Хятад руу ашигт малтмалын томоохон орд газруудаас тээвэрлэлт хийж буй автомашины замууд Монголын байгаль экологт томоохон хохирол учруулж байна. Дорнодын Матад сумаас, Өмнөговь аймгаас, Сүхбаатар аймгийн Сухбаатар сумаас нефть, төмрийн хүдэр, нүүрсний тээвэр хийж байгаа. Эдгээрийн улмаас автомашины маш олон салаа зам гаргасныг тоолж тогтоосон нь ховор бололтой. Гэхдээ манай улсын мэргэжлийн хяналтын газрынхан энэ чиглэлээр хяналт тавьж, өнгөрөгч хавраас эхлэн тээвэрлэлтийг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авч байв. Тухайлбал Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тос олборлож байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тээвэрлэлтийг зогсоосон юм. Ийм шийдвэрийг Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батбаатар, Хяналт шалгалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч С.Батболд, авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсайхан, Н.Баяраа нарын хяналт шалгатын ажлын дүгнэлтээр тийнхүү зогсоож байжээ. Тамсагаас Хятадын хил хүртэлх 200 гаруй км газрын “түмэн” зам дагуу байгаль экологи хэрхэн сүйтгэж байгааг тэнд очиж харсан хүн л ойлгох биз. Жинхэнэ тамын ертөнц тэнд л бий болж байна. Нефть ачсан хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын ихэнх нь ямар нэг зөрчилтэй. Мөн тээвэрлэлт хийх зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, жолооч цөөнгүй байжээ. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүүгийн шийдвэрээр саяхан Тамсагт хяналт шалгалт хийсэн тэдгээр ажилтнуудын улсын байцаагчийн эрх үүргийг хассан гэнэ. Хятадын нефть олборлогч, тээвэрлэгч компанийн зөрчлийг илчилж, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл шаардлага тавьж ажилласных нь “шагнал” юм болов уу даа. Дээрх ажилтнууд иймэрхүү л төсөөлөлтэй, Р.Содхүү даргад нэлээд эргэлзэж, гайхширсан янзтай яваа ажээ. Тэгэхээр Р.Содхүү даргын энэ үйлдлийг дарамт гэж ойлгох уу, эсвэл “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хууль бус үйл ажиллагааны ард түүний бизнес яваад байна уу. Ер нь хууль дүрмийн дагуу ажлаа хийж байгаа, тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ажилд дарга сэтэртэй олигархиуд л гай болдог гэдэг нь Р.Содхүү даргын энэ үйлдлээс тодорхой харагдаж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )