Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал сүүлийн өдрүүдэд төрийн өндөрлөгүүдийн дунд нэлээд том маргаан үүсгэв. УИХ-ын 20 гишүүн Оюу толгойн гэрээг 57 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчлөхийг Засгийн газраас шаардсан боловч бодитой зүйл хийсэнгүй. “Рио Тинто”-гийн захирлууд гадаадын хэвлэлд хандан тэднийг “шуналаа тат” гэсэн утгатай ярилцлага өгсөн нь ёстой дарь тэслэх шиг л юм боллоо. УИХ-ын тэдгээр 20 гишүүн “Рио Тинто”-гийнхонд дургүйцлээ илэрхийлэв. Дараа нь Засгийн газраас “Рио Тинто”-той хамтарсан мэдэгдэл хийв. Энэ нь тэдгээр 20 гишүүнийг бүр ч ихээр хилэгнүүллээ. Оюу толгойн төлөө тэд одоо жинхэнэ тулаанд босох нь бололтой. Тэднийг төлөөлөн өчигдөр УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “УИХ-ын 57 дугаар тогтоолыг Монгол улсын парламент баталсан. Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл гадаадын компанитай нийлээд эсрэг мэдэгдэл гаргаад сууж байна. Ингэснээрээ Засгийн газар дэлхийн түүхэнд байхгүй, газар нутгаа гадаадынханд худалдсан гэрээгээ хамгааллаа. Энэ хүмүүс төр түмнээ ингэж доромжилж байгаа бол бид ард түмэндээ хандана. Зөвхөн төрийн ордонд эсэргүүцлээ илэрхийлээд суухгүй. Хэрвээ асуудлыг хэл амаараа шийдэж чадахгүй бол ард түмнээ тэмцэлд босохыг уриалж байна” гэжээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )