганбаяр их л бухимдуу яваа сурагтай.   

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top