Геологич Д.Бат-Эрдэнэ: “Хоёр толгой”-гоор өвчлөх зуур хэчнээн “толгой” хүнийх болох вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 16

“Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2007 оны наймдугаар сард нүүрсний эрэл, хайгуул хийхээр “Саусгоби Сэндс” хэмээх охин ХХК-ийг Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Овоот толгойн ордод түшиглэн байгуулсан. Улмаар 2009 оны 11 дүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.долларыг Монголын баялгаар барьцаа болгон “Саусгоби Сэндс” компани зээлжээ. Өнөөдөр тэр мөнгө Өмнөговийн хөрсөн дээр лав бүтээн байгуулалт болсонгүй. Үүгээр зогсохгүй тус компанийн учир мэдэх Монгол ажилчид ээлж дараагаар халагдаж, Монголын гэх ажилтан, манай гэх газар тэнд байна уу гэж асуухад хүрчээ. Тиймээс нөхцөл байдлын талаар геологич Д.Бат-Эрдэнэтэй уулзаж тодрууллаа.

-Таныг “Саусгоби Сэндс” ХХК-д ажиллаж байсан гэж сонссон. Юу хийдэг байсан юм бэ?  

-“Саусгоби Сэндс” Монголд лицензээ эзэмшдэг компани. Энэ компанийг байгуулахаас нь эхлэн буюу 2005 оноос эхлэн ажиллаж байгаад 2010 оны 11 сард өргөдлөө өгөөд гарсан. Ажиллаж байх хугацаандаа төслийн удирдагч, ерөнхий менежер гэж явдаг байсан. “Саусгоби Сэндс”-тэй холбоотой бүхий л геологи хайгуулын ажил, орон нутаг, төрийн байгууллагатай харьцах ажлыг хариуцдаг байсан.

-Одоо анхаарал татаад байгаа “China Investment Corporation” компаниас зээлсэн 500 сая ам. долларын талаар та сайн мэдэх байх нь ээ?  

-2010 оны 11 сар гэхэд бид Өмнөговь аймгийн 50 орчим хувьд нүүрсний судалгааг хийсний үндсэн дээр дөрвөн орд газар бий болсон. Овоот тоглой 2008 оноос ашиглалт явуулж байгаа. Дээрээс нь Өмнөговь аймгийн Номгон суманд байх Цагаан толгой болон Сүмбэр билүүт, Заг сүж гэх ордуудыг нээсэн. Тухайн үед хайгуулын 45 лицензтэйгээр эхэлж байсан бол одоо арваад болсон байх. Эцсийн дүндээ Овоот толгойт, Сүмбэр билүүт, Цагаан толгойт гэсэн гурван ашиглалтын лицензтэй үлдэж таарах байх. 2009 онд “South gobi resource”, “Саусгоби Сэндс” компаниудын удирдлагууд солигдож эхэлсэн. Өмнөх улсууд нь цэвэр уул уурхайн мэргэшсэн мэргэжилтнүүд байсан. Оронд нь ирсэн хүмүүс санхүү талынх байсан. Тухайн үедээ мөнгө ч хэрэгтэй байсан биз. Тус оныхоо 11 сард БНХАУ-ын төрийн мэдлийн “China Investment Corporation” буюу хөрөнгө оруулалтын корпорациас 500 сая ам.долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалт гэсэн үг. Тухайн үедээ бид үүнд анхаарал хандуулан лавлахад энэ бүх мөнгөөр Монголд хөрөнгө оруулна гэсэн. Нэг ёсондоо нүүрс угаах баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, геологи хайгуул, өрөмдлөгийн ажил нэрийн дор тус зээлийг авсан. Энэ зээл нь өөрөө хөрвөх зээл байсан байгаа юм. Мөнгөнийхөө оронд тухайн зээл олгосон компанидаа хувьцаагаа өгнө гэсэн үг. Нэгэнт ийм нөхцөлтэй байсан учраас “China Investment Corporation”-д зээлийнхээ оронд “Саусгоби Сэндс” ХХК хувьцааныхаа 29.9 хувийг шилжүүлсэн. Ингэхээр тус мөнгөний талаарх өр ширийн асуудал үгүй болсон хэрэг. Тухайн үед энэ мөнгөөр Монголд их юм хийнэ дээ гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр хаана байгаа нь бүү мэд. Зам нь ч байхгүй, баяжуулах үйлдвэр сууринаас өөр юмгүй л байж байна.

-29.9 гэ сэн тоо 500 сая ам. долларыг төлөөлж байна. Харин өөр талаар нь харвал юуг илэрхийлсэн тоо юм бэ?  

-30 хувийг эзэмшинэ гэдэг тухайн компанийн үйл ажиллагаанд Хятадын “China Investment Corporation” шууд оролцох эрхтэй болж байна. Бодлогод нөлөөлнө, тухайн уурхайгаас орж ирсэн ашгаа авна.

-Тэгвэл 500 сая ам.долларын талаар ямар нэг таамаг байна уу?

-Мэдээж хаа нэгэн газар эргэлдэж л байгаа. Наад зах нь банкинд хүүтэй хадгалагдаж таараа. Чухам хаана байна гээд асуухаар тухайн компанийнхан тодорхой хариу өгч чаддаггүй юм билээ. Зөвхөн Монголд зарцуулна гэсэн энэ мөнгийг хоёр жил сураггүй байхад одоог хүртэл нэхэл дагуул болохгүй байгаа нь сонин л юм. Засгийн газар ч мэдэхгүй байх.

-Мак компанийн олборлолт явуулж буй Нарийн сухайтын орд стратегийн гэх тодотголтой. Түүний үргэлжлэл нь таны дээр дурдсан газрууд. Тэгэхээр эл ордуудыг стратегийн гэж үзэж болох уу?

-Тухайн үед одоогийн Овоот толгойт гэж яригдаад байгаа орд “Айвенхоу Майнз Монголия Инк” компанийн нэр дээр Нарийн сухайт гэж явж байсан юм. Тэгээд яахав, бид тайлан хамгаалах үедээ Овоот толгой гэж нэр өгсөн. Геологи талаас нь харах юм бол эдгээр нь нэг орд. Ямар ч хүн хараад хэлээд өгнө. Нарийн сухайтын орд гэдэг 1991 онд улсын төсвөөр хийсэн одоо “Мак”-ын мэдэлд явж байгаа. Тэрнээс шууд залгаад Овоот толгой бий. Харин одоогоор Нарийн сухайтын стратегийн ордны хил заагийг тогтоогоогүй байгаа учраас Овоот толгой, Сүмбэр билүүт нь багтаж байгаа юм уу, үгүй юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.

-Овоот толгойг стратегийн гэж үзээд “China Investment Corporation” үйл ажиллагаанд нь шууд оролцдог гэвэл цаашдынх нь дүр зургийг хэрхэн харж байна?

-Хэрэв Хятадууд “Саусгоби Сэндс” ХХК-ийг авчих юм бол Монголд байгаа гурван нүүрсний орд газарыг өөртөө авчихаж байгаа хэрэг. Манай хууль тийм. Эдгээр ордууд хилд маш ойр. Нөөцийг нь сайн үзэх юм бол дажгүй, чанар ч дээгүүр. Хажууд нь Мак ажиллаж байгаа. Хятадууд ордуудад эрх мэдлээ тогтоосноор ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол компаниудыг үнээ буулгах замаар дампууруулж өөсдөдөө худалдаж авах эсвэл шууд зах зээлээс шахах бодлого явуулж мэднэ. Цаашлаад Таван толгойн нүүрсний үнэд ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Нэг үгээр Монголын нүүрсний бодлогод шууд нөлөөлж эхэлнэ. Нөгөө талаар Хятад компани хятад дарга, хятад ажилчидаа л авч ажиллуулна. Ингэхээр Өмнөговь нэрэн дээрээ Монгол нидэр дээрээ Хятад болохыг үгүйсгэхгүй. Нэгэнт Хятад улс хөрөнгө оруулалт хийчихсэн учраас түүнийгээ хамгаалж эхэлнэ. Ямар нэг зүйл болоход өөрсдийн замаар нөлөөлөх ажлуудаа хийж эхэлнэ. Өнгөрсөн зун боомтуудаа хаагаад нүүрс авахгүй гэхэд л Таван толгой ч тэр, Нарийн сухайт ч тэр хэрэггүй болж хувирсныг бүгд мэднэ. Энэ бол биднийг сүрдүүлсэн маягийн нэг дохио.

-Овоот толгойн одоогийн үйл ажиллагааны талаар танд мэдээлэл байна уу?

-Уурхайн үйл ажмиллагаа явах нь явж байгаа юм билээ. Гэхдээ зэрэгцээ ажиллаж байгаа Монгол компаниудтай харьцуулахад ашиггүй ажиллаж байна гээд, мөнгөгүй гэсэн шалтгаанаар монгол ажилчдаа халаад байгаа гэсэн. Халагдсан хүмүүсийг нь харахаар үнэхээр юм аа мэддэг, гадныхны өмнөөс хэлэх юмаа хэлчихдэг, мэдээлэлтэй улсууд байгаа юм. Биднийг ажиллаж байхад “Компани ажилчдынхаа төлөө, ажилчид компанийхаа төлөө” гэсэн зарчмаар ажиллаж, тийм ч байсан. Арван менежерийн долоо нь монгол, гурав нь гадаад хүн байсан.Одоо эсрэгээрээ болчихсон, хүмүүс нь ялнаас яаж салах вэ гэсэн бодолтой болчихсон гэсэн. Гадныхан нь ч Монголчууд яадаг юм гэсэн байртай хандаж, орон нутгийн иргэдтэй зөрчилтэй, их дургүй болсон.

-Одоо төрөөс эл ордод анхаарал хандуулж байгаа гэх сураг ажиг байна уу?

-Манай төр засаг Хоёр толгойгоор өвчилчихсөн хойгуур хичнээн толгой хүнийх болох вэ. Оюу, Таван толгойгоос гадна өдий төдийгөөрөө юм хийж байгаа компаниуддаа анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар хуулиа цэцглэх хэрэгтэйг өнөөдөр нотлоод өгчихлөө. Намайг яаманд ажиллаж байхад нэг хүнд Европын нэг оронтой тэнцэхүйц талбай бүхий 200 лиценз олгогдчихсон байсан. Хууль ийм байхад тэр хүнийг буруутгах аргагүй. Яг ийм байдлаас үүдэж ихэнх гайгүй газруудыг гадныхан мөнгөөр зодоод авчихсан. Бид одоо Хятадын хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавих хэрэгтэй. Хөрш зэргэлдээ орнуудын эрдэс баялгийг авч ашиглах гэсэн бодлогоо амжилттай Монголд явуулж байна. Манай хууль хэтэрхий зөөлөн учраас ихэнх төмрийн ордууд, цайрт менералын бүх орд Хятадын мэдэлд орж, цаашлаад уран, жонш, Таван толгой руу ч орчихлоо. Ийм байдлаар явах юм бол бидний бүх юм Хятадынх болно. Манай улс 14 жил бүх юмаа задгай тавьлаа. Бид Хятадын зах зээлд ороод үйл ажиллагаа явуулж чадахгүй. Японд бол бүр чадахгүй. Тиймээс эх орондоо ажиллаж байгаа Монгол компаниудаа дэмжих хэрэгтэй. Одоогийн анхааралд байгаа томоохон ордуудад гадныхан голлож байгаа. Аажимдаа Монгол компаниа оруулж гадагшаа алдаад байгаа ашгийг өөрсдийнхөндөө өгмөөр байна. Тэгж байж сая бид өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн ашиглалт, олборлолтыг хийж чаддаг болно шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд Овоот толгой эцэстээ овоолоостой шороо болох уу эсвэл олон түмэнд өгөөжөө өгөх эдийн засгийн хөшүүрэг болох уу гэдэгт таны байр суурийг сонсоё?

-Овоот толгойг алсдаа “South gobi resource” компани зарчих байх. Ер нь хэрэг бишдээд ирэхээрээ л хүмүүсээ халж, солиод, үйл ажиллагаа нь унтаа болоод ирдэг шүү дээ. Гурав, дөрвөн жилийн настай гэж бодож байна. Худалдан авагчийн тухайд бол тэргүүн эгнээнд Хятадууд байх нь ойлгомжтой. Нэгэнт Хятадынх болчихсон хойно нь мянга хашхираад ч нэмэргүй. “South gobi resource” компани “Та нар өөрсдөө учраа ол” гэнэ. Манайх байхад нь монголчуудыг гадуурхаад байгаа юм чинь Хятадынх болчихвол газар нутгаас нь хөөж ч мэднэ. Овоот толгой нэрний дор Өмнөговийн 303 км2 Монголын газар нутаг явж байгаа.

Б.Чинбат

Үндэсний мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top