Сангийн сайд С.Баярцогт:
-Та өөрийгөө Сангийн сайдын үүргийг хэрхэн гүйцэтгэсэн гэж дүгнэж байна вэ?
-Сангийн сайдаар ажиллаж байсан эхний үед маш хэцүү байсан. Тэр үед дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн байлаа. Гэхдээ Ардчилсан нам, Ардын нам хамтарснаараа санхүүгийн хямралыг маш богино хугацаанд даван туулж чадсан. Үүнээс гадна манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг Ази, Номхон далайн орнуудын дунд анх удаа амжилттай хэрэгжүүлсэн улсаар шалгарсан. Мөн нэлээд олон хууль, тогтоомжуудыг өөрчилж, амжилттай ажилласан учир 2010, 2011 он Монгол Улсын хувьд өндөр өсөлтийн жил болж чадсан. Хувь зохиолоор гэдэг ч юм уу, гацаанд ороод байсан Оюутолгойн гэрээг удирдан, батлуулж, гэрээг гардаж хийх үндсэн үүрэг надад оногдсон. Тиймээс би Монгол Улсад маш хэрэгтэй, хөгжлийн үсрэнгүй үеийг бий болгох гэрээг гардаж хийснээрээ их бахархдаг.
Энэ гэрээ бидний ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болно гэдэгт ч итгэлтэй байгаа. Оюутолгой төслийн шууд болон шууд бус үр нөлөөг мөнгөөр хэмжих ямар ч аргагүй л дээ. Энэ гэрээний хамгийн давуу тал нь Монголын Засгийн газраас нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт гаргалгүйгээр бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөгийн зах зээлийн ханшаар 59 хувийн ашгийг нь Монгол Улс хүртэх явдал юм. Бид гэрээгээ олон улсын байгууллагуудаар дүгнүүлэхэд “Энэ гэрээ Засгийн газар талдаа маш ашигтай болсон” гэсэн судалгааны дүн гарсан. Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хууль, Худалдан авалтын тухай хуулиудыг санаачилж Монголын эдийн засгийн төвлөрлийг сааруулах, орон нутагт санхүүгийн эрх мэдэл, хөгжлийн боломжийг бий болгох асуудлыг шийдсэн. Үүнийг маань ч УИХ, Засгийн газрын зүгээс маш их дэмжиж ажилласан учир өөрийгөө их хувьтай хүн гэж боддог.
-Таныг Сангийн сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын эдийн засагт ямар томоохон өөрчлөлт гарав?
-Намайг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улс бага орлоготой орноос дундаж орлоготой улсын ангилалд шилжлээ. Зөвхөн хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан улсуудын эгнээнээс арилжааны зээл авдаг улс болж хувирсан. Эдийн засгийн хувьд манай улсын зэрэглэл тасралтгүй сайжирсан үзүүлэлт гарсан. Төсвийн ил тод байдлын үзүүлэлтүүд ч дэлхийн өндөр зэрэглэлтэй орнуудтэй эн зэрэгцэж нээлттэй орон болсон гэж бодож байна. Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төсвийн ил тод байдлыг хангах тухай тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолыг батлуулснаар хүссэн хүн бүр татварынхаа мөнгийг хэрхэн зарцуулж байгааг ил тод хянах боломжтой болох юм. Ийм хүсэлтэй бүх хүнд зориулж, төсвийн бүх байгууллагын төсвийн гүйцэтгэл, төсвийн хуваарилалтыг багтаасан вэб сайт нээн ажиллуулж эхэлсэн. Ийм амжилттай ажилласан он жилүүдэд хэрэгтэй үед нь хэрэгтэй газар нь байж, улс эх орныхоо хувьд сайн хүү нь байж чадсан гэж боддог юм.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах болсноос болоод эдийн засаг хүндхэн байдалд ороод байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Эдийн засаг байнга тааламжтай нөхцөлд байна гэдэг өөрөө их харьцангуй ойлголт. Монгол Улс төрөлжилт багатай, эмзэг, гадаадаас хамаарал ихтэй эдийн засагтай. Тухайлбал, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээ гаднаас бараг 100 хувь импортолдог. Энэ асуудлуудаа бид дотооддоо шийдээгүй цагт ийм нөхцөл байдал байнга гарна. Нөгөөтэйгүүр, бид БНХАУ-аас гадаад худалдааны эргэлтээр хараат байгаа учир тэнд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд инфляци нэмэгдвэл манай суурь инфляци өсөж бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг хүндрэлүүд байгаа шүү дээ. Харин дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний ногоо, мах зэргийн үнэд менежментийн аргаар зохицуулалт хийгээд дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах бололцоотой.
Энэ мэтээс харахад дунд болон урт хугацаандаа манай эдийн засаг маш өндөр өсөх боломж харагдаад байдаг. Гэтэл стратегийн гол бүтээгдэхүүнүүд тухайлбал, одоо олборлож байгаа газрын тосоо бага ч гэсэн өөрсдөө боловсруулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чиглэл рүү явж чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг хангачихдаг байдал бий болно. Тэгвэл бидэнд маш их давуу тал бий болно. Харин богино хугацаанд бидэнд маш их хүндрэл гарч байна. Тухайлбал, төгрөгийн ханш сулраад ам.долларын ханш чангарчихаж байна шүү дээ. Импорт, экспортын зөрүү нь хасах тэмдэгтэй гарч байгаагаас л ийм байдал үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайх маш их зүйлийг импортолдог гэсэн үг. Тэгэхээр ам.доллараас хамаарах хамаарал их болчихоод ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Дунд болон урт хугацаанд тэртэй тэргүй төгрөгийн ханш чангарна. Учир нь экспортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс энэ бол эдийн засаг дахь богино хугацааны шок.
Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна гэсэн мэдэгдэлтэй энэ шок давхацсан нь хүмүүст ирээдүйдээ үл итгэх, улс төрийн нөхцөл байдлаас болж ийм асуудал бий болсон гэсэн дүгнэлтийг төрүүлээд байх шиг байна. Ер нь энэ онд дэлхий дахины хувьд эдийн засгийн үзүүлэлт тааруухан гарах магадлал ажиглагдсан. Учир нь Европын орнууд төсвөөсөө болоод бүхэлдээ хямарчихсан. АНУ өр болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлээсээ болоод хямралтай байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нь хөөс үүссэн байгаа зэрэг шалтгаанаас болоод БНХАУ эдийн засгийн өсөлтөө бодлогоор хумиж байна. Энэ мэт байдал нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нь мэдээж. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнээр илэрдэг. Үүнээс манай улсын төсөв хараат шүү дээ. Тэгэхээр төсөв тогтворгүй болно гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн 40-50 орчим хувийг төсөв эзэлдэг. Төсөв тогтворгүй болохоор эдийн засаг ч тогтворгүйжих нь мэдээж. Гэхдээ бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж чадсан учир энэ байдал харьцангуй бага ажиглагдана гэж бодож байна. Бүх л эрсдэлээс хамгаалах механизмыг энэ гурван жилийн хугацаанд сайн бүрдүүлж чадсан учир дэлхийн эдийн засгийн хүндрэл бол манай улсын хувьд богино хугацааных л гэж хэлмээр байна.
-Таны оронд Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томилохоор Ардын намынхан санал нэгдсэн. Д.Хаянхярваа гишүүн таны ажлыг үргэлжлүүлж чадах болов уу. Ерөнхийлөгч сайд нарын нэрсийг зөвшөөрч, УИХ-ын чуулганаар хэлэлцвэл та дэмжих үү?
-Би Ардын намаас санал болгосон зургаан сайдыг дэмжинэ.
-Засгийн газрыг бүрдүүлэхэд Тэргүүн шадар сайд болон дэд сайд нарыг шаардлагагүй гэх хүмүүс байна. Хэрэв дэд сайд нарыг цомхотговол төсвийг багагүй хэмнэнэ гэх юм билээ. Таны бодол?
-Дэд сайд нарыг цомхотгосноор их хөрөнгө хэмнэх юм шиг л яриад байгаа ч үнэндээ тийм их хэмжээний хөрөнгө хэмнэхгүй. Ер нь төрийн албан тушаалтны орон тоо их байгаа учир зардал хөрөнгөө хэмнэж үгүй болгох ёстой л гэдэг. Цөөлж, цомхотгоод байж болно л доо. Гэвч хэмнэлт нь маш бага шүү дээ. Ийм зүйл ярихын оронд төрийн албан тушаалтнуудаа зөв байршуулж, ажил үүргийг нь цэгцлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ ямар бүтэцтэйгээр ажиллавал оновчтой вэ гэдэг асуудал л чухал байна. Яамны тоог цөөллөө гэхэд агентлаг нь өсөж байдаг. Ингэвэл дүндээ дүн шүү дээ. Иймд тогтвортой бүтэцтэй ажиллаж байх нь чухал юм. Ерөнхийдөө Засгийн газрыг байгуулах болгондоо шинэ бүтэц байгуулаад байвал агентлагуудын орон тоо ч хөдөлнө. Төрийн бүтэц байнга хөдлөөд байх нь зохимжтой зүйл биш.
-Энэ бүхнийг яаж шийдэх ёстой вэ?
-Үүнийг шийдэхийн тулд Үндсэн хууль юм уу, органик хуульдаа яам нэмэх шаардлага гарвал маш өндөр хувийн санал авсан тохиолдолд өөрчлөлт оруулахаар тусгаж өгөх шаардлагатай юм.
-Та ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан депутат нарын хамгийн залуу төлөөллийн нэг байна. Өнгөрсөн хугацаанд ардчилсан Үндсэн хууль үүргээ биелүүлж чадсан гэж үздэг үү?
-Ардчилсан Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс бүрэн биеэ даасан, ардчилсан, зах зээлд шилжсэн улс болсон гэдгээ баталгаажуулсан. Энэ хуулийг өмнөх нөхцөл байдалтай уялдуулж харвал, юуны түрүүнд хүний эрх, эрх чөлөөг хамгийн тодоор тунхаглаж чадсан гэж боддог. Өмнө нь бид гадаадад чөлөөтэй зорчиж чаддагүй байсан. Тэр бүү хэл Улаанбаатарт байгаа хүн орон нутаг руу явахдаа заавал зөвшөөрлийн бичиг авч зорчдог байлаа шүү дээ. Дээрээс нь шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй байсан. Харин ардчилсан Үндсэн хууль бидэнд ийм боломж олгосон учир үүргээ биелүүлсэн байлгүй яах вэ.
-Ардчилсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хүмүүсийн нэг нь та. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэгддэг заалтуудыг хэр оновчтой алхам байсан гэж үздэг вэ?
-Энэ өөрчлөлтийг санаачилсан зарим хүн одоо болтол ч “Дордуулсан долоон заалт” гэж ярьдаг. 1996-2000 оны хооронд Засгийн газрын гишүүн байсны хувьд үнэхээр ийм өөрчлөлт хийх шаардлагатай байсан гэж хэлмээр байна. Учир нь Ерөнхийлөгчийн институтээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээний асуудалд оролцох эрх мэдэл нь маш их байсан. Энэ эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах шаардлага байсан учраас л өөрчлөлтийг хийсэн юм. Тухайн үед бид улсаа парламентын бүгд найрамдах улс гэж ярьдаг байсан ч хууль зүйн шинжлэх ухаан, Үндсэн хуулийн онол талаасаа авч үзэж байгаа бүх судлаачид хүчтэй Ерөнхийлөгчтэй, парламентын засаглалтай улс гэж Монголыг тодорхойлдог байсан. Ерөнхийлөгчийн оролцоо хууль тогтоох засаглал, шүүх засаглалд маш өндөр байгаа. Гүйцэтгэх засаглал хүчтэй байдаг тогтолцоон дээр бид хуваагдмал байдал үүсгэж, хариуцлага хүлээх чадваргүй байдал бий болгосон. Манайхан Ерөнхийлөгчийн эсвэл сонгодог парламентын засаглалтай больё гэж хоёр хэсэгт санал хуваагддаг. Английн загварыг хэрэглэж байгаа Австрали, Сингапур, Канад улс өндөр хөгжилтэй байна. Бид энэ системийг баталгаажуулах хэрэгтэй байна.
-Энэ долоон өөрчлөлтийн нэг болох УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хаших асуудлыг ихээр шүүмжилдэг. Та ч мөн энэ ажлуудыг хавсарч хашиж байгаа хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Гүйцэтгэх засаглал нь парламентаасаа шууд хамааралтай байна уу эсвэл хамааралгүй байна уу гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Гүйцэтгэх засаглал нь парламентаасаа хамааралтай байхыг парламентын засаглалтай улс гэж байгаа. Бид нэгэнт парламентын засаглалтай улс юм бол гүйцэтгэх засаглалын гишүүн нь мөн парламентын гишүүн байх ёстой юм.
-Тухайн үед ардчилсан Үндсэн хуулийг батлахад Ардын Их хурлын депутатуудын 60 гаруй хувь нь Ардын намын төлөөлөл байсан. Тэр үед сөрөг хүчний санал, санаачилгыг Үндсэн хуульд тусгаж чадсан уу?
-Тухайн үед бүгд л шинэ зүйлийг бодож, сэтгэж ардчиллыг бий болгохын төлөө 76 хоног хуралдаж байж ардчилсан Үндсэн хуулийг баталсан. Тийм учир сөрөг хүчний саналыг шингээсэн гэхээсээ илүүтэй бүх хүний санал, санаачилгыг тусгасан гэвэл оновчтой байх. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Ардын их хурлыг депутатуудаас гадна байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлын 53 гишүүн ардчилсан Үндсэн хуулийг батлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо
Сэтгэгдэл ( 0 )