”Оюутолгой”-нхон мэдээллийн төвөө нээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 07

Оюутолгой төслийн мэдээллийн төвийн нээлт өчигдөр боллоо. “Төслийнхөө мэдээллийн төвийг их, дээд сургуулиуд төвлөрсөн энэ газарт нээж байгаа маань учиртай. Монгол орны уул уурхайн салбарын ирээдүйн боловсон хүчнүүдэд бид ойрхон байх гэснийх” гэж “Оюутолгой” компанийн удирдлагын төлөөлөл ноён Дэв Патерсон нээлтэд хэлсэн үгэндээ онцолж байлаа. Тус мэдээллийн төв нь уул уурхайн салбар, түүний дотор “Оюутолгой” компанийн бүтээн байгуулалтын талаар оюутан сурагчид, судлаачид төдийгүй нийт иргэдэд тодорхой мэдээлэл өгөх юм байна. Мэдээллийн төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд С.Зоригт, бид өнгөрсөн жил Оюутолгой төслийн их бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг хийж гүйцэтгэсэн баярт мөчийг хамтран тэмдэглэж байсан бол тус мэдээллийн төвийг нээж байгаа энэ өдөр дээрх ажлын 70 хувийг дуусгахаар эрчимтэй хөдөлмөрлөж байна гэж онцлон дурдсан юм. Энэ онд Оюутолгой төслийнхөн олборлолтын үйл ажиллагааны эхний ээлжийг ашиглалтад оруулах зорилт тавиад ажиллаж байгаа билээ. Оюутолгой төслийн мэдээллийн төв нь үндсэн таван ажилтнаас гадна 20 гаруй оюутныг гэрээгээр ажиллуулахаар болжээ. Мэдээллийн төвийн нээлтэд “Оюутолгой" компанийн ТУЗ-ийн дарга Д.Батсүх болон албаны бусад хүн оролцлоо.

 Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top