“Алтан Дорнод Монгол” ХХК-ын эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд хэзээ буух нь тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 27

БОАЖЯ-ын сайдын тушаалаар энэ сарын 13-15-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт байрлах “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” ХХК-ын лицензтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг албадан гаргах ажиллагааг шуурхайлах болсон билээ. Энэхүү ажлыг Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны мэргэжилтнүүд хариуцан хэрэгжүүлэхээр болсон. Харин өнгөрсөн баасан, бямба гаригуудад хэвлэлийнхэн болон холбогдох мэргэжлийн байгууллагынханаас бүрдсэн шалгалтын баг Цэнхэр сумыг зорьж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Энэ нутагт тус хоёр компанийн лицензтэй талбайд нийт 21 аж ахуй нэгж гэрээгээр ажиллаж байсан юм байна. Одоогоор “Монгол газар” ХХК-ын лицензтай талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд бүрэн бууж дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажил хэдийнэ эхэлсэн байна. Мөн “Монгол газар” ХХК-ийнхан техникийн нөхөн сэргээлтийн ажлаа энэ онд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Харин “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн лицензтэй талбайд олборлолт явуулдаг  аж ахуй нэгжүүдийн зарим нь одоо хэр нь хэвийн горимоор ажилласаар байгаа аж. Холбогдох албаныхан тус ХХК-д удаа дараа шаардлага тавьхад эсэргүүцсэн аж ахуй нэгж байгаагүй ч одоо хэр нь буухгүй ажилласаар байна. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хяналтын ахлах байцаагч Л.Энхболдын хэлж буйгаар “Өнгөрсөн шалгалтаар энд үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд газраа чөлөөлж олборлолт хийдэг талбайгаас гараад дуусч байна. Бидний хувьд яг одоо нөхөн сэргээлт хийх боломжгүй. Учир нь бүх техник хэрэгслийг битүүмжилсэн болохоор техник гаргах боломжгүй” гэлээ. Мөн тус компаний талбайгаас гараад явчихсан уурхайнууд эргэн ирж нөхөн сэргээлт хийнэ гэх байхгүй гэдгийг тэрээр ярьж байлаа. Түүнчлэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ын эзэмшлийн газарт олборлолт явуулж, гол ус бохирдуулж байгаа аж ахуй нэгжүүд хэзээ буух нь ч тодорхойгүй бөгөөд уурхайн “хөлд тээрэмдүүлсэн” 2600 га газрыг хэн нөхөн сэргээх нь ч мөн л тодорхой бус байна. Харин шалгалт хийхээр хотоос очсон шалгалтын багийнхан болон байгаль орчныг улсын байцаагчыг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн талбайд хамгаалалтанд гардаг “Хас дуулга” хамгаалалтын албаны хамгаалагч нар дотогш нэвтрүүлээгүй юм. Гэсэн ч улсын байцаагчыг хүртэл үүднээсээ буцаадаг тус компанийн “хатуу чанга” хамгаалалт олон зуун “нинжа” нар зэрэг дайрвал хүчин мөхөсдөхөө өөрсдөө ярьж байлаа.

Н.Хувьзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top