”Монгол газар”-ын үйл ажиллагааг хаажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 14

“Монгол газар”, “Алтан Дорнод Монгол”  болон бусад уул уурхайн хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоожээ.  Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор 11 аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудад шалгалт хийсэн байна. Тэдний дунд “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол”  зэрэг компаниуд багтаж байгаа бөгөөд шалгалтын явцад нийт  73 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 43,1 сая төгрөгийн торгууль ногдуулж, 712,6 грамм алт улсын орлого болгожээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалт бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, “Хил заагийг хэсэгчлэн тогтоох тухай” тогтоолд хамрагдсан аймгуудад алт олборлох, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгүүлэх зорилгоор хяналт шалгалтыг хийсэн байна. Нийт 11 аймагт үйл ажиллагаа явуулдаг 242 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байдгаас 105 нь тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Харин үйл ажиллагаа явуулж байгаа 137 аж ахуй нэг шалгалтад хамрагдсан аж. Шалгалтаар 47 ашиглалтын талбайд алт олборлож байсан 73 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, улсын байцаагчийн дүгнэлтийн хамт хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн байна.

Мөн энэ шалгалтаар усны эх бүрэлдэх болон ойн сан бүхий хилийн зааг дотор  үйл ажиллагаа явуулж буй 86 байгууллага, аж ахуй нэгжийг илрүүлж, 19 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Дээрхи компаниудыг тусгаарлан заасан усны эх болон ойн санд нэвтрэн хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсан гэж үзсэн учраас мөнгөн торгууль ногдуулж, гурван аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нь зогсоох саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлж, 83 аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийг битүүмжлэн, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Сүүлийн жилүүдэд уул, уурхай, ашигт малтмалын зөвшөөрөл авсан компаниудад тодорхой хилийн зааг, ус болон ойн санд нэвтрэхгүй байх шугам хэмжээг зааж зөвшөөрөл олгож байгаа. Гэсэн хэдий ч өөрсдийн заасан хязгаараас давж, байгаль, экологид сөрөг нөлөө үзүүлэх, мөн алт олборлож байгаа томоохон компаниуд нь байгалийн нөхөн сэргээлт зэргийг хийхгүй байгаа нь экологийн сүйрэлд хүргэж байгааг хүн бүр анзаарч ярих болсон. Тэдгээрийн үйл ажиллагаа болон түүнд тавих хяналт нь сул байгааг ч тус шалгалтыг хийсэн улсын байцаагчид онцолж байсан. Тухайлбал байгаль хамгаалагч нь өөрсдөө тухайн аж ахуй нэгжтэйгээ хуйвалдах, зөрчлийг нуун дарагдуулах, хамгаалах зэрэг үйлдэл гаргадаг нь шалгалтын явцад харагдаж байсан гэв. Тиймээс байгаль хамгаалах байцаагчийг МХЕГ-ын харъяанд байлгаж, хяналт шалгалтыг чанартай хийх нь чухал гэдгийг ч тэд онцолж байв.

Өмнө МХЕГ-аас Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуй нэгжийн 40 обьектод хийсэн шалгалтаар хууль зөрчсөн компаниудын үйл ажиллагааг зогсоож байсан. Мөн хууль бус үйл ажиллагааг дахин гаргуулахгүй байх зорилгоор алт угаах нийт 40 төхөөрөмжийг нь хурааж, байгаль орчны багц хуулийн холбогдох заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэтэл эдгээр 40 обьектын ихэнх нь улсын байцаагчийн актыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр лац битүүмжлэлийг салган авч алт олборлох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байна.

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт буй “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-иудын эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд улсын байцаагчийн тогтоосон акт, шаардлагыг эсэргүүцэн, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тухайн газар дахь үйл ажиллагааг зогсоох талаар ярилцаж байсан ч энэ удаа дээрхи компаниудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Шалгалтанд хамрагдсан компаниуд нь урт нэртэй хуулийн хүрээнд байгалийн нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, байгаль орчныг хамгаалах хууль, ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг биелүүлээгүй, газрын гэрээ байгуулаагүй, усны төлбөр төлөөгүй, голын гольдрол нөхөн сэргээх ажил хийгээгүй гээд олон зөрчил илэрсэн байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг орших Өлзийт тээл, Будант, Харгуйт, Өлийн голууд ухагдаж эвдэгдсэн, хуучин гольдрол руу урссанаар усны бохирдол үүссэн байна. Энэ бохирдол Их тээлийн гол цутггаснаар Орхон гол бохирдсон гэдгийг ч шалгалтаар илрүүлсэн байна. Тиймээс энд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар” компанийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.

Уг нь байгаль, усыг бохирдуулж, сүйрүүлж байгаа эдгээр компаниудын үйл ажиллагааг зогсоох нь МХЕГ-ын үүрэг биш гэнэ. Гэхдээ шалгалтаар илэрсэн зөрчил дээр үндэслэн 73 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, цаашид холбогдох албаныханд нь үйл ажиллагааг нь бүр зогсоох хүсэлтийг хүргүүлсэн байна. Энэ тухай МХЕГ-ын дарга Р.Содхүү хэлэхдээ “Бид өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгасан. Шалгалтаао илэрсэн зөрчлийг холбогдох албаныхан болон үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага, аж ахуй нэгжийн нэрсийг нь хүргүүлж, цаашлаад Засгийн газарт өргөн барина. Шалгаад, зөрчлийг нь илрүүлээд байхад арга хэмжээ авахгүй байгаа нь бидний цаг, ажлыг үрсэн ажил болно. Тиймээс яаралтай арга хэмжээ авах чухал байна” гэлээ.

Үнэхээр шалгаад, зөрчил илрүүлээд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр хүргүүлээд байхад арга хэмжээ авахгүй байгаа бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Хэрэв арга хэмжээ авахгүй бол ирээдүйд бид эвдрэлд ороогүй газар, цэвэр усгүй болж хоцрох нь. Шалгасан, зөрчил илрүүлсэн. Тэгээд зөрчил гаргасан компанийг торгоод өнгөрөх биш хатуухан хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй юм биш үү. Үүн дээр хуулийн байгууллагууд, БОАЖЯ, Ашигт малтмалын газрууд нь ямар арга хэмжээ авахыг харж суух л үлдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top