Монголчууд, Монголын төр хэдхэн импортлогчдод хэтэрхий дарлуулж байна.
Тэд нэг орой уулзаад “Долларын ханш өсч байна. Цаашдаа ч өсөх байх. Хэдүүлээ шатахууныхаа үнийг нэмье. Ойр ойрхон дахин дахин нэмж байхаар нэг мөсөн 280-300 төгрөгөөр нэмчихье” гэж яриад л тэр оройноос нь үнээ нэмчихсэн. Ингэхдээ Засгийн газрын дэд сайдыг бол хүн чинээ тоосонгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхныг бол бүр ч “хүүхэлдэй” аятай үзэв. Үнэ нэмэгдэхээс нь амжиж авах гэсэн уртаас урт дараалал ард түмний амжиргаа ямар байгааг харуулсан. Гэхдээ хатуу сэтгэлтэй импортлогчдод энэ огт падгүй байв. Үнэ нэмэгдэхээс нь өмнө амжиж банкаа дүүргэсэн ч шатахуун бол өнөөгийн нийгэмд талхнаас өөрцгүй хэрэглээ. Тэгээд ч ганц нэгээрээ үнээ нэмсэн бол хэрэглэгчид хямдхан руу нь хуйлрах байлаа. Тэгэхгүйгээ импортлогчид мэдэх учраас үгсэн тохиролцож, үнээ нэмэхтэйгээ. Шатахууны үнийг дагаад такси, нийтийн тээвэр, талхны үнэ хүртэл өсч, иргэдийн бухимдал эцсийн цэгтээ тулаад байгаа. Харин Засгийн газрын тэргүүн Сү.Батболд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, хэдэн хурган даргыг халах, дураараа импортлогчдыг 10 тэрбумаар торгохыг үүрэгдэв. Энэ бол Монголын хувьд эмгэнэл.
Уг нь Монголын хөрсөн дор газрын тос бий. Үүнийг зарлан тунхаглаад хорин жил өнгөрчээ. Анхны Ерөнхийлөгч дээлээ тосолсноос хэтэрсэнгүй. Монголын газрын тосыг хятадууд боловсруулаад машиндаа хийж байна. Харин бид хэдхэн хүний далайсан гараар явган явж, далласан гараар машинтай давхих болж.
Бүх зүйл нефть импортлогчдын гарт оржээ. Тэд кофе уунгаа Монголын эдийн засгийг сөхрүүлж, гайгүй явсныг нь гуйлгачин болгож, хоосон хонуулах шийдвэрийг гаргана. Тамхилангаа байгаа мөнгөндөө бензин авахаар шоргоолз шиг ар араасаа дугаарлах иргэдийг харж кайф авна. Мөнгө нь тэрбум тэрбумаар өсч байгааг харан ямар их хүчтэйгээ мэдэрч, “Хэн намайг зогсоох юм бэ. Эрх мэдэл бидний гарт байна” хэмээн ихэмсэглэдэг биз. Төрийн ордонд шатахуун нэмсэн шалтгаанаа тайлбарлахаар очихдоо “Чамд хэлэх зөвлөгөө байна. Чи битгий хуц аа” гэх нь холгүй гардаг тэд ер нь хэн юм бэ.
Уг нь тэднийг дур зоргоор нь үнээ нэмэхийг хориглох, хянах яамнаас эхлээд хэд хэдэн агентлаг байдаг ч бүгд гарт нь орчихсон. Юун иргэдийн эрх ашгийг тэднээс хамгаалах. Харин ч эсэргээрээ. Иргэдээс нөгөөдүүлийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Тэр нь ч сүүлийн хэдэн жилд батлагдсан зүйл. Ер нь их л тааламжгүй сэдэв дээ, энэ. Таатай мэдээ гэвэл өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хуралдаанаас шатахуун импорлогчдыг 10 тэрбумаар торгохоор болсон. Тэглээ гээд иргэдээс авсан мөнгийг эргүүлээд өгөх биш. Нэг нөхрийн халааснаас гараад нөгөө луйварчны мэдэлд шилжих нь дамжиггүй. Тэр байтугай өнгөрсөн жил ногдуулсан торгуулийг импортлогчид өнөө хэр төлөөгүй байгаа гэх мэдээлэл чих дэлсэж эхэлсэн. Хариуцлага тооцож байгаа нь энэ. Энэ удаагийнх ч бас ирэх жилийн өдий гэхэд төлөгдөлгүй мартагдсан байна биз.
Нефть импортлогчид. Энэ үг өнөөдөр дарангуйлагч, эсвэл төрийн эрхийг баригч гэдгээс нэг их ялаагүй утгатай болчихож. Ажилчин шоргоолз шиг монголчууд тэдний албат ч юм шиг. Зоргоороо тогтоосон ханшийг нь “Жа” гэж байгаад л ёс юм шиг төлдгийг өөр юу гэхийг хувьдаа хэлж мэдэхгүй юм.
Ер нь шахатуун импортлогч гэж хэн байна вэ? Хамтдаа харъя л даа.
“Жаст” групп. Энэ компанийн ард УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Цэнгэл бий гэлцэх. Тэд хэн байсан. Орлого нь жилийн жилд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр нь хэд дахин өсч, түүнтэй зэрэгцээд ядуусын тоо хэд дахин нэмэгдсэнийг эргээд нэг харьцуулаад хараарай.
“Петровис”. Монголын ганц саалийн үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг томоохон эзэмшигчдийнх нь нэг. О.Содбилэг Эрдэнэтэд нэр дэвшинэ гээд хэзээний сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихсэн яваа. МАН-ын бага хурлын гишүүн. Халаасныхаа зузаанаар сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтын хамгийн эхний эгнээнд бичигдэнэ. Түүний ээж Д.Туяа 2004-2008 онд Завханаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, багагүй хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Өдгөө Германд Элчингийн зөвлөхөөр ажиллаж буй. “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэлийн хувьд улс төр ярьж гүйгээд байдаггүй ч МАН-д багагүй хөрөнгө оруулалт хийдэг талаар гишүүд нь шагшин магтана.
“Сод Монгол” групп. Шахатууны үнэ нэмсэн ч Ц.Анандбазар, шав тавьсан ч, хийд барьсан ч Анандбазар, морь уралдсан ч, бөх барилдсан ч Анандбазар. НИТХ-ын төлөөлөгч тэрээр хамгийн сүүлд Дорноговьчуудад 160 тонн гурил тарааж сайн үйлсийн эзнээр тодроод байгаа. Тэрээр сонгуулиар тус аймагт нэр дэвшихээр шийдсэн бололтой. Сумдын эмч нарт мотоцикль тарааж, суурин иргэдэд нь гурил тараагаад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлчихсэн гэсэн.
“Магнай трейд”-ийн Г.Магнай. Ардчилсан намын гишүүн. Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Бас л нэр дэвшихээр зэхэж буй нэгэн.
“Шунхлай” групп. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн эзэмшил. “АПУ”ХК-иас эхлээд үндэсний томоохон үйлдвэрүүдийг эзэмшдэг түүнийг улстөрчөөс гадна уяачаар нь түмэн андахгүй. “Толин хул”-ын үгийг бичсэн мань хүнийг “Женко” Х.Баттулга “архины бизнестэй улстөрчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” байх хууль санаачилж сандаргасан. Түүний тусламжтайгаар шатахуун импорлогчид олон ч удаа татварын хөнгөлөлт эдэлсэн.
Монголын иргэн бүрт хамаатай бизнестэй энэ бүлэглэлүүд сүүлийн арваад жил “Ямар ч ашиггүй бизнес, дандаа алдагдалтай ажиллаж байна” гэдэг ч нэг нь ч бизнесээ орхидоггүйнь бодит байдал дээр эсрэгээрээ гэдгийг гэрчилнэ. Монголын бүх мөнгийг гартаа эргэлдүүлж байдаг энэ эрхмүүдээс Монгол өрх бүрийн өдрийн хоол, өмсөх хувцас хамаардаг.
Харин тэд одоо өөрсдийн бизнесийн шинэ шатыг улстөрд орсноор эхлүүлэх нь. Магадгүй дараагийн парламентад шатахуун импорлогчдын бүлэг бий болох магадлал туйлын өндөр байгаа. Ингэснээр өөрсдөдөө ашигтайгаар аливаа журам, татвар, хуулийг батлуулж чаддаг байсан тэд одоо өөрсдөө хуулиа санаачлаад батлах нь. Магадгүй тэгснээр замын түгжрэлээс эхлээд машины тоо хүртэл буурсан үзүүлэлт бий болно. Хаданд гарсан үнэтэйгээр шатахуунаа зарвал “аксент”-тай халтуурчдаас эхлээд олон хүмүүс машиныхаа түлшийг авч хүчрэхгүй гэртээ сууна. Тэднийг дагаад 10-20 мянган өрх өлмөн, зөлмөн өдөр хоногийг өнгөрөөнө. Хэрэв тэгвэл өндөр үнэтэй таксигаар үйлчлүүлэх хүн ч олдохгүй болох нь тодорхой.
Иймэрхүү байдлаар л монголчуудын амьдрал, ирээдүй тэдний гарт орчихож. Нефтийн үйлдвэртэй болно, үйлдвэрийн шав тавина гэхчлэн арваад жил ярьсан аманцар улстөрчид, шатахуун импортлогчдын халаас хором хоромд дусал дуслаар түнтийнэ.
Харин тэр хооронд 40 орчим хувьтай байгаа ядуурал 60 хувьд ч хүрч мэднэ. Ерэн хувь ч болох юм бил үү, хэн мэдлээ.
Хамгийн дургүй хүрмээр нь наанадаж өрх болгон, цаашлаад хүн бүхэн машин хөлөглөхийг хүсч байгаа ч тэдний оролцоотойгоор тэрхүү хүслээ биелүүлж чаддаггүй нь нууц биш. Улстөрчдийн тусламжтайгаар тэд биднийг дэндүү дээрэлхэж байна аа.
Эцэст нь тэдэнд хэрэглэгчийн нэрийн өмнөөс ганцхан зүйл хэлье. Та нар битгий давар аа...
Л.Нарантөгс
Сэтгэгдэл ( 0 )