”Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн: Oйрд эхнэртэй болох санаа алга

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

1990-ээд оны залуусын шүтээн болсон “Сүнс” хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй.Үүнтэй холбоотойгоор тус хамтлаг тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ талаар болон тус хамтлагтай холбоотой олон сонирхолтой зүйлсийн талаар хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Өдрийн мэнд
-Чамд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

-Сүүлийн үед ямар ажилд хамгийн их цаг зарцуулж байна вэ?
-Урлагийн ажлыг хүн бүр мэдэж байгаа. “Мax Music” студи дээр ажлаа хийж байна. Студи дээр шинэ залуу уран бүтээлчид болон дуучин Ану дуугаа бичүүлж байна. Мөн “Outlaw” хамтлагийн цомгийн бичлэг хийгдээд дуусаж байгаа. Мөн нэг бизнесийн компанитай. Энэ компанидаа нилээн цаг зав зарцуулж байгаа. Энэ ажлынхаа зэрэгцээ манай “Сүнс” хамтлаг эргэн нэгдэж байгаатай холбоотойгоор хамтлагийнхаа ажлыг хийж байна даа.

- “Сүнс” хамтлаг эргэн нэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
- “Сүнс” хамтлаг 13 жилийн турш буюу 1998 оноос хойш бид нар тайзан дээр гараагүй. Энэ жил уулзаж байна. Өнгөрсөн хугацаанд хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ биш ч гэсэн  Мөөгий бид хоёр идэвх санаачилгаараа гэх юм уу, өөрсдийн зохиосон олон дуугаараа “Lhagva and Muugii” цомог гаргасан.



-Хамтлаг байгуулагдаад хэдийнээ 20 жил болжээ. Хамтлагийн түүхийг эргэн сөхвөл?
-Манай хамтлаг анх бүжгийн хамтлаг гэж 1991 онд байгуулагдсан. 1994 он болтол бүжгийн хамтлагаараа явж байгаад, Р.Чойномын “Диваажин” шүлгэнд ая хийгээд дуулж байсан. Дараа нь манай Ж.Замилан “Архичин” гэж нийгэмд хандсан дуу хийж байсан. Бидний хүмүүст хүрсэн анхны дуу бол “Чи хуурамч” гээд дуу байдаг. Тэр дууг бид 1994 онд гаргаж байсан.
 
- Бүжгийн хамтлаг яагаад дуу бүжгийн хамтлаг болчихов?
- 90-ээд оны дунд үе хүртэл Монголд барууны реп бүжиг моданд орсон. Тэрний нөлөөгөөр дан бүжгийн хамтлагууд их байсан ч дуулж бүжиглэдэг хамтлаг байгаагүй.  Тэр үед чинь дөрвөлжин, шоо хээтэй том цамц, мөрөвчтэй өмд, тэгээд бүгд албани алчууртай, цэргүүдийн өмсдөг гондурас гээд арзгар ултай гутал өмсдөг байсан.  Бас жинсэн өмдөө энд тэнд нь урчихаад тэрэн дээрээ янз бүрийн гоё ярликууд оёдог байлаа. Тэр үед  л бид нар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд 1991 онд реп бүжгийн “Сүнс” хамтлаг байгуулагдаж байсан ш дээ. 1991 онд 4, 5-р ангийн хүүхдүүд байхдаа реп бүжгийн хамтлаг байгуулаад л Эрдэнэтэд зохион байгуулагдсан бүжгийн тэмцээний том том шагналуудыг нь аваад л 6, 7-р ангидаа буюу хамтлаг байгуулагдаад 2-3 жилийн дараа дуулдаг болоод дуу, бүжгийн “Сүнс” хамтлаг болсон. Дуу, бүжгийн “Сүнс” хамтлаг болоод гишүүнчлэлээ өөрчлөөд 1993,94 оноос л дуулж эхэлсэн.


- Хамтлагийн талаар сонирхолтой түүх ярьж өгөхгүй юу?
- Бид нар хотод орж ирж нэг бичлэг хийлгэчихээд Эрдэнэт рүү явахдаа хальстай гар цүнхээ цуглаж байсан газар хаяад явчихсан. Тэгээд Эрдэнэт ороод том дамар хальснаасаа сэргээгээд авчихсан юм. Тэгсэн бидний албан ёсоор тараагаагүй байхдаа энд алдсан бичлэг тараад манай “Чи хуурамч” дууг “Охин минь уучил” билүү өөр нэртэйгээр тухайн үедээ хоёр гуравхан газар бичлэг зардаг байсан цэгт тараад маш сайн зарагддаг бүтээл болсон байлаа. Тэр үед  бид нарыг хотод бол хүн танихгүй ш дээ. Тэгээд л нөгөө бичлэг зардаг цэгийнхээ хажууд очиж дуугаа сонсдог байсан. Алдагдсан бичлэг маань олон хүнд хүрч байсан түүхтэй.  


- Тэр үеийн шүтэн бишрэгчдийг эргэн дурсахад?
-Тэр үед “Никитон” хамтлаг, манай хамтлаг албан ёсны фен клубтэй байсан. Манай фен клуб тэр үеийн  Батжаргал эрхлэгчтэй “Супер” сонины дэргэд ажилладаг байсан. Эхний ээлжинд үнэнч фен нь гэж жаран хэдэн хүүхэд байдаг байсан юм. Цаашдаа бол нэмэгдэж байсан.  Одоо бол бид нар амьдрал дээр нэгнээ мэддэг сайн танилууд болсон. Одоо ч гэсэн тэд маань бидэнд тусалж байгаа.  Бидэнд байхгүй гоё дурсгал бүхэн тэдэнд байсан.  Тэр бүхнийг бид тоглолтын өмнө хийх баримтат кинондоо оруулна.
Нэг удаа циркт тоглосон тоглолт дээр үзэгчид рүүгээ тэмдэг шидсэн чинь 2-3 эгнээ нураад бид нар хүн гэмтчих вий дээ гэж санаа зовж байсан түүхтэй. Энэнээс эхлээд олон юм болдог байсан нь тухайн үедээ л сонин байлаа.  Бас нэг удаа Завхан аймагт явж байхад хүүхдүүд нь оюутан нэг хөгшин байсан юм. Манай дууг их сонсдог. Тэгээд бид нарыг очсон чинь сүйд болоод хонь гаргаж өгсөн.  Тэрийг тухайн үед бид нар манай хамгийн хөгшин фен Завхан аймагт бий гэж ярилцлага өгч байсан. Ер нь энэ мэтээр сонин сонин юм их бий.

-Та хамтлагаа цаг үеийн түүчээ гэлээ?
-Угаасаа манай хамтлагийн 20 жилийн түүх гэхээсээ илүү  хөгжимд хайртай залуусын нэг үе юм. Хөгжмөөр амьсгалдаггүй залуу хүн гэж байхгүй шүү дээ. Залуу хүмүүсийн түүх юм. Тийм болохоор бид нар хамаагүй сонин юм ярьж болохгүй юм байна лээ. Яагаад гэвэл энэ бол олон хүний өмч. Тэр үед бид нар дуу дуулсан, нийгэм залуус  хүссэн болоод л Замилан “Чи хуурамч” гэдэг дууны шүлгийг зохиогоод би аяг нь зохиосон болохоос бид нар хийгээгүй байсан бол өөр хүн хийх л байсан. Тэр утгаараа манай хамтлаг цаг үеэсээ урган гарсан цаг үеийн түүчээ юм.

- Шүтэн бишрэгчид бэлэг их өгдөг байсан уу?
- Тэр үед чихмэл их өгдөг байсан. Манай хамтлагийн чихмэлийг Зулаа их цуглуулдаг байсан. Үнэндээ би бол чихмэлд дуртай биш. Тэр үед чинь бид нар “New Kids On The Block”-ийг үздэг байсан. Шүтэн бишрэгчид нь орилолдоод ямар гоё юм бэ? гэж хоорондоо ярьдаг байлаа. Тэрийг бид нар өөрсдөө сүүлд нь мэдэрсэн.  1997 онд “Сэтгэлд дотно харц” тоглолтоо хийж байхад хоёр талаараа олс татчихсан охидууд хувцаснаас зулгаагаад л... Бид нар учиргүй дайрчихна гэж бодож байгаагүй болохоор тэр үед хамгаалалт авдаг байсан ч тэр нь нэрийн төдий хамгаалалт байсан. Тэгсэн чинь яг нөгөө хаалтын  олсыг даваад охидууд гүйлдэж ирээд, бид нар чинь ямар том биетэй биш тэд нарыг чинь түлхэж чадахгүй ш дээ. Тэгээд дарагдаж байсан одоо бодоход хөгжилтэй байж дээ.  /инээв/


- Хамтлагийн авч байсан шагналуудын талаар?
-Яг үнэндээ манай хамтлагийнхан улаан цагаан хүнээр магтуулаад, нэг их шагнал урамшуулал авах дуртай биш. Карьер хөөх мэдрэмж муу юм шиг байгаа юм. Том шагналаас гэвэл Залуучуудын холбооны 75 жилийн ойгоор “Тэргүүний залуу” алтан медалиар  хамтлагаараа шагнуулж байсан. “Пентатоник” наадмаас бид нар шагнал авсангүй гэж гомдолж байсан үе бий. Гэвч Сарантуяа эгчийн зохион байгуулсан “Пентатоник”-оос шилдэг дуу номинацид “Цаг нь болоогүй хайр” дуугаар том Жагаа ах бид нар авч байсан. Тэр бол үнэтэй олдсон их гоё  шагнал гэж боддог. Хамгийн хөгжилтэй шагнал нь “Алтан микрофон” наадмынМартагдсан аялгуу гэдэг шагнал байдаг юм даа.

- Тэр үед шүтэн бишрэгч охид хайр сэтгэлээ илэрхийлж, үерхье, сууя гэсэн санал их тавьдаг байсан тийм ээ?
- Энийг хэлэхээс ичиж байна. Яагаад гэвэл сүүлийн үед нэг дуутай хүүхдүүд фенүүддээ зориулаад манай хамтлаг цомог гаргаад тоглолт хийнэ гэж ярьдаг ш дээ. Магадгүй энэ ярилцлагыг уншиж байгаа намайг танихгүй хүн зөндөө байгаа. Тэр хүмүүс энэ одоо ямар онгироо юм бэ? гэж бодох байлгүй. Гэхдээ бид нар яг үнэндээ тэр үед Монголдоо л од байсан. Би одоо ч хүн хальт таньдаг хүний амьдралаар амьдарч байна.
Тухайн үед бид нартай уулзъя, найзлаъя гэсэн хүмүүс байсан.  Одоо ч гэсэн бидэнд хүн муу ханддаггүй. Магадгүй бид нар хүнд муухай сэтгэгдэл төрүүлэхгүй, хүн гомдоогоод байдаггүй болохоор тэр байх. Тэрнээс дуунд татагддаг гэж онгирч болохгүй. Яахав хүнтэй 30 минут ярилцаад суухад хүн бол өөрөөр ханддаг шүү. Бид нар эвээ олчихдог юм шүү. 


- 1998 оноос хойш хамтлагийн гишүүдтэй холбоотой байсан уу?
- Ерөнхийдөө холбоотой байсан.  Замилан маань Австрид хөгжмийн сургуульд сурч байсан. Тэгээд ээжийнх нь биеийн байдал муудсан болохоор Солонгос руу шилжсэн. Гэхдээ эх орондоо ирж  байсан болохоор 2-3 удаа уулзсан. Зулаа маань Голландад сурч, амьдарч байгаад ирсэн. Тэгээд ч найз нөхөд болохоор байнга холбоотой байсан. Ганц холбоогүй байгаа хүн бол манай Отгоо. Отгоогийн талаар сураг сонсон. Яг өөртэй нь бол албан ёсоор холбогдож амжаагүй.


-Хамтлагийн гишүүд одоо хаана юу хийж байна вэ?
- Миний хувьд компанийнхаа захирлаар ажиллахын зэрэгцээ  “Max Music” студиэ ажилуулж байгаа. Шулуухан хэлэхэд урлаг бол мөнгө олоод байхад хэцүүхэн байдаг. Хажуугаар нь өөр бизнест хүч үзэх ёстой гэж үзсэн болохоор компани байгуулсан. Мөөгийгийн хувьд “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн аж ахуйн албаны дарга хийж байгаад одоо хувийнхаа бизнесийг хийж байна. Манай хүн нэг авто салон, тэгээд өөрийнхөө үндсэн мэргэжил болох аялал жуулчлалын чиглэлээр бааз ажилуулж байгаа. Манай Зулаа өндөр боловсролтой, хэлтэй гэдэг утгаараа Нийслэлийн хөдөлмөрийн биржид оюутны хөдөлмөр эрхлэлтийг хариуцан ажиллаж байна. Замилан Солонгост байж байгаад жилийн өмнө ирсэн.  Мань хүн барилгын интерер дизайн, дотоод засал чимэглэл, барилгын make up хийдэг гоо сайханч болсон байгаа. Тэгээд энэ чигллээрээ компани байгуулаад ажиллаж байна. Бид нарын хувьд салбар, салбар руу ороод ажиллаж байгаа. Тэгээд энэ жил ярилцаад хамтлагийн 20 жил болж байгаа болохоор эргээд нэгдье гээд ярилцаад тоглолтоо хийхээр болсон.

- Тоглолт хийсэн, хийнэ гэж байсан?
- Тоглолт болсон. Очоогүй хүмүүс байгаа болохоор би тайлбар хийе. Баярсайхан захиралтай “Номин Холдинг” компани санал тавьсны дагуу бид нар намрын нээлтэд оролцсон. Намрын нээлтийг  “Сүнс” хамтлагийн 20 жилийн нээлттэй хамтатгаад  Улсын их дэлгүүрийн урд талбайд үдшийн арга хэмжээ хийлээ. Бидэнтэй хамтран ажилладаг хамтлаг дуучид байгууллагууд хүрэлцэн ирж нэг үдшийг маш сайхан өнгөрөөсөн.

-Үүний зэрэгцээ тоглолт хийнэ гэсэн мэдээлэл байгаа?
-Ер нь мэдээллүүд бол зөв л дөө. Бид нарын хувьд энэ жилдээ багтаад 11-р сард тоглоно гэсэн бодолтой байгаа.  Бэлтгэл ажил 6-р сард эхэлсэн. Жишээ нь, тоглолтод дуулагдах бүх дууныхаа бичлэгийг “Сонор” студиэс зам замаар нь аваад тоглолтын хэв маягт оруулаад, хөгжмийн найруулгаа хийлгэх захиалга өгчихсөн байна. Энэн дээр бидний найзууд болох Байдраг, Баярхүү, Болорхүү, Ганг, Ариука, Гантөр зэрэг аранжировшикчидтэй хамтан ажиллах санал тавиад дуунуудаа өгчихсөн байгаа. Тэгэхээр тоглолтын талаар дөхөөд ирэхээр ярина. Тоглолт амьд хөгжимтэй болно. Дуун дээрээ бүжиглэх болохоор бид нар  бэлтгэл хийж байна. Өмнө нь бид нар 11 дуун дээр бүжиглээд дуулдаг байсан бол энэ удаад ч гэсэн  энэ формоо барих бодол байна.  Үнэн хэрэгтээ 4 дуу дуулаад бүжиглэнэ гэдэг амаргүй байдаг болохоор формдоо ороход асар их хөдөлмөр орно.


- Хамтлаг олон сайхан хит дуутай. Тоглолттой холбоотойгоор клип гаргах уу?
- Өнгөрсөн хугацаанд бидэнд үнэнч байсан сонсогчдодоо зориулаад  нэг  хоёр дуун дээрээ клип гаргах гэж байна. Бид нарын ихэнх хит дуу клипгүй байдаг болохоор урьдныхаа нэг гоё хит дууг шинэчлээд клип хийгээд гаргавал зүгээр юм уу гэж яригдаж байна.

- Удаан хүлээлт үүсгэсэн “Сүнс” хамтлаг дахин шинэ уран бүтээл хийх үү?
-Хүн нуруугаа авахуулна гэж байдаг ш дээ, тэрэн шиг энэ асуултыг хүн болгон надаас асуудаг. Бүүр сүүлдээ  Мөөгий бид хоёр энэ асуултаас айдаг байхгүй юу. Өнөөдөр эргээд бодоход аягүй гоё болж байна. Бид нар тоглоно.  Өнөөдөр биднийг хүндэлж сонсож, урам зориг өгч байсан хүмүүстээ хандаж зоригтой хэлэхэд одоо бол тоглолтоо хийнэ. Мэдээж хэрэг олон гэнэтийн бэлэг байгаа. Гэхдээ бид нар энэ 13 жил огт тоглоогүй юм чинь Мөөгий бид 2-ын гаргасан шинэ дуунууд, хамтлагийн урьд нь гаргасан дуунууд хангалттай. Жишээ нь, “Цаг нь болоогүй хайр” дуу яг “Сүнс”-ийн тоглолтод дуулагдаж байгаагүй. Энэ мэтчилэнгээр маш олон дуу, уран бүтээл хав дарчихсан байгаа байхгүй юу.  

-Энэ тоглолт уран бүтээлийн хаалт биш биз?
-Ер нь энэ хугацаанд маш олон хүн хэлж байсан. Хүмүүс яг тухайн үеийн эмоциороо ойлгоход аягүй бэрх хэлбэрээр илэрхийлж байсан юм. Жишээ нь, нэг хүлээн авалтан дээр нэг залуу “та нар аймаар залхуу ш дээ. Юмаа хийдэггүй. Нэг гоё юм хийгээд танай хамтлаг алга болчихдог ш дээ” гэж байсан. Түрүүний айгаад байсан чинь энэ байхгүй юу.  Хүнд юмаа өгөөд алдчихсан юм шиг хүмүүс чинь аягүй их нэхдэг байхгүй юу. Тэр их хэцүү байсан.
Энэ тоглолтоос бидний цаашаа юу хийх вэ гэдэг нь шалтгаална. Яагаад гэхээр бид нар өнөөдөр тус тусдаа амьдралтай, амьдралаа аваад явж байгаа эрчүүд болсон байна. Мөн нийгмийн өмнө бидний үүрэх хариуцлага байна. Ямар ч байсан тоглолтоо хийнэ. Ярилцсан зүйл байгаа. Тэрийгээ шат дараатай хийнээ.
 

Ер нь хурдацтай хөгжиж байгаа зүйл эргээд эрсдлийг авчирдаг.

- “Түүхий” шинэ уран бүтээлчид ихээр төрөх болж. Энэ талаар өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу?
- Энэ талаар өмнө нь би бол хамаагүй хэлчихдэг байсан. Яг шударгаар хэлэхэд би хэн нэгнийг шүүмжилмээргүй байна. Яагаад гэвэл тоглолтоо хийх гэж байж дэмий ч юм уу. /инээв/ Манай хамтлагийнхан за яахав дээ, энэ шүүрэн шанага дээр шигшигдээд л үлдэх нь үлдэх биз гэж ярилцдаг. Харин миний хувийн бодол бол өөр. Арын фронтод олон жил ажилласан болохоор шүүмжлэлтэй зүйл мэдээж хэрэг байгаа. Нийтийн дуунд ч тэр, рок поп дунд ч гэсэн техникт дулдуйдаж байгаа дуучид их байна. Угаасаа дэлхий тэр чигээрээ ийм байгаа. Техник хэтэрхий хөгжчихсөн. Бас миний хувийн зүгээс харахад оддын өвчнөөр өвчилсөн хүмүүс их байна. Хэн байснаа амархан мартчихдаг. Тэр бол бага залуу давлиун насны хэрэг байж болох юм. /инээв/. Хэтэрхий их мөнгө, карьер, PR бодож урлаг хийгээд байна. Ийм юман дээр сэтгэл дундуур байна даа.
Ер нь хурдацтай хөгжиж байгаа зүйл эргээд эрсдэлийг авчирдэг. Тэр эрсдэл нь одоо энэ гараад байгаа алдаанууд гэж боддог юм. Ерөнхийдөө энэнд нэг их муухай юм байхгүй ч уран бүтээлчид маань анхаарч засаж, залруулж л байх хэрэгтэй.


- Дуу хулгайлагчдын талаар?
- Үгүй яахав дээ арга ядсан өрөвдөлтэй асуудал ш дээ. Манай хамтлагийн хувьд 100 хувь энэ асуудлын эсрэг байдаг. Гэхдээ бас нэг юмыг ойлгох хэрэгтэй л дээ. Хуулбарлах гэхээсээ илүү санаа авах нь байж болно. Зохиогчийн эрхийн хуулийн практикт ч байдаг. 4 мөр, 4 тактаас илүү үг ая давхцаж байх юм бол энийг хуулсан байна гэж ойлгодог байхгүй юу. Тэгэхээр нэг хэсэг ая давхцах тохиолдол байж болох юм. Яагаад гэвэл үндсэн долоон нот л байгаа ш дээ. Монгол аялгуу бол бүүр пентатоник гээд тавхан өнгөнөөс бүрддэг.
 Гэхдээ бид нар санаа авах нь гол нь. Тэгэхээр санаа авах бол байх л асуудал. Бид угаасаа поп, рок, r&b хип хопыг зохиогоогүй ш дээ. Гэхдээ энэ санаагаа уран бүтээлдээ шууд хуулж болохгүй. Энэ бол ядуу сэтгэлгээ. Харин хэзээ нэгэн цагт Монголын хөөмий, язгуур урлаг дэлхийд энэ хөгжмийн төрлүүд шиг моданд орно гэдэгт би итгэлтэй байдаг.



-Зарим нэг уран бүтээлчид үзэгчдийг хуураад байдаг?
-Санал нийлнэ. Сүүлдээ үзэх юмгүй боллоо гэдэг үнэн байхгүй юу. Зритель бол тэнэг биш. Магадгүй өнөөдөр зритель дуучнаасаа илүү хурдтай сонсож, үзэж байгаа. Өнөөдөр мэдээллийн энэ эрин зуунд хэн ч үзсэн мэдээллээ олж авч байна шүү дээ. Жишээ нь, өөрийнхөө хийх  байгаа юмыг How about the... гэж бичээд л Google-с хайчихаж байна. Тэгэхээр энэ мэдээллийн эрин зуунд хэн ч хэнийгээ хулхидах боломжгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр хулхидаж байгаа хүмүүс насгүй гэдгийг шууд л хэлнэ. Энэ дээр хэн нэгэн гарч ирээд  ингэж байна, тэгж байна гэж гомдлоод байх хэрэггүй.  Үзэгчид угаасаа хар  гурилыг цагаан гурилаас нь салгаад тавьчихна ш дээ. 

Секс бол  хамгийн нандин хүндээ гаргадаг хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр

-Гадаад үзэмжийн хувьд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?
-Хүн өөрийгөө мэддэггүй юм байна лээ ш дээ.  Олон жил болоод л хүн өөрөө өөрийгөө л таньдаг. Хүн өөрийгөө тийм гэж бодоод тэр дүрдээ хувираад л яваад байдаг. Цагаа тулахаар өөр хүн байдаг юм шиг байна лээ. Ерөнхийдөө юм болгонд эвлэгхэн хандчихдаг, мэдрэмжтэй, эмэгтэйлэг, юм болгон нь зохицсон  хүн байдаг ш дээ. Өндөр нам нь хамаагүй, цаанаасаа нүд унамаар хүмүүс байдаг ш дээ. /инээв/

- Таныг ганц бие гэж ойлгож болох уу?
- Болно.

- Хүүхнүүд эргүүлэх юмуу?
- Үгүй ээ, тэгж байгаа юм байхгүй ээ. Энд нүхэнд /студиэ хэлээд инээв/ ажлаа хийсээр байгаад таарах юм. Гэхдээ эр хүн юм чинь хүн амьтантай найзлалгүй л яахав.  Энэ бол хувь хүний л асуудал ш дээ. Ер нь би нэг үгэнд их итгэдэг.  Энэ бол нас бие хүрсэн хүний хувьд хэлэхэд хүний цаана хүн л байдаг байхгүй юу. Нэг хүний цаана өөрийг нь хайрласан, хүлээж байгаа, худлаа хэлсэн,  харддаг, эсвэл бүүр уулзаагүй харж явдаг ч юмуу, хэн нэгэн байж байдаг.  Хүний сэтгэлд хүн байдаг гэж бодох хэрэгтэй. Тэрнээс огт байхгүй гэж хэзээ ч байхгүй.


- Хайрттайгаа явж байтал үнэхээр сайхан эмэгтэй хүн өнгөрвөл эргэж харах уу?
- Үр хүүхэдтэй, амьдрал зохиож үзсэн хүний хувьд хэлэхэд хажуудах хайртай ханиа зөв сонгох хэрэгтэй.  Хэрэв хүн үнэхээр сэтгэл хангалуун байхад бусад хүн рүү харахгүй ш дээ. Ямар нэгэн байдлаар муудах, маргах тохиолдолд гарч магадгүй. Сэтгэл хангалуун гэдгийг бэлгийн амьдралын хувьд ч бай, гэр бүлийн харьцааны хувьд ч бай нэгнээ хүндэлдэг, хайрладаг гэр бүлийн хувьд тийм зүйл байхгүй байх ёстой. Яагаад гэвэл хүн сэтгэл хангалуун байх үед хүн хэзээ ч тийм байдаггүй юм. Нэгнээ таниагүй байж байгаад суусан хүмүүс нэгэндээ харин сэтгэл хангалуун бус байдаг байх. Сэтгэл хангалуун биш болоод л арай илүүг нь харах гээд байгаа биз. Эхнэртээ, нөхөртөө  сэтгэл хангалуун байгаа ч гэсэн эхнэрээс нь, нөхрөөс нь илүү сайхан эмэгтэй, эрэгтэй байдаг. Жишээ нь, бид нар дэлхийн миссийг үзээд сууж байхдаа эр ч бай, эм ч бай тасарчихсан эмэгтэй байна ш дээ гээд л хараад суудаг ш дээ. Тэгэхээр гоё юм гоё ш дээ.

- Хайрыг өөрийнхөөрөө дүгнэвэл?
- Хайр гэдэг нэгдүгээрт итгэл, хоёрдугаарт сэтгэл, гуравдугаарт халамж юм болов уу гэж боддог. Би бол амьдралдаа алдсан хүн. Магадгүй би халамж муутай байсан байх гэж бодож тэрэндээ гэмшиж явдаг. Надад одоо хоёр дахиа алдах эрх байхгүй. Хүн амьдарч байгаа болохоор яаж ч хичээгээд алдаа гаргадаг л юм байна. 

-Сексийг өөрийнхөөрөө дүгнэвэл?
-Секс бол  хамгийн нандин хүндээ гаргадаг хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр. Итгэл сэтгэлийн дээд мэдрэмж. Маш гоё юм. Өөртөө итгэлтэй хүнийг гоо сайхан харагдуулдаг. Стресс тайлах хэлбэр бол биш. Сайн явж байгаа хүмүүс тэр талын идэвх сайн байдаг байх гэж боддог юм. Ялангуяа, манай урлагийнхан нийгмээсээ нэг алхмын өмнө алхдаг болохоор стресст их ордог ч энэ талын идэвх сайтай гэж боддог. Угаасаа мэдрэмтгий хүмүүс тийм байдаг ш дээ. Сайн хийхдээ гол нь биш. /тачигнатал инээв/


- Хүнийг дуртай өнгөөр нь шинж гэдэг. Дуртай өнгө тань?
- Байгалийн ногоон, тэнгэрийн хөх өнгө.

-Залуу хүн шоудахгүй байна гэвэл худлаа. Хэр шоудаж байна?
-Угаасаа би аймаар бүжигчин ш дээ. Клубуудэд орж бүжиглэдэг. Найз нөхөдтэйгөө сууж, элдвийг ярилцан суух дуртай. Бусадтай л адилхан залуу хүн болохоор тодорхой хэмжээнд байна. Бусад шиг байхгүй гэж худлаа хэлэхгүй ээ.

-Хоол бол гоё хийнэ биз?
-Уг нь өөрийгөө гоё хоол хийдэг гэж боддог. Сүүлийн үед хоол хийгээгүй болохоор хааяа нэг хийхдээ жонхуу шиг юм хийгээд байгаа ш дээ. Сүүлд нэг хийсэн чинь нэг, хоёрдугаар хоолны холимог хийгээд өөрийгөө гоё хоол хийхээ больчихож гэж бодоод байгаа.


-Гарын үндсэн хоол?
-Хамтлагийнхаа бусад гишүүдийг бодвол би хоол хийж чаддаггүй. Уг нь гараа гаргаж хийвэл хоолоо амталж хийх дуртай. Гараа гаргавал ямар ч хоол хийчих байх.  Гэхдээ асуудалтай болохоор энэ тал дээр итгэл төгс бус байна даа.

-Дуулдаг бүжиглэдэг хүний өөр авьяас?
-Сэтгэл зүйч байсан бол надад таалагдах байсан. Би хүний дотрыг ойлгох гэж хичээдэг. Энэ гэхдээ авьяас биш, сонирхол болчихлоо.

-Цуглуулга?
-Нутгаасаа хөдөлсөн чулуу гурван жилдээ нөхөгддөг гэдэг  ш дээ. Би гадагшаа, дотогшоо явахдаа чулуу цуглуулдаг. Манай улсын 4 зүг, 8 зовхисоос авчирсан чулуу бол байгаа. 


- Бусдаас авч байсан содон бэлэг?
- Нэг төрсөн өдрөөр нэг бүсгүй манай студийн түлхүүрийг аваад явсан юм. Тэгээд ирсэн чинь аягүй гоё болгочихсон байсан. Тэр нь нээрээ содон байсан. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэж бичээд чимэглэчихсэн чинь шинэ жил болох гэж байгаа юм шиг санагдчихсан.

- Бусдаас авч байсан үнэтэй бэлэг?
- Яг санаанд орж ирэхгүй байна. Миний амьдралд баяр жаргалтай олон үйл явдал тохиолдож байсан болохоор  санахгүй байна.

- Амьдралын ойрын зорилго?
- Мэдээж залуу хүн бүр зорилго тавьж амьдардаг.  Миний хувьд том зорилт тавьчихсан байгаа. Гэхдээ тэрийг хэлэхгүй байж болно, тийм ээ?

-Хэлэхгүй байсан ч болноо?
-Хамтлаг, хувийн амьдрал дээр бодсон зорилго их бий. Хувийн амьдрал дээр гэвэл ойрд эхнэртэй болох санаа алга.

-Ярилцлаганы төгсгөлийг та хийх үү?
-Анх намайг урлагт ороход олон хүн дэмжиж байсан. Одоо ихэнх нь тэнгэрт байгаа. Нэрийг нь хэлэх нь зүйтэй болов уу гэж боддог. Эрдэнэт хотын 4-р сургуулийн  хөгжмийн анги анх нээж, оруулж байсан Пэрэнлэй, Ишваанжил гээд багш байдаг юм. Одоо тэнгэрт байгаа ч үр хүүхдүүд нь сайн сайхан явж байгаа. Энэ багш нараас маань гадна намайг урлагт хатуужилтай,  зоригтой болгосон Янжмаа багш, Нацагдорж багш, Хөгжим бүжгийн коллежид ороход Монголын лимбэ хөгжмийн шинэ үеийн суурийг тавьсан Энхтайван гэж багш байсан. Тэднийгээ одоо эргэн дурсахад сайхан байдаг. Тэдний маань ихэнх нь тэнгэрт байгаа.  Хүнээс үг сонсдог, тэвчээртэй байдаг, хүний үгэнд эмзэглэхгүй байхыг багш нар маань зааж өгсөн юм болов уу гэж боддог. Тэнгэрт байгаа аавдаа би хайртай. Хүн чинь хамгийн хөдөлгөөнтэй хүүхдэдээ хайртай байдаг ш дээ. Би багадаа арай л хөдөлгөөнтэй байсан. Одоо би хүнд зөвлөгөө өгнө ш дээ. Тэгэхэд аав маань байсан бол ингэж хэлэх байх даа гэж надад бодогддог. Хөгшрөх юм бол сайхан үглээ өвгөн болж магадгүй. Яагаад гэвэл  юм харахаар ингээд хэлчих юмсан гэж боддог сурган хүмүүжүүлэгч шиг зантай.    

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top