Дэлхийн Эдийн Засгийн Форумын нэр нөлөө бүхий 40 орчим Залуу Глобал Удирдагч нар дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэд ирэх сард болох Монголын Эдийн Засгийн Форум, Залуу Глобал Удирдагчдын Форумтай хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia” арга хэмжээнд оролцох юм.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дэлхийн Залуу Глобал Удирдагчид Монгол улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төр болон аж ахуйтай танилцан, уул уурхайн хөгжил дэвшилтэй уялдуулж шинээр нээгдэж буй боломжуудыг судлах, мэдлэг туршлагаа хуваалцах юм.
Мөн Залуу Глобал Удирдагчдыг Монгол дахь салбар нэгт мэргэжилтнүүдтэй уулзуулж танилцуулан, цаашдын хамтын ажиллагааг нээж өгөхөд энэхүү арга хэмжээний зорилго оршино. Энэхүү нэр хүнд бүхий томоохон арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний Сайд Д.Зоригт, Сангийн дэд Сайд Ч.Ганхуяг нар маргааш найм дугаар сарын-19-ны өдөр “Монгол ньюс”-ын байранд 12 цагаас хэвлэлийн бага хурал хийх юм. УИХ-ын гишүүн С.Оюун, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, ЭБЭХ сайд Д.Зоригт нар Монгол Улсыг төлөөлөн Дэлхийн Эдийн Засгийн Форумын Залуу Глобал Удирдагчдаар ажилладаг аж.
Б.Анар
ZSindaa.mn-Үндэсний чөлөөт мжджжллийн портал
Сэтгэгдэл ( 0 )