Өнөөгийн улс төрчид хурдан морь, алт мөнгөн эдлэл, үнэтэй хаус, машин, цаг гээд эдэлж хэрэглэж буй тансаг бүхнээрээ гайхуулдаг болжээ. Хэдэн жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан талийгаач Ш.Отгонбилэг мориныхоо алтан эмээлийг ард түмэндээ гайхуулж байсан гэдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгчдийн нэг жалханз хутагт Жамсранжав агсаны хөөргийг гэртээ залчихсан сууж байна. Мөн мань эр Богд хаантаны эхнэр Догдогдуламын барьж байсан хөөргийг ч хувийн эзэмшилдээ авчээ. Түүхийн ховор эд өлгийн зүйлсийг хувь хүн ийнхүү эзэмших болсонд зарим нь эргэлзэхэд хүрч байна. Түүхийн музейн сан хөмрөгүүдээс олон зуун үнэт эдлэл хулгайд алдагдсан. Тэдгээрийг одоо интерполын шугамаар эрэн сурвалжилж байгаа. Гэтэл О.Чулуунбат гишүүн дээрх эдлэлүүдийг хувьдаа хадгалж буй нь нэг талаар зөв мэт боловч чухам ямар замаар гартаа оруулж авсан нь сонирхол татаж байна. Түүний адил Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар бас маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан гал тогооны цэвэр мөнгөн эдлэлүүдийг өөрийн болгоод авчихжээ. Уг нь эдгээр эдлэлүүд Их тэнгэрийн аман дахь Х.Чойбалсангийн ажиллаж амьдарч байсан байранд байсан юм гэнэ. Маршал Х.Чойбалсан манай улсын түүхэнд сайнаар ч, саараар ч бичигддэг нэгэн хэдий ч эх орноо өнөөгийн хэдэн улс төрчид шиг худалдаж яваагүй гэдэг. Ямартай ч энэ хүний хэрэглэж байсан зүйлс түүхийн ховор зүйлд тооцогдох учиртай болов уу. Д.Сугар хэнээс, яаж тэдгээр эдлэлийг олж авснаа хэлсэнгүй. Хардсан нэг нь аягүй бол “Цаадах чинь төрийн өмч болох тэрхүү ховор зүйлсийг хусчихсан юм биш биз” гэх байх. Юутай ч түүний гэрийг чимж буй Х.Чойбалсангийн мөнгөн эдлэлүүд хүмүүсийн сонирхлыг татаж байгаа ажээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )