Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат нарын хийсэн үйлдэл аймгийн хэмжээнээс хэтэрч Засгийн газрын ордон дотор хүртэл хэрүүл тарьж байна. Амьдаа нар Булган аймгийн Тэшиг сумын унаган хүүхдүүд. Тэшигийнхэн ч хоёр Оюунбатаараа бахархах дуртай. Одоогоос жил гаруйн өмнө Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат нутгийн найз болох Булганы Засаг даргааас гуйлга гуйсан аж. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ бага мал өвөлжүүлэх нутаг бэлчээр алга, иргэддээ газар өмчлүүлэх ч нутаггүй боллоо. Хар замын дагуух газраас өрхийн амьжиргааны зориулалтаар 1000 айлд газар эзэмшүүлмээр байна. Зохих хууль, тогтоомжийн дагуу шийдэж өгөөч хэмээн бадар барьсан байна. Булганы М.Оюунбат ч хэзээний овжин, бизнес сэтгэлгээтэй, суусан газраасаа шороо атгаж босдог овсгоотой эр тул амьдаагийнхаа хүсэлтийг ёсоор болгож аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр оруулж дэмжүүлэн Орхон аймгийн иргэдэд тодорхой хэмжээний газар эзэмшүүлэхээр болжээ. Энэ нь нарийндаа хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хоёр аймгийн удирдлага сайн мэдэж байв.
М.Оюунбат ч орхончуудын гэх тодотголтой энэ хүсэлтийг овжин гэгч нь ашиглахаар шийдэж хариу бичгийг Д.Оюунбатад явуулсан байна. Түүндээ Булган аймгийн иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс ард иргэдийн ажлын байр нэмэгдүүлэх, малчдын ашиг орлогыг дээшлүүлэхийн тулд цагаан идээ борлуулах захын зориулалтаар тодорхой хэмжээний газрыг Эрдэнэт хотод олгож өгнө үү хэмээсэн байдаг. Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат найзынхаа “хувийн” гэмээр энэ хүсэлтийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулжээ. Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын есөн тэргүүлэгч судалж үзээд асуудлыг нааштайгаар шийдэж болох тухай хариуг Засаг дарга Д.Оюунбатад өгчээ. Өөрөөр хэлбэл, албан ёсоор зөвшөөрөөгүй аж. Ийнхүү Оюунбаттангуудын гар нийлсэн гавьшгай ажил шуударсан байна. Д.Оюунбат дарга “Хурлын хэдэн юмнууд зөвшөөрсөн юм чинь яадгийм” гэж үзээд Урт булаг баг тавдугаар бичил хорооллын нутагт булганчуудын гэх тодотголтой цагаан идээний захын газрын зөвшөөрлийг гаргаж гарын үсэг зурсан аж. Тэр даруй Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат Эрдэнэт хотын төвд А зэрэглэлийн бүсэд олж авсан газрын зөвшөөрлөө чулуу болгох ажлаа хийсэн гэнэ. Тэрээр цагаан идээний зах барих хувийн хамтрагч хайж явтал “Сод Монгол”-ын захирал Д.Анандбазар таарч М.Оюунбат ч түүнд дээрх газрын зөвшөөрлийг багагүй үнээр зарсан бололтой. Ингээд л нөгөөх нутгийнхаа иргэдийн төлөө унтах завгүй 12 жил зүтгэлээ хэмээн агсамнадаг М.Оюунбат Эрдэнэт хотын газрыг бусдад зарсан аж. Эрдэнэт хот дахь Булган нутгийн иргэн, малчид ч нутгийн хүүгийнхээ хүчээр өөрийн гэсэн цагаан идээний захтай болох нь хэмээн тэсэн ядаж хүлээж байсан итгэл сэтгэл рүү нь М.Оюунбат “Сод Монгол”-ын бензин цацсан байх юм. “Сод Монгол”-ынхонд ч буруу юу байхав. Орхон аймгийн Засаг даргын гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй газрыг хар захын наймаачнаас аваагүй Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатаас авсан учраас бизнесийн ажлаа эхлүүлэхээс яахав. Харин эрдэнэтчүүд цагаан идээний зах биш шатахуун түгээх станц баригдаж байгааг мэдсэн цагаасаа эхлэн аймгийн засаг ноёндоо удаа дараа хандсан авч хүчин мөхөсдөж байх зуур ШТС ч баригдаад дуусчээ. Энэ хугацаанд Д.Оюунбат дарга Эрдэнэт хотын төвд нэг ШТС байхад яадгийм. Өмнөх Засаг дарга Г.Шархүү гэр хороололд айл өрх, албан байгууллагын дунд ШТС бариулж болоод л байсан гэж сэтгэсээр суутал “төрсөн дүү нар” нь “Том ах”-ыгаа суудлаас нь унагаад амжсан.
Ийнхүү Булган аймгийн Тэшиг сумын уугуул М.Оюунбат, Д.Оюунбат нарын тарьсан балгаар Эрдэнэтийн тавдугаар бичил хорооллын айл өрхүүд гэртээ галт бөмбөг тэврэн амьдарч байна. Саяхан Д.Оюунбатын гаргасан хууль бус захирамжийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч П.Пүрэвлхагва хүчингүй болгож, газраа чөлөөлүүлж авахыг аймгийн Газрын албаны дарга Ц.Цанаширт тушаасан тухай шийдвэр гарсан байна. Эндээс харвал эрдэнэтчүүдийн хувьд “Мөнгөтэй нь дийлэх нь үү эрх мэдэлтэй нь давах уу” гэдгийг харах л үлдээд байна. Уг асуудлаар мэдээлэл авахаар Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатад хандсан боловч “Эрдэнэтийн газарт би зөвшөөрөл олгодоггүй. Д.Оюунбатаас асуу” гэсэн хариу өгөөд утсаа салгасан гэнэ. М.Оюунбат дарга шадар нөхөддөө “Би буруудсан ч яахав. Нутагтаа очоод сумынхаа Засаг дарга болно доо” гэж ярьсан тухай нутгийнхан нь шуугиж байна. Оюунбат нэртнүүд ийм л хуншгүй зан гаргадаг бололтой. Тэшиг сумынхан эрэгтэй хүүхэд төрвөл голдуу Оюунбат нэр өгнө. Гэтэл Оюунбат нэртэй амьдаа нар нэг иймэрхүү л ажил хийж явна. Засаг дарга асан Д.Оюунбат ганц энэ удаагийнх ч биш өөр олон юманд амьдаа нарынхаа хамт оролцож явсан юм билээ.
Н.Хэрлэн
Сэтгэгдэл ( 0 )