Өнөөдөр буюу 2011 оны 11-р сарын 11-ны 15 цаг 23 минутанд мэдээллийн тэргүүлэгч сайт zindaa.mn сайтын мэдээллийн баазад хакерууд нэвтэрлээ. Программ хангамжийн мэргэжилтнүүдийн дунд Хакермаа нэрээрээ алдаршсан нэгэн манай сайтад халдаж улс төр цэсний нэлээдгүй хэмжээний мэдээллийн баазыг устгах оролдлого хийв. Zindaa.mn сайт нь Монголын цахим ертөнцөд мэндлээд наймхан сар болж байгаа ч мэдээллийн үнэн бодит байдал, нийтлэлийн далайц, үйл ажиллагааны өргөн цар хүрээгээрээ мэдээллийн зах зээлд хүч түрэн, өөрийн баттай байр суурийг эзэлж, тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтаж чадсан билээ. Манай сайтыг хакердахыг оролдож байгаа нь анхны тохиолдол биш. Урьд нь арав гаруй удаагийн оролдлого хийсэн даруйд бид таслан зогсоож байсан юм.
Zindaa.mn сайт нь Монгол улсын нийгмийн хөгжилд өөрийн бодитой хувь нэмрийг оруулахуйц нэр хүндтэй, байр суурьтай, эрдэм боловсролтой Шилдэг залуу 50 улс төрчид болон Шилдэг эмэгтэй 50 улс төрчдийг тодруулах олон нийтийн санал асуулгыг Сонгуулийн Менежментийн Төв төрийн бус байгууллагын саналын дагуу явуулж байгаа билээ. Өчигдөр оройноос эхлэн манай сайтад хакердах замаар нэвтэрч санал асуулгыг будилуулах, зарим улс төрчийн /нэр бүхий/ саналын тоог зохиомлоор өсгөх оролдлого хийж байсан бөгөөд манай сайтын программ хангамжийн инженерүүд шаргуу ажилласны хүчинд энэхүү дайралтыг зогсоож, ёс зүйгүй гэмт үйлдлийг таслан зогсоож чадсан билээ. Мөн зарим нэг улс төрчидтэй холбоотой баримт факттай мэдээ, нийтлэлийг мэдээллийн баазаас устгах оролдлогыг нэг бус удаа хийж байсан. Харин өнөөдөр болсон үйл явдал нь илүү ноцтой бөгөөд хакердах замаар zindaa.mn сайтын мэдээллийн баазад 3 минутын турш халдсан гэмт хэргийг өдүүллээ. Энэхүү оролдлого хэн нэгэн программистын сайн дураараа хийсэн “гэнэн томоогүй” үйлдэл биш, zindaa.mn сайтын нэр хүндэд халдах гэсэн тодорхой хүний явуулга, эрүүгийн шинжтэй захиалгат гэмт үйлдэл гэдэг нь илэрхий байна. Монголын цахим ертөнцөд таны адил хүчээ өргөж, интернэт програмчлалын түвшинд өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хичээн ажиллаж, аливаа тохиолдолд шударга зөв өрсөлдөөнийг эрхэмлэж ирсэн бидний зүтгэлийг хүндэтгэн үзэхийг ноён Хакермаа танаас хүсье.
Манай сайтад халдах оролдлого улам бүр ноцтой, ойрхон давтамжтай болж байгаа учраас энэ удаад бид цагдаагийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд орлоо. Энэ нь мэргэжил нэгт нөхөдтэйгөө дайсагнах гэсэн санаа биш гэмт хэргийн уг сурвалжийг олох гэсэн санаанаас үүдэлтэй гэдгийг ойлгох буйзаа. Сэтгүүлчид болон интернэт програмчлалын мэргэжилтнүүд бид хэн нэгэн увайгүй улс төрчид, зарим нэг этгээдийн захиалгаар ийнхүү нэг нэгнийхээ хийсэн бүтээсэн зүйлийг устгах оролдлого гаргавал бид бүгдээрээ адилхан хохирч, харин хорон санаатны хүсэл гүйцэлдэх билээ.
Ийнхүү цаг зуурын хүндрэлийг хоромхон хугацаанд амжилттай даван туулсны эцэст Zindaa.mn сайт нь Сонгуулийн Менежментийн Төвийн саналын дагуу явуулж буй “Шилдэг залуу 50 улс төрч”, “Шилдэг эмэгтэй 50 улс төрч” шалгаруулалтын санал асуулгыг үргэлжлүүлж байна. Шалгаруулалтанд нэр дэвшигчдийн хувийн мэдээлэл буюу анкетыг хакерууд устгасан байна. Харин санал асуулгын программд нэвтрэхээс нь өмнө амжиж хамгаалалт хийж чадсан учраас санал асуулгын дүнд ямар нэгэн нөлөөлөл ороогүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Санал асуулга өнөөдрийн 23 цаг хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах болно. Та дэмжиж байгаа улс төрчдөө мессежээр болон интернэтээр саналаа үргэлжлүүлэн өгөөрэй. Шалгаруулалтын нэр дэвшигчдийн хувийн мэдээллийг оруулах ажил үргэлжлэн хийгдэж байгаа болно. Санал өгөхдөө интернэтээс хоёр цаг тутамд нэг IP хаягнаас нэг удаа, харин нэг гар утасны дугаараас нэг л удаа санал өгөх боломжтойг анхаарна уу. Санал хакердах оролдлого дахин хийсэн улс төрчийн нэрийг олон нийтэд шууд зарлаж, санал асуулгаас нэрийг нь хасахыг хатуу анхааруулж байна.
Энэ дашрамд манай сайтыг үргэлж талархан дэмжиж, тогтмол хэрэглэдэг 30.000 гаруй уншигч, хэрэгчлэгч олондоо халуун талархал илэрхийлье. Мөн 24 цагийн турш манай сайтын программ хангамжийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилладаг “mCast” компанийн авьяаслаг залуучууддаа сайтын нийт хамт олны зүгээс гүн талархал илэрхийлье.
Мэдээллийн тэргүүлэгч сайт Zindaa.mn нь Монголын цахим мэдээллийн салбарт өөрийн байр суурийг үргэлж хадгалсаар байх болно гэдгийг итгэл төгс мэдэгдэхэд таатай байна. Монголын нийгмийн хөгжлийг чөдөрлөж байгаа муу муухай бүхэнтэй, ёс зүйгүй, уваагүй үйлдэл бүртэй чин шударгаар тэмцэх бидний эрхэм ариун үйлс дөнгөж эхэлж байгаа шүү гэдгийг зарим нэг этгээдэд хатуу сануулъя. Zindaa.mn сайтад халдсан энэхүү халдлага нь зөвхөн бидэнд хамаатай асуудал биш бөгөөд Монголын нийт шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа мэдээллийн сайтуудад хамаатай асуудал юм. Тиймээс бид нийтлэг эрх ашгийнхаа төлөө улам бүр нэгдэж, нэгэн санаатай ажиллахыг энэхүү бусармаг үйл явдал эргэлт буцалтгүйгээр санууллаа. Эцэст нь хэлэхэд, Zindaa.mn сайт ганцаараа биш шүү. Бидний шударга үйл хэргийг хэзээ ч зогсоож, мохоож чадахгүй гэдгийг энэхүү халдлагыг захиалагчдад дахин сануулъя.
Шударга үнэн ялж, Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Zindaa.mn сайтын Төлөөлөн удирдах зөвлөл, нийт хамт олноос