Сүүлийн үед уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон ашигт малтмалын орд газруудаас олж буй ашиг орлого, үнэлгээтэй холбоотой, ташаа утгатай мэдээллүүд гарах болсон. Тодруулга авахаар Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй уулзлаа.
-Ухаа Худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй байх. Гэтэл сүүлийн үед танай компанийг нүүрсээ хил дээр нэг үнээр зараад, хилийн цаана давхар гэрээгээр зараад, илүү олсон ашгаа улсын татварт бүртгүүлдэггүй гэх мэтээр ярьж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Манай компанийн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй компани учраас хагас жил тутам санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй гаргаад явдаг. Эдгээр тайлангууд дээр жилийн туршид ашиг, борлуулалтын орлого, татварын хэмжээ ямар байсан бүгд нээлттэй бичигдсэн байгаа, хэн ч хараад, нягтлаад үзэх боломжтой тул илүү тайлбар хэрэггүй биз ээ. Тайлан дээр бичигдсэн бүх тоо, дүн мэдээ Монгол Улсын татварын алба, гаалийн мэдүүлэгт бүртгэгдээд шалгагдаад явсан учир хөдөлшгүй, маргаангүй гэдгийг хэлэх нь илүүц байх. Яг тодорхой үнийн тухайд гэвэл бид нэг тонн түүхий нүүрсийг ойролцоогоор 95 ам.доллараар борлуулж байна.Нүүрс баяжуулах үйлдвэр маань ашиглалтад орсноор энэ оны 6-р сараас эхлэн бид баяжуулсан нүүрсийг тонн тутамд ойролцоогоор 155-160 ам.доллараар борлуулж байна. Энэ бол нэмүү өртөг шингээж, илүү үнэд хүргэж байгаа хэлбэр. Гэхдээ нэмүү өртөг гэхээр зарим тохиолдолд буруугаар ойлгох зүйл байдаг учир бага зэрэг тодруулга хэлье. Коксжих нүүрсний эцсийн хэрэглэгч бол гангийн үйлдвэрүүд. Нэг тонн түүхий нүүрсийг баяжуулаад ойролцоогоор 650 кг баяжуулсан нүүрс гаргаж авдаг. Шууд 1 тонн баяжуулсан нүүрс болчихгүй байгаа биз? Өртөг нэмэгдэх үе шат бүрт хорогдол гарч явна. Ингээд тооцоод үзэхлээр хэдий баяжуулаад, боловсруулаад, үнээ нэмж чадаж байгаа боловч яг үнэндээ 1 тонн эцсийн бүтээгдэхүүн тутамд ойролцоогоор 10 ам.долларын бодит нэмэгдэл бий болж байна. Энэ 10 долларын нэмүүг бий болгохын тулд бид нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагалдах усан хангамж, цахилгаан эрчим хүч, тээвэрлэлтийн авто зам зэргийг байгуулж, өөрийн хөрөнгө оруулалтаар шийдэхэд 500 сая орчим ам.доллар одоогоор зарцуулчихаад байна. Ингэхлээр энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөхийн тулд хамгийн багадаа 50-60 сая тонн нүүрс олборлож, баяжуулж, тээвэрлэж, борлуулах шаардлагатай. Жилд бид 5-10 сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж, борлуулна гэвэл дор хаяж 5-10 жил шаардагдах нь. Энэ бүх хугацааны зах зээлийн савалгаа, эрсдлийг хөрөнгө оруулагч өөрөө үүрэхээр тооцсон хэрэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 250 орчим ам.доллар байна, яагаад тэр үнэд хүргэж чадахгүй байна вэ гэж шууд асуух нь учир дутагдалтай. Коксжих нүүрсний хэрэглэгч гангийн үйлдвэрүүд далайн эргийн боомт хотуудад төвлөрсөн байдаг. Австралиас тэдгээр боомтуудад нүүрс хүргэхэд тээвэрлэлтийн зардал бага, харин далайд гарцгүй манай орны хувьд далайн боомтуудад нүүрсээ хүргэхийн тулд тээвэрлэлтийн зардлыг борлуулалтын үнэндээ тусгахаас өөр аргагүй. Энэ утгаараа тээвэрлэлтийн дэд бүтэц буюу төмөр зам зайлшгүй шаардлагатай. Бид Австралитай өрсөлдөж, үнээ өсгөхийн тулд төмөр замын суурь бүтэц бий болгох шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Энийг хүн бүр мэдэж байгаа байх. Уг нь тээвэрлэлтийн өртөг буурч, бид нүүрсээ өндөр үнэд хүргэж чадвал тэр хэрээр экспортын орлого нэмэгдэж, улсад төлөгдөх татварын хэмжээ өснө. Ер нь багцаагаар аваад үзэхэд нийт ашгийн 40 орчим хувь нь татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр улсын төсөвт очиж байгаа шүү дээ.
-Татварын тухайд Монголын нүүрсний салбар улсын төсөвт хэр хувь нэмэр оруулж байна вэ? Хятад руу монголчуудаас бага нүүрс экспортолсон Австрали улс нүүрснээс жилд 2 тэрбум долларын татварын орлого олж байхад монголчууд өнгөрсөн жил ердөө 200 сая ам.долларын татварын орлого олсон нь хардлага дагуулж байгаа?
-Энэ жил Монгол улс Хятад руу экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр Австралийг ардаа орхисон нь үнэн. Монгол Улс өнгөрсөн жил нийт 15 сая орчим тонн нүүрс өмнөд хөршид нийлүүлсэн байна. Гэтэл Австрали бол Хятадаас гадна Япон, Солонгос гээд олон зах зээлд нүүрс нийлүүлдэг, нийт дүнгээрээ жилд 250 сая орчим тонн нүүрс экспортолдог улс шүү дээ. 250 сая тонн нүүрс гаргаад 2 тэрбум доллар олсон байхад манай улс 15-16 сая тонн нүүрс экспортлоод 200 сая долларын татварын орлого олсон байна, харьцуулаад үзэхэд дүйцэхүйц үзүүлэлт байх.
-Энержи Ресурс компани Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадтай хамтарсан компани гэж хэлсэн байх юм. Танайх үнэхээр үндэсний компани мөн үү?
-Аливаа зүйлийг тийм, ийм гэж тодорхойлохдоо хангалттай мэдээлэлд үндэслэж ярих хэрэгтэй байх л даа. Манайх бол Монгол Улсад бүртгэлтэй, Монголын аж ахуйн нэгж. Нийт 2,000 гаруй ажиллагсадтайгаас ердөө 3,4-хөн гадаад мэргэжилтэн бий, үлдсэн нь монголчууд. Манай компанийн хувьцааны 60 гаруй хувийг М-Си-Эс, Петровис, Шунхлай гэх зэрэг үндэсний компаниуд эзэмшиж байна. Мөн тодорхой хувийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк эзэмшдэг. Нээлттэй хувьцаат компани учраас олон нийтэд нээлттэй байгаа хувьцааны тодорхой хувийгАвстрали, Америк, Ази, Номхон далайнолон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангууд болон дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Мөн Би-Ди-Сек, MICC зэрэг брокерийн фирмүүдээр дамжуулж Монголын олон иргэн, аж ахуйн нэгж манай хувьцаанаас худалдаж авсан байдаг. Ер нь ч анхнаасаа Энержи Ресурс компанийг Монголын уул уурхайн салбарт дан гадаад компаниуд байгааг өөрчлөх, монголчууд ганц нэгээрээ чаддаггүй юм гэхэд нийлээд ажиллая гэдэг зорилгоор үндэсний компаниуд нэгдэж байгуулсан шүү дээ. Үүгээрээ ч бид бахархдаг.
-Танай компани Хонкон гийн хөрөнгийн биржид 4 тэрбум орчим доллараар үнэлэгдэж байхад төрийн өмчийн том Таван толгойг 15 тэрбум орчим доллараар үнэлсэн байна. Энэ нь Ухаа Худагийн нөөцтом Таван толгойн бараг 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг үү?
-Энержи Ресурс ХХК Таван толгойн бүлэг ордод эзэмшиж байсан нийт 6 лицензээс 5-ыг нь 2008 онд төрд албан ёсоор хүлээлгэж өгснийг хэн хүнгүй мэдэх байх. Ухаа Худаг орд нь Таван толгойн бүлэг ордын талбайн 4, нөөцийн 6 орчим хувийг бүрдүүлдэг.Үүнийг өнөөг хүртэл хийгдэж ирсэн гадаад, дотоодын мэргэжлийн судалгаануудын дүнд хэдийн тогтоосон. Ер нь ч энэ тоо хэмжээг геологи, уул уурхайн мэргэжлийн судлаачид баталж ярихаас биш 10 хувь, 20 хувь, сүүлдээ 40 хувь мэтээр өсгөж ярьж байгаа нь мэргэжлийн бус хүмүүсийн үндэслэлгүй яриа болов уу. Ингэж өсгөж ярьлаа гээд газар доор бодитой оршин байгаа зүйлийн хэмжээ нь өөрчлөгдчихгүй нь ойлгомжтой. Яг одоогийн ханшаар манай компанийн зах зээлийн нийт үнэлгээ 3.2 тэрбум орчим долларт хэлбэлзэж байна. Энэ бол хөрөнгө оруулагчид манай компанийг энэ хэмжээнд үнэлж байна гэсэн үг. Гэхдээ зах зээлийн нийт үнэлгээ гэдэг нь компанийн нийт хувьцааг зах зээлийн тухайн үеийн дундаж ханшаар үржүүлж гаргадаг хийсвэр ойлголт болохоос биш шууд бэлэн мөнгө мэтээр ойлгож болохгүй юм. Өнөөдрийн зах зээл дээр 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа компани бүх хувьцаагаа зараад шууд 1 тэрбум доллар халааслана гэсэн ойлголт огтоос байхгүй. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-г 15 тэрбум доллараар үнэлсэн нь анхны суурь үнэлгээ учраас менежмент нь сайн явагдаж, дэд бүтцээ хөгжүүлж, үйл ажиллагаа нь сайн байвал цаашид хэд ч болж өсөх боломжтой. Нөгөө талаас багахан хэмжээний нөөц эзэмшдэг, үйл ажиллагаа нь эхлээ ч үгүй хэр нь олон улсын зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа компаниуд ч байна. Иймээс олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаад, дотоодын бусад олон компаниудын зах зээлийн үнэлгээг харьцуулж, ул суурьтай судалгаа, мэдээлэлд үндэслэж ярих нь зүйтэй гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 0 )