Монголын банкны систем бараг бүхэлдээ гараадынханы мэдэлд орж байна. Монгол банкнаас бусад арилжааны банкуудыг ихэнхдээ харийнхан толгойлж байгаа. Монгол толгой тэнд бараг алга. Гадаадын гөлөг байсан ч хөөрхөн харагддаг үе хэвээрээ ажээ. Уул шугамандаа манайх чинь зах зээлийн шинэ нийгмийн харилцаанд ороод 20 гаруй жил болсон. Гэтэл социализмын үеийн өөрийнхөө хүмүүсийг үл тоож, гадныханд сөгдөн мөргөдөг “заншил”-аа гээсэнгүй. “Хөгжлийн банк” нэртэй төрийн банкыг байгуулж, удирдах бүрэлдэхүүнд нь Солонгосчуудыг оруулснаас үүнийг баттай харж болно. Өчигдөр үүнийгээ тунхаглан зарлав. Солонгосчууд Монголын мөнгөний гүйлгээг хянах гол цэг нь энэ банк боллоо. Тэд бидэнд хөгжил авчрах юм гэнэ. Нөгөө л хүний гар харан тэнийж хэвтдэг монгол зангаар банк санхүүгээ тэдэнд даатгаж байна, манай эрхмүүд. Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирал нь хүртэл солонгос хүн байхдаа ч яахав дээ. Монголчууд ийм хэмжээний ажил хийж чадахгүй гэж үү. Хаана байна, өнөөх гудамжаар дүүрэн санхүү, банкны мэргэжилтнүүд. Тэдний дундаас арай дөнгүүр нь олдох л байсан байх. Тэгээд болоогүй ээ, тэд Монголоос цалинжихгүй юм байна. Үнэгүй юманд нугасгүй гээд үхэн хатан гүйлддэг монгол занг тэд маш сайн мэддэг болохоор ийнхүү нигүүлсэнгүй аашилсан болов уу. Гэтэл цалингүй ажилтан юу хийх, юу хариуцах вэ. Уулын мухарт намаржиж буй захын нэг ядарсан малчин ч гэсэн цалин хөлсгүйгээр туслах малчин ажиллуулна гэж үгүй. Хэрвээ тэгэхэд хүрвэл цаад туслах нь ажлыг “гурилдаж” орхиод, хэдэн хонь дүүрээд арилж өгнө. Тэгэхээр цалин бол хариуцлага гэсэн үг байх нь ээ. Гэвч манайхан Хөгжлийн банкиндаа Солонгосоос цалингүй менежерүүдийг урьж ирүүлэн ажиллуулах боллоо. Тэдэнд цалин чухал биш харин өөр зүйл чухал бололтой. Тэр нь юу байх вэ. Монголын мөнгөний урсгалын чиг хандлага, бодит байдал, хэтийн төлөвийн талаархи мэдээлэл үү. Тийм ч байж болох юм. Тааж хэлэх аргагүй. Ямартай ч өнөөдөр Хөгжлийн банк нэртэй шинэ “казино” ийнхүү үүдээ цэлийтэл нээлээ.
Судалгаагаар Солонгосын банкны хөгжил дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээгүй нь харагддаг юм билээ. Нөгөөтэйгүүр төр хамгийн муу менежер гэдэг. Монголын төр бүр ч мууд нь тооцогдох байх. Тэгвэл муу менежер нь муухан солонгосуудаар мөнгөний ажил хийлгэх гээд байгаа бололтой. Тэд удахгүй олон улсын зах зээл дээр бонд гаргаж мөнгө босгох ажилд орох юм байна. Хөгжлийн банкны Солонгос эзэд энэ тухайгаа их л бардам хэлж байна лээ. Манай баялгаар эхний ээлжинд дэлхийн хэмжээний “казино” тоглохоор болов. Дэлхийн уул уурхайн акулууд тэртээ тэргүй Монголын хөрөнгийг сонирхдог болчихсон тул тэдэнд энэ нь том тоглолт ажээ.
Таван толгойд IPO хийхээр сонгогдсон “Голдман сакс” банк өнөөдөр Америкийн санхүү, эдийн засгийг татаад унагачихсан тухай мэдээлэл дэлхий даяар цацагдаж байна. Тус банк анх Монголд халаас хоосон орж ирсэн тэнэмэл эр Фрийдландаас ялгаа юу байхав. Фрийдланд гэгч тэр нөхөр Оюу толгойгоор мөнгө босгоод дийлдэшгүй баян болж байгаа. Тэгвэл бүхэл бүтэн нэг их гүрнээр тоглож чадсан “Голдман сакс” одоо Таван толгой дээр яаж тоглоод алдагдлаа нөхөхийг нь бид харах болж байна. Яг л Фрийдланд Америк, Канадын газар шороог цөлмөсөн шиг Таван толгойгоос мөнгө сэгсрэх нь хэнд ч ойлгомжтой. Үүн шиг “Хөгжлийн банк”-ыг удирдах болсон Солонгосчууд Монголын баялгийг барьцаалан мөнгөний урсгалыг эх нутгийхаа зүг залах биз ээ. Муу ёр энэ лав биш байх. Цаг хугацаа аяндаа хэлээд өгнө.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )