Туул голд минж нутагшуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай худалдааны үеэр Туул голын эхэнд минж нутагшуулж голын урсгалыг нэмэгдүүлэх гэж байгаагаа мэдэгдэв. Энэ нь анх удаа хийгдэж байгаа цоо шинэ ажил биш бөгөөд 1973 онд Туул голд минж нутагшуулж байсан туршлага байгаа юм байна. Хотын дарга тэдгээр эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх гэж буйгаа онцолжээ. Хот дундуурх томоохон голуудыг сэргээх бодлогын ажлууд эхнээсээ биеллээ олж буйн жишээ нь Сэлбэ гол гэдгийг мөн дурдав. Залуучуудын байгууллагын оролцоотойгоор Сэлбэ голын урсгалыг нэмэгдүүлэх ажил эхлээд байгаа бөгөөд уг ажлын хүрээнд Сэлбэ голыг сэргээх, урсгалыг нэмэгдүүлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Нийт таван тэрбум 600 сая төгрөг зарцуулахаас энэ жил хоёр тэрбум орчмыг нь зарцуулж 100 айл орчмын гүүрээс Арслантай гүүр хүртэл тохижуулах ажлын бэлтгэл хийгджээ. Эхний ээлжинд Сэлбэ голын эрэг дагуу тохижуулж, дараа нь хөрсний усыг нэмэгдүүлэх ажлыг хийх юм байна. Хөрсний усыг нэмэгдүүлснээр Сэлбэ голын урсац нэмэгдэж иргэдийн амарч зугаалах тохитой орчинг бүрдүүлж, урсгалыг нь нэмэгдүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top