Дээд шүүх өнөөдөр Ногоон намын хувь заяаг шийднэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 14

Ногоон намынхан бүтэн жил шахам бужигнав. Хуучин дарга Д.Энхбат нь УИХ-ын гишүүн болсноос хойш тус намын дотоод амьдрал эвгүйтэж эхэлсэн гэдэг. Д.Энхбат гишүүн Иргэний Зориг намтай Ногоон намаа нэгтгэхээр гэнэт шийдэж, бүтэлгүй алхам хийсээр өдий хүрчээ. Хууль бусаар хурал хийж намаа нэгтгэсэн нь Дээд шүүх дээр илчлэгдэж, ИЗ-НН гэсэн нэрийг одоо болтол албан ёсоор бүртгэж аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл Монголд өнөөдөр ийм нэртэй нам байхгүй гэсэн үг. Тиймээс Д.Энхбат нь ИЗ-НН-ын даргаар сонгогдоогүй юм байна. Дээд шүүх тус намыг ардчиллын зарчмуудыг зөрчсөн гэж үзээд бүртгэлт оруулахаас түдгэлзээд байгаа юм. Ногоон намын нөхөд нь Д.Энхбатыг намаасаа хөөчихсөн. Харин Ногоон намыг Дээд шүүхэд бүртгэх эсэх асуудал өнөөдөр дахин яригдаж байна. Тус нам татан буугдаагүйг Дээд шүүх өнгөрөгч 6 дугаар сард нотолсон боловч гагцхүү намын дүрмийн хүрээнд хурлаа хийж, бичиг баримтаа бүрдүүлээгүй байсан тул эцсийн шийдвэр гаргаагүй байжээ. Тиймээс Дээд шүүх энэ асуудлыг дахин шүүн хэлэлцээд асуудлыг шийдэх бололтой. Ногоон намын удирдлагууд үүнд ямар нэг эргэлзэх зүйлгүй, Дээд шүүх бидний материалыг судалж үзээд үйл ажиллгаагаа хэвийн явуулах боломжийг баталгаажуулна гэж үзэж буй ажээ.   

О.Баяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top