УИХ-ын гишүүн С.Бямбацогт хээрийн боохойтой тэмцэхээр сэтгэл шулууджээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж, амрангаа тойргийнхоо сонгогчдын үгийг сонсоход иргэд Алтай нутагт чоно элбэгшсэн талаар гомдоллосон юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар С.Бямбацогт гишүүн “Чоныг устгаж тоо толгойг нь бууруулах тал дээр малчид санаачилга гаргах хэрэгтэй. Үүнийг төр засгаас ч гэсэн дэмжих ёстой” гэсэн хариулт өгч, чоно авлах ажилд ханцуй шамлан орохыг уриалсан аж. Эрхэм гишүүн өөрөө ч энэ ажилд идэвхийлэн орох гэнэ. Гэхдээ ганцаараа бус, журмын нөхдийнхөө анхаарлыг ч бас хандуулахаар хичээж байгаа бололтой. Тэд ч үүнийг нь дуртай зөвшөөрч, санаа тавих биз ээ. Учир нь манай улс төрчид нисдэг тэрэг хөлөглөн ан хийх ихээхэн дуртай шүү дээ. Хэдэн жилийн өмнө гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Батаа “МИ-8” нисдэг тэргээр үнэг хөөж яваад осолдсон хэрэг гарч байсан. Иймээс эрхэм гишүүн чоно устгах ажилд болгоомжтой хандаж, нисдэг тэрэг бага хөлөглөөсэй гэж хүсэх л үлдлээ. Эс тэгвээс онцгойгийн хэдэн нисдэг тэргээ чоно устгах нэрийдлээр осолдуулж дуусгахыг үгүйсгэх аргагүй юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )