“Төрийн мэдээлэл” эмхтгэл шинээр гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Эмхтгэлийн шинэ дугаарт Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Тус тогтоолд цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдох үед хэрэглэх аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх доод хэмжээг баталсан байна. Мөн Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг малчид, мал бүхий иргэдийн хүчийг нэгтгэж төлөвлөгөө гарган зохион байгуулах. Нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлага, ажилтнуудыг хуваарийн дагуу ажиллуулж биелэлтийн явцыг дүгнэж байхаар болжээ. Ийнхүү аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, явцад нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. Түүнчлэн мал сүргийн зун, намрын отрыг сайтар зохион байгуулж, тарга хүч авахуулах, улсын хэмжээнд хээлтүүлэгч малын хүрэлцээ хангалтгүй байгааг харгалзан хээлтүүлэгч нөхөн тавих, худалдан авах ажлыг зохион байгуулан өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн болон эрлийз малд зохиомол хээлтүүлэг хийх арга хэмжээ авахыг ч үүрэг болгосон байна.

Мөн аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг баталсан байна. Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гурван талт гэрээ”-ний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Үндэсний Хорооны ажлын албыг Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Мөн Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай Засгийн газрын тогтоол зэргийг энэ удаад “Төрийн мэдээлэл”-ээс авах боломжтой .

Б.Анар

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top