Монголын баячууд үнэндээ Арабын шейхууд шиг амьдрах болов. Машин нь гэхэд тоглоомны цуглуулга шиг болжээ. Тэдний хувьд Ланд моодноос гарч аймгийн наадам, байгууллагын шинэ жил, хурим зэрэгт өгдөг бэлэг төдийхөн болов. Хувьдаа машины цуглуулгатай гэгддэг “Мон-Уран”-ы Б.Наранхүү хэдхэн хоногийн өмнө “Boeing 747” онгоцны ачааны хэсэгт ачигдан ирсэн дөрвөн ширхэг “Rolls Royce” машинуудаа тосч авчээ. Эдгээр машинууд хамгийн үнэтэйд тооцогддог агаад хамгийн багадаа нэг нь 300-400 сая төгрөг, харин шинэ нь 500 мянган еврогоор зарагддаг аж. Уг машиныг захиалгаар тоноглуулсан тохиолдолд сая долларт хүрдэг гэх. “Rolls Royce Ghost, “Rolls Royce Phantom Coure 2, Rolls Royce Phantom”. Бүгд 2011 оны загварууд бөгөөд дөрвөн тэрбумын үнэтэй дөрвөн машиныхаа дотор талд Б.Наранхүү өөрийнхөө нэрийг алтаар бичүүлсэн байна. Түүний бизнесийн түүхийн талаар таагүй мэдээллүүд байнга гардаг ч наадмын үеэр хурдан морьдынх нь амжилт, толгой эргэм өндөр дүнтэй наймааных нь шуугианд эрхгүй дарагддаг. Хурдан морийг 800 саяар худалдан авч, аймгийнхаа наадамд зургаан Ланд-200 хаяж байгууллагынхаа шинэ жилээр найман менежерээ тус бүр Ланд-200-аар шагнадаг Б.Наранхүүг гурван жилийн өмнө Олимпын аваргуудад амласан сая доллараа хэзээ өгөх бол хэмээн харж байгаа хүн цөөнгүй байгаа. Хүсэн хүлээж байсан Олимпын наадмаас алтан медаль өвөртлөн ирсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт Монголчууд магнай хагартал баярлан байдгаа амлаж тэднийг огцом зуур “гэнэт баяжигсад” болгосон билээ. “Мон-Уран”-ны Б.Наранхүү хоёр аваргад нэг нэг сая долларыг өөрийн “Дүнжингарав” худалдааны төв дээр өгнө хэмээгээд бэлгийнхээ арван хувийг ямартай ч өгсөн. Гавьяат Д.Мөнхбаяр шиг гадныханд тамирчдаа алдчихгүй гэсэндээ 2012 он хүртэл хугаслан өгнө хэмээхэд нь энэ чинь л бизнесмен хүний ухаан шүү дээ хэмээн түүнийг сайшаасан хүн олон. Харин үлдсэнийг нь Лондонгийн олимп болтол увуулж цувуулж өгнө гэсэн хэдий ч өнөөх “чөдөр” одоо болтол алга. 2012 оны сонгуулийн ажилдаа бэлдээд аймаг сумын наадмын хурдан морьдыг "Ланд-200"-аар байлж яваа түүнд аваргуудад амласан мөнгө юу ч биш л баймаар юм. Энэ цагийн ёндоотой эрчүүдийн нэг болоод байгаа Б.Наранхүү амласан сая доллараа аваргуудад өгчихвөл спортын түүхэнд анхны олимпын аваргуудад амласан шигээ өгч чадсан аатай эр хэмээн өөрийн нэрийг машин дээр биш түүхэнд алтаар сийлүүлэх биз ээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 2 )
Za tegeed siiluulsen baigaa zurgiig n xaryaldaa B.Erdene setguulch guai barimttai yum yrj bai l daa xiix yumaa olj yadxiimaa