Н.Батбаяр өөртөө “гал” дуудав

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

  Дэлхийн хоёрдугаар дайны үеэс Оросын цэргийн дарга нарын дунд “өөртөө их бууны хуралдуулсан гал дуудна” хэмээн яригдах болсон түүхтэй. Энэ нь байлдааны фронтын хүнд нөхцөлтэй тулгарч, амьд гарах боломжгүй болсон үедээ их бууны анги нэгтгэл рүүгээ холбоо барин өөрсдийгөө устгуулах команд өгүүлсэн тохиолдол нэг бус гарч байсантай холбоотой юм.  Дайнаас хойш оросууд аливаа эгзэгтэй цаг мөчид үүнийг дурсаж, зарим нь бүр хошигнон “Амьдрал хүнд, хавчлага, хяслан ихтэй хэцүү байгаа бол өөртөө гал дуудчих” гэцгээх болжээ.

Сүүлийн үед банк болон томоохон компаниудын дунд дэгдсэн дуулиант хэргүүд зарим шударга улс төрчдийг  яг ийм маягийн “команд”-тай  учруулж байх шиг байна. Олон овоотын алтны орд газрын лицензийг хэд хэдэн банкны барьцаанд тавьж, сүүлдээ Засгийн газрын 100 тэрбум бондын “ачаар” өнөөх компаний эзэд болон гайтай “Зоос” банк нь уснаас эсэн мэнд гарсан тухай шуугих боллоо. “Жаст” группын Ш.Батхүүд, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр “Олон овоот”-ынхоо лицензийг зарж, өндөр үнэтэй энэ лицензээ “Зоос”, “Анод”, “Хадгаламж” зэрэг банкуудад барьцаалан мөнгийг нь аваад идчихсэн байж л дээ. Бас болоогүй ээ, тэд хуйвалдан Америкийн “Голдман сакс” банкинд хүртэл барьцаа болгоод мөнгө сааж амжсан байлаа. Гэхдээ өнөөдөр “Анод”, “Зоос” хоёр нь дампуурчихсан. Харин ийм “буян”-тай ажилд оролцсон Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нар өдөр тутмын сонин болгон дээр мэдэгдэл нийтэлж “Бид ямар ч буруугүй” гэж байна. Тэдний өнгөрөгч хаврын нэгэн мэдэгдэлд “2009 оны 6 дугаар сард “Монгол газар”, “Жаст” группын 50, 50 хувийн оролцоотой байсан “Олон овоот гоулд” компани нь 2009 оны 12 дугаар сард “Жаст” группын мэдэлд 100 хувь шилжиж ирсэн. “Олон овоот гоулт” компани “Монгол газар” компаниас тус алтны уурхайтай холбоотой 186 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, хариуцан барагдуулж байгаа тул уг төлбөр тооцоог “Монгол газар” компанид хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдье” гэсэн байна. Банк дампууруулсан компани “Монгол газар” байсан бол тэдний арилжааны явцад “Жаст” болоод солигдсон дүр зургийг ямар ч мулгуу хүн эндээс бэлхнээ ойлгох байх.

            Удалгүй банкууд дампуурсан. Ингээд төрөөс 100 тэрбумын бонд гаргасан нь тэдгээр дампуурсан банк буюу “Анод”, “Зоос”-ын хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад зориулагджээ. Мөн “Олон овоот”-ын лиценз Ш.Батхүүд шилжээд ирмэгц түүний өр төлбөрт ч бас тэрхүү 100 тэрбумын бондоос өгсөн нь гарцаагүй болж таараад байгаа юм. Хэрвээ “Монгол газар” компани нь “Жаст”-д  төлөх ёстой дээрх 186 тэрбумын төлбөрөө барагдуулж чадалгүй банк дампууруулж байгаа бол барьцааных нь бүх хөрөнгө төрд шилжих ёстой байв. Гэтэл төр, хувийн хэвшлийнхэн маань ийм зарчмаар ажилласангүй. Өөрөөр хэлбэл тэд зах зээлийн зарчмаар бус далд хуйвалдаанаар луйвар хийчихжээ. Төрөөс тэдгээр компанийн өмч буюу лицензийг авсан байсан бол түүнийгээ зараад ядаж 100 тэрбумын бондоо нөхөөд авах боломж бүрдэх учиртай байв. Гэтэл  төрийн энэ алдагдлыг Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Би мэдэхгүй ээ” гээд сууж байна. Түүний адил Сангийн сайд С.Баярцогт ч мөн ийм л хариу хэлээд байгаа.

            Төр луйварт гар дүрэлцсэнийг эндээс бид харж болж байгаа биз. Энэ ажлыг хэн санаачилж хийсэн тухай одоо дээр дооргүй яригдаж байна.  УИХ-ын гишүүн Н.Батбаяр сүүлийн өдрүүдэд үүнийг Ерөнхий сайд асан С.Баяртай холбон тайлбарлаж буй аж. Гэхдээ тэр энэ удаад зөвхөн С.Баярыг хардаж байгаа гэлээ. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар бол хардах төдий зүйл биш болов уу. С.Баяр өөрийн гол санхүүжүүлэгч,  найз “Жаст”-ын Ш.Батхүүтэйгээ хамтраад хийчихсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээж буй. Магадгүй л юм. Н.Батбаярын хувьд өнөөдөр хардаад байна гэснийхээ ард, цөснийхөө мухарт үүнтэй холбоотой гарцаагүй баримт олж хийчихээд жаахан зөөлрүүлэх аястай тийнхүү ярьж байхыг үгүйсгэхгүй гэсэн эх сургамж ч байж л байна. Мөн Н.Батбаяр ийнхүү улс төр, бизнесийн “чөтгөр”-үүдтэй халз тулаан хийснийхээ хариу, шанг ахиухан хүртэх байх гэх болгоомжлол, сэрэмжлүүлэг “чулуудах” хүн цөөнгүй тааралдана. Энэ өнцгөөс харвал Н.Батбаяр томоохонд шахаанд орж болзошгүй. Ер нь С.Баяр, Ш.Батхүү нарын хуйвалдаан яван явсаар түүнийг хүнд байдалд оруулж мэдэх юм. Өөрөөр хэлбэл Н.Батбаяр “Олон овоот”,” Жаст”, “Зоос”-ын хэргийн мөрөөр орсныхоо төлөө өөр дээрээ гал дуудаж байгаа нь энэ болов уу. Гэхдээ их үсрээд л миний эсрэг элдэв гүтгэлгүүдийг зохиох биз гээд тэр хэнэггүйхэн алхаж яваа ажээ.

Б.Отгонбаяр           

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top