Л.Пүрэвдоржийн огцрол АН-нд ашиг, ард түмэнд хохирол авчирна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 18

Монголбанкны ерөнхийлөгч бүхэн өргөдлөө өгөөд, хариуцлагаас зугтах ёстой гэж үү? -







сурталчилгаа »   


Зэс, алтны үнийн уналт, "Анод" банкны дампуурал, үнийн өсөлт гээд шил шилээ дарсан олон асуудлын гол буруутан нь Монголбанкны Ерөнхийлөгч асан А.Батсүх болж, огцрох өргөдлөө өгч байсан. Мөнгө, санхүүгийн ямар нэг асуудал үүсэхэд түүний гол буруутан нь Төв банкны Ерөнхийлөгч байдаг гажиг манайд тогтчихож. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиурыг хайхдаа нүдний өмнө харагдаж байгаагаар нь Монголбанкны удирдлага руу дайрдаг. Арга ч үгүй дээ, жинхэнэ буруутныг нь олох чадвар байхгүй хойно. Аль нэг намын шахалтаар огцрох өргөдлөө өгөөд, галын шугамаас зугтана гэсэн дүрэм журам хаана ч байхгүй. Үүнийг Л.Пүрэвдорж Ерөнхийлөгч ч сайн мэдэж байгаа.

Тиймдээ ч тэр огцрох өргөдлөө өгөх эсэхэд хариулт өгөхдөө "Тийм зүйл байхгvй ээ" гэж эрс шулуухан хариулсан. Учир нь Л.Пүрэвдорж Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж, валютын ханшийг тогтвортой болгож чадсан. Төвбанк өөрийн нөөцөөс интервенц хийж, 5.5 сая ам доллар гаргаж, 1495 хүрээд байсан ам долларыг 1403 төгрөгт хүргэж хуучин хэмжээнд нь аваачсан. Энэ бол Л.Пүрэвдоржийн гавьяа. Тэр хашир туршлагатай банкир гэдгээ харуулаад зогсоогүй, цагаа олсон оновчтой арга хэмжээ авч чаддаг ясны зохион байгуулагч хүн гэдгээ харуулсан.

Үнэхээр л шатахууны үнэ вадютын ханшнаас болж өссөн юм бол ам долларын ханш буудгаа буучихаад байхад шатахуун яагаад өссөн үнээрээ иргэдэд хүрсээр байгаа юм бэ? Эндээс л шатахууны үнийн өсөлт Монголбанк, Л.Пүрэвдоржид ямар ч хамаагүй нь харагдаж байгаа юм. Гэтэл яагаад заавал Л.Пүрэвдоржид хариуцлага үүрүүлж, түүнээс бурууг хайгаад байна вэ? Төвбанкны Ерөнхийлөгчийн суудлаас Л.Пүрэвдоржийг буулгах нь АН-ынхандямар ашиг авчрах вэ? Магадгүй АН-ынханд сонгуулийн мөнгөө угаахад нь Л.Пүрэвдорж саад болоод байгаа ч юм билүү. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал АН-ын хүн, түүнийг ашиглан сонгуулийн шоу хийх мөнгөө Төвбанкнаас гаргахад тийм ч их асуудал үүсэхгүй.

Тэгэхээр Л.Пүрэвдорж АН-ынханд гай болоод байгаа учраас хиймэл шалтаг гаргаж ирэн, түүнийг унагаах гэсэн санаархал байхыг ч үгүйсгэх аргагүй. Л.Пүрэвдорж энэ суудлаас зайлаад өгвөл валютын ханш тогтворжин, үнийн хөөрөгдөл буурна гэж АН-ынхан бодож байгаа бол харин ч санасны гарз. Бүр эсрэгээр болж, валютын ханш, инфляци нэмэгдэж, үнийн хөөрөгдөл тэнгэрт гарна. Харин тэр үед АН биш Монголын ард түмэн хохирно. Л.Пүрэвдоржийг огцруулахаар гарын үсэг зурсан АН-ын 20 гаруй гишүүн ард түмнийг тэжээх юм уу, эсвэл?

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалын "Ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийж ирсэн, хийж байгаа, хийх ч болно. Зах зээлд хэрэгцээтэй үед валют нийлүүлэх хангалттай нөөц бий. Эх үүсвэр ч хангалттай бий" гэсэн мэдэгдэл АН-ынхны шүлсийг нь гоожуулж, шуналыг нь хөдөлгөсөн ч байж магад. Тиймээс л учир мэдэх хүмүүс үнийн өсөлт Монголбанктай ямар ч хамаагүй гэсээр байхад огцруулах гээд муйхарлан зүтгээд байгаа нь энэ мэт далд санаатай л байж таараа. АН-ынхны хийрхлийг Н.Золжаргал мєн л үгүйсгэсэн. Тэрээр шатахууны үнийн өсөлтөд вальтын ханш нөлөөлөөгүй. Ханшийн өсөлтөд Монголбанкны алдагдал ямар ч хамааралгүй гэдгийг баттай хариуцлагатайгаар хэлж чадна гэж Л.Пүрэвдоржийг буруутгаж байгаа АН-ынхны үндэслэлийг няцаасан.

Тэгэхээр л Монголбанкны толгойг нь унагаачихаад, эцэст нь нөөц хөрөнгөөр нь сонгуулийн шоу хийх санаархал АН-д нуугдаж байгаа нь гарцаагүй. Жил жилийн цагаан сарын сургаар долларын ханш чангардаг "жамтай". Учир нь монголчууд хэрэгтэй, хэрэггүй бэлэгний зүйл худалдан авахаар их хэмжээний мөнгөний урсгалыг гадагш нь гаргадаг. Жилийн тэр үе ирж, долларын ханш жамаараа өсч байхад түүнийг хэн нэгэн хүн цаашлаад Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хөөрөгдсөн мэтээр олон нийтэд сөрөг мэдээлэл өгөх шаардлагагүй. А.Батсүх Ерөнхийлөгчийн жишгээр Л.Пүрэвдорж өргөдлөө өгөөд огцорлоо гэхэд түүнийг орлох чадвартай банкир манайд байгаа билүү.

Тогтворгүй эдийн засагтай манай улсын Төвбанкийг санхүүгийн сургууль төгссөн төдий нэртэй дуртай нэг нь удирдах ёсгүй нь мэдээж. Санхүү, банкны удирдлагын чиглэлээр олон жил ажилласан тулхтай хүн л биднийг үнэ, инфляцийн өсөлтөөс аварч чадна. АН Л.Пүрэвдоржийн оронд Н.Золжаргалыг тавьчихна гэж цээжний хонжоо хийж яваа бол тэр нь жинхэнэ эндүүрэл. Учир нь Н.Золжаргалд төрийн том банкийг удирдаж, Монгол Улсын санхүүгийн амьдралыг зохицуулах чадвар дутна. Дээр нь Н.Золжаргал Монгол Улсын нэрийн өмнөөс теллер хийж, гадагшаа хөрөнгө урсгаж байсан эдиин засгийн гэмт хэрэгтэн байсан удаа бий. Түүнийг Монголбанкны толгойд аваачаад тавьчихвал дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгчийг жинхэнэ утгаар нь харуулна биз дээ.

Мөнгөний ханшийг тогтворжуулах нөөцөөрөө тоглоно, дээр нь АН-ыг угжина. Тэгээд тун удалгүй монголчууд үнийн өсөлтөнд туйлдаж, сэхэх ч чадваргүй болж мөлхөнө. АН ард түмний дуу хоолой болж, тэдний төлөө шударга ёсыг баримталдаг гэлүү? Энэ удаа лав энэ үзэл баримтлалаа, ёсоо мартсан бололтой. Ядаж зүгээр ажлаа хийж байгаа хүнийг тайван орхиж болдоггүй юм байх даа. Дахин хэлэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн огцрол АН-ынханд ашигтай, ард түмэнд хохиролтой байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top