Орхон зэрэг гол мөрнийг бохирдуулсан 40 гаруй компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06


 

Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын мөрдөн байцаах газар хамтран “Урт” нэртэй хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьжээ. Энэхүү хяналт, шалгалтын ажлын дүнг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. “Урт” нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу “Хил заагийг хэсэгчлэн тогтоох тухай” хууль гарсан юм. Энэ хүрээнд Төв, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ихэнх аж ахуйнууд муу дүнтэй байв. Гол мөрний усыг бохирдуулж, хүн мал оршин амьдрахад төвөгтэй байдал үүсчээ. Өөрөөр хэлбэл шалгагч нар маань өнөөх ниргэсэн хойно нь хашгирав гэгч болов бололтой. Сүүлийн 10 гаруй жил иргэний байгууллагууд байгаль орчин сүйрч байгаа талаар удаа дараалан ярьж, эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж, анхааруулж байсан боловч, дарга нар, алтны компаний захирлуудаас нэг нь ч хуулиа хэрэгжүүлээгүй юм. Тиймээс сүүлдээ “Гал үндэстэн” зэрэг хөдөлгөөнүүд арга буюу зарим техник хэрэгсэл рүү нь хоёр удаа буудаж байв. Гэвч тэдгээр иргэд одоо эрүүгийн хэрэгтэн болох гээд сууж байна. Байгаль орчноо бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө ийнхүү тэмцсэн тэднийг буруутгах бас хэцүү.

Харин байдал иймдээ тулж дуулиан дэгдсэний эцэст УМХГ, УМБГ-аас хийсэн дээрх шалгалтын явцад хууль бусаар ажиллаж байсан 73 уурхайг хаахад хүрчээ. Мөн 55,2 сая төгрөгийн торгууль оногдуулж, хууль бусаар олборлосон 712,6 кг алтыг хураан авч улсын орлого болгосон байна. Хаагдсан уурхайнуудын удирдлагад олборлолт явуулж байсан газраа чөлөөлж орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгөхийг даалгажээ. Ийнхүү хяналт шалгалт хийгээд дууссаны маргаашаас дахиад л Архангай аймагт алт олборлолтоо үргэлжлүүлсэн 40 компани руу хяналтынхан явж очсон байна. Ингэж дураар авирлах нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хэрэг юм. Энд “Монгол газар”, “Алтан дорнод монгол” компани лицензтэй талбайгаа бусдад худалдсан, нөхөн сэргээлт хийх нэрийн дор түрээсээр эзэмшүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд дахин үргэлжилжээ. Тэдгээрийн үйл ажиллагааг ийнхүү хоёр, гурван удаа очиж таслан зогсоосон боловч одоо дахиад л алтаа ухаж байгаа тухай “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж энэ үеэр сэтгүүлчдэд бас мэдээлэл дуулгасан юм. Тэрээр “Бид Архангайд анх ганцхан компани алт ухаж байх үеэс дарга нарт анхааруулж байсан. Сүүлдээ Орхоны хөндийд 18 аж ахуй зөвшөөрөлгүйгээр алт ухаж эхэлсэн. Орон нутгийн удирдлага болон яам, тамгын бүх хүмүүст албан ёсоор хэлсэн. Нэг нь ч арга хэмжээ аваагүй. Энэ удаагийн шалгалт ч үр дүн муутай өнгөрөх гэж байх шиг байна. Одоо Архангайд 54 уурхай дахиад хууль бус ажлаа үргэлжлүүллээ” гэв. Тэр мөн   БОАЖГ УУХГ-ын дарга Н.Батбаярт  хандан “Та нар хуулийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авах талаар юу хийх гэж байна” хэмээн бухимдангуй асууж байлаа. Н.Батбаяр дарга сэтгүүлчдийн өмнө түүний асуултанд хариулахдаа “Бид тэдгээр 40 гаруй аж ахуйн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. УМХЕГ-аас хуулийн хэрэгжилтийг шалгаж тогтоолоо. Нэгэнт хууль зөрчсөн этгээдүүдэд Эрүүгийн хариуцлага тооцох нь одоо цагдаагийн байгууллагын ажил болоод үлдэж байна” гэсэн юм. Энэ үеэр харин Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Б.Цогтбаатар “Тэд эрүүгийн хариуцлага хүлээж таарна. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” компаниас гадна “Ариун бүрд”, Жүүс”, “Буянт дов”, “Алтан ёндор”, “Шүтээн трейд” зэрэг 40 гаруй компани дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг энд дахин хэлье. “Алтан дорнод Монгол” компани нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь алт олборлолтын хоёр том талбайгаа хууль бусаар бусдад худалдсан байсан. “Монгол газар” компани ч бас уулын ажлын төлөвлөгөөгүй, зохих үнэлгээ хийгдээгүй гээд олон талын зөрчилтэй байсан” гэлээ. Ийнхүү олон жилийн турш алт олборлох нэрийн дор байгаль дэлхийг сүйтгэсэн, Орхон голыг улаанаар нь эргүүлж, эндэхийн усны эх үүсвэр болсон олон гол горхийг бохирдуулсан компаниуд анх удаа эрүүгийн хариуцлага хүлээх болж байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top