Эх орончийн дүрд тоглосон Ц.Батбаярын зэс, гууль нь зэрэг цухуйлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

Төрийн толгой хамуурчихсан бололтой. Сүүлийн үед санаанд оромгүй хөгтэй явдлууд төрийн шаргал ордонг ёстой доргиох шиг л болж байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Оюу толгойн төлөөх тэмцэлд босч, дэлхийд гайхагдаж буй энэхүү төслийн гэрээний луйврыг арилгах тухай шаардлага тавьсан 20 гишүүний эгнээнд нэгдсэн билээ. 20 гишүүн нь цагаа тулахаар 9 болоодохлоо. Гэвч Ц.Батбаяр болон түүний хамтран зүтгэгчид толгой руугаа чулуу шидүүлж эхэллээ. Ц.Батбаяр гэхэд л Сүхбаатарын талбайн талыг  Хятадуудад зарж орхисон байж. Энэ мэдээлэл бол түүний дух руу онилсон гол “сум”. Мань хүн угаасаа цэвэр ариун бизнес хийж яваагүй л дээ. Багахангайн Засаг дарга байхдаа улсын нөөцийн мах бэлтгэх нэрээр хэдэн тэрбум төгрөг аваад зувчуулсан хэмээх хэл аманд өртөж байлаа. Хожим нь хотын захирагчийн суудалд М.Энхболдын хөшүүргээр ирж залрахдаа газрын  наймааны гол томоохон төлөөлөгч гэгдэх болсон юм. Хуучин нэгдүгээр 40 мянгат буюу УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн нэрээр дуудагдах болсон цайвар ногоон өнгийн 12 давхар өндөр барилгын зүүн хойд талын хүүхдийн тоглоомын талбай бүхий том газрыг өөрийн ах дүүсийн нэр дээр авч, барилга барих гээд олныг шуугиулж байв. Ойр хавийн оршин суугчид нь түүнийг зад эсэргүүцэж, одоо болтол барилгыг нь бариулахгүй байгаа юм. Энэ мэт өөр хэд хэдэн газарт тэр барилга бариулахаар мугуйдлан зүтгэсэн нь үнэн гэнэ. Түүний дүү нар барилгын хоёр, гурван компанитай. Тиймээс ч 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүргийн сонгогчдод “Би хашааны газрыг чинь байраар сольж өгнө” гэж бардам амласан  болов уу. Харамсалтай нь энэ том амлалтаа биелүүлж чадаагүй байна. Ардын нам ч түүний ийм лут амлалтыг анхнаасаа дэмжээгүй. Учир нь тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт түүнд “зориулсан” ийм том амлалт бичигдээгүй юмсанж. Ингээд шаварт унасан шарын “эзэн” маань үйлээ үзэж, үгээ барахын үлгэр эсгэж эхэлсэн  гэдэг. Дүүргийн иргэд түүнээс тэрхүү  амлалтыг нь нэхээд байгаа. Иймэрхүү үл гүйцэлдэх амлалтуудаас гадна Ц.Батбаярын 2008 оны сонгуулийн луйврыг хүмүүс мартаагүй байна. Санал хураалт явуулах өдрийн өмнөхөн олон сая төгрөгийг сонгогчдод болон сонгуулийн ажиглагчдад нууцаар тараан санал худалдаж авсныг нь сайн мэдэх хүмүүс яахан мартахав.

            Гэхдээ Ц.Батбаяр өнөөдөр энхийн цагаан “тагтаа” болж, Оюу толгойн луйврыг илчилж, тэрхүү гэрээг хууль, тогтоолд нийцүүлэн засуулахаар тэмцэж буйг нь сайшаахаас аргагүй. Нөгөөтэйгүүр хулгайч хулгайчаа барьж өгдөгийн “сонгодог” жишээ нь тэр өөрөө болж байх шиг байна. Харин тэр Сүхбаатарын талбайг Хятад иргэдэд худалдсан гэх шуугианд хариу өгөхдөө “Би тийм юм огт хийгээгүй” хэмээн улаан нүүрээ улалзуулан байж хэллээ. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга ч мөн “Би энэ тухай ер сонсоогүй, мэдэхгүй” гэв. Гэтэл хотын захиргааны  Өмчийн харилцааны газрын зарим ажилтнууд “Ц.Батбаяр Сүхбаатарын талбайн газраас худалдсан нь үнэн шүү дээ” гэж нотолсон хэвээрээ байна. Ингээд хулгайн зэс нь цухуйсан Ц.Батбаярын худалчийн гууль нь зэрэг гялалзаж эхлэв. Нэгэнт үүссэн энэ маргаан удахгүй төгсгөл болох биз. Ямартай ч энэ бүхнээс дүгнэж үзэхэд улс төрчдийн хэн нь ч байсан ер нь аливаа томоохон асуудал хөндөж тавихдаа өөрөө хэн билээ гэдгээ бодож баймаар юм байна даа. Эс тэгвээс зорьж тэмцсэн Оюу толгойн төлөөх “тулаан” нь хувь хүнийх нь элдэв муу явдалтай хутгалдаж, саармагжсаар хоцорч байгааг бүгд харж байна. 

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top