Сонгуулийн хууль нь батлагдаж амжаагүй байхад хурааж, хуримтлуулж, хулгайлж, хумсалж, халуунд халж, хүйтэнд хөрж мөнгө ихтэй, түрийвч бандгар нөхөд сонгуулийн марафонд өрсөлдөж эхэллээ. Одоогийн УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн байгууллагын хурган дарга нар хүртэл өөрсдийгөө дараагийн УИХ-ын гишүүн болчихсон мэт сэрүүн зүүдэлж энэхүү марафонд оролцож байна.
Дорноговь аймагт нэр дэвшихээр горилогсод дэндүү олон ажээ. МАНАН-аас л гэхэд хөрөнгө чинээтэй эрхмүүд намаасаа нэр дэвших эрх авах гэж хичээж байна. Түүний дотор тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хүмүүс байх юм. Тухайлбал Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Батбаяр, өмнөх дарга Х.Оюунбаатар зэрэг хүмүүс зэрэгцээд нэр дэвшихээр горилж явна.
Суудлаасаа өшиглүүлсэн дарга, дэд хоёрын чансааг үнэлбэл дэдээсээ дарга байсан хүн нь илүү байж таараа. Энэ хоёр эрхмийг ийнхүү сэрүүн зүүдэлж байхад, Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг, хаа сайгүй мөнгө цацан баярхаж яваа баян айлын эрх хүүхэд болох “МАК”-ийн Нямтайширийн Номтойбаяр, Гадаад хэргийн дэд сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр болон одоогийн гишүүн Ж.Батсуурь нарын хүмүүсийн нэр мөн дуулдаж байна.
УИХ-ын гишүүн гэдэг энэ суудал Гааль, татвар хоёроор хөлжсөн хурган дарга нарын санаархалд ойрхон болж дээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )