АН-ын бус ””Алтан гадас””-ын Н.Алтанхуяг гэж хэн бэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 19

"Чимээгүй, илүү хөдөлгөөн хийхгүй, гэхдээ бүх зүйлийг хяналтдаа байлгана. Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөнө. Энэ







сурталчилгаа »   


тактик ажиллагааг улстөрийн тогоонд тасралтгүй, хүний өөрийн намд ялгалгүй 20 жил явуулсан хүн бол Н.Алтанхуяг" хэмээх нэгэн тоймчийн үг эрхгүй санаанд бууна. АН-ын дарга Н.Алтанхуягийг бас босоо ороолонтой зүйрлэх нь ч бий. Үнэхээр тэр ардчиллын 20 жилд улстөрийн босоо ороолон мэт байж ирсэн байх юм. Түүний намтар энгийн. Гэхдээ сайтар нягтлан харвал ялимгүй унаж, яагаад ч юм дахин өндийж ирсээр өнөөдөртэй золгожээ. Гагцхүү тэр өндийлт бүхэнд улстөр хийх ил тод, сонгодог үнэт зүйл алдагдаж, басхүү хэн нэгэн улстөрөөс шахагдаж ирсэн байна. Ардчиллын эхний жилүүдэд Монголд олон нам байгуулагдах цаг үеийн шаардлагаар МСДН-ыг МУИС-ийн хэсэг багш нар нийлж байгуулан, Н.Алтанхуяг нарийн бичгийн дарга нь болж байв.

Ингэж соц нийгмийн үед бол сайндаа л доктор хамгаалж, насаараа багшийн ажлаа хийх байсан жирийн нэг биофизикийн багшийн улстөрийн карьер эхэлжээ. Улмаар намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, АХ эвслийн үед Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллав. 2000 оны сүүлээр таван нам нэгдэж АН-ыг байгуулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн учир Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Монголын улстөрийн чигийг заагч хэмээгдэж ирсэн нам дамнасан "Алтан гадас" фракцын эхлэл энэ цаг үеэс тавигдсан гэдэг.

Түүний найруулсан улстөрийн хорон дундаас өндийсөн "Алтан гадас" фракц "Алтан гудас" хэмээн нэрлэгдтэлээ адлуулсан ч байгуулсан эзнээ өнөөг хүртэл өөд татсаар байгаа билээ. Ардчилсан нам хүртэл өнөө хэр Н.Алтанхуяг, "Алтан гадас" -ын савраас гарч чадахгүй байгааг ердөө хэдхэн хоногийн өмнө болсон тус намын ҮЗХ-ны хурлаас бид харцгаасан. Н.Алтанхуяг хоёр ч удаа буюу 2004, 2008 онуудад гүйцэтгэх засаглалын нэлээд том албан тушаалд томилогдон ажилласан. Үнэндээ бол тухайн үед энгийн нүдээр харсан хэн ч түүнийг тийм өндөрлөгт хүрнэ гэж төсөөлөөгүй байх. Гэхдээ л тэр чадсан. Эхнийх буюу 2004 оны өмнө АН-ыг тус намын дарга М.Энхсайхан "Эх орон" намтай эвсүүлж, сонгуулиар тухайн үеийн МАХН-тай бараг л адил суудал авав. Парламент дахь суудлын харьцаа бараг л зөрүүгүй гарсан тул эвслийн Засгийн газар байгуулагдахаар болсон.

Гэхдээ тэр тоглоомонд намаа сонгуульд нэн амжилттай оролцуулсан М.Энхсайхан бараг оролцоогүй ба гол хөзрийг генсек Н.Алтанхуяг нь атгаж тоглосон байдаг. Тэрбээр нөгөөх л ар хударгаар хор найруулж, хожоо үүсгэдэг арга барилаараа ажиллаж, үр дүнд нь АН-ын дарга М.Энхсайхан бус сонгуульд нэр дэвшээ ч үгүй Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, харин нөгөө намын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болов. Ингэхдээ М.Энхсайханыг дараа оных нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэжээ. Эвслийн Засгийн газарт Н.Алтанхуяг хамгийн гол албан тушаалын нэг, Сангийн сайд болов. Мэргэжил, мэдлэг талаасаа харвал биофизикийн багшид ахадсан албан тушаал.

Ер нь 20 жилийн турш улстөрд унаж, босч ирсэн хүмүүст бас ч гэж үзэл бодлын, ухааны, туршлагын юм байх. Харин Н.Алтанхуягт энэ тухайд тэр гээд онцолчих зүйл нэгээхэн үгүй. Харин хамгийн сайн хор найруулагч гэсэн алдар хүндийн эзэн л болжээ. Мэдээж дараагийн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон АН доторхи сунгаанд М.Энхсайхан өрсөлдсөн. Гэхдээ тэр сунгаа гэгчид нь Р.Гончигдорж ялж, М.Энхсайхан ёстой л амаараа шороо үмхэж хоцорсон юм. Улстөрд "чоно" хэмээгдэх М.Энхсайхан хүртэл ингэж чадуулахыг бодоход "но" Н.Алтанхуяг жинхэнэ "но"-той нөхөр байгаа биз. Явсаар нэг л нартай сайхан өдөр М.Энхсайханаас намын даргын суудлыг булааж, намаасаа явахаас аргагүй байдалд оруулсан билээ.

Хамгийн аюултай өрсөлдөгчөө ингэж булшилж авсан юм, Н.Алтанхуяг. М.Энхсайхан түүнээс өшөөгөө авах гэж цөөн биш жил шар махтайгаа хатаж явааг сануулах нь бараг л илүүц. МҮАН хэмээх АН-ын брэнд нэрийг халаасалсан түүнд ирэх сонгуулиар л боломж олдож магад. Н.Алтанхуяг даргатай ороод ялагдсан тохиолдолд АН-ын өнөөдрийн даргын карьер төгсгөл болох магадлалтай. МҮАН-ын дарга М.Энхсайхан ч үүний төлөө л яваа билээ. Гүйцэтгэх засаглалын дараагийн том суудлыг Н.Алтанхуяг 2008 онд олж авлаа. АН 2008 оны сонгуульд Ц.Элбэгдорж даргатай ороод ялагдсан юм. Улмаар долдугаар сарын 1-ний хэрэгт буруутай учир түр ч атугай зайлсхийх, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх холын бодлоор намын даргын суудлаа өгсөн түүний орыг Н.Алтанхуяг залгаж, МАН/тухайн үеийн МАХН/-тай хамтарч засаг байгуулахаар уухайн тас зөвшөөрлөө.

Мэдээж олонхи биш ч нэгэнт хамтарч байгаа юм чинь түүнд засгийн дээрээсээ хоёр дахь суудал ногдов. "Чимээгүй, илүү хөдөлгөөн хийхгүй, гэхдээ бүх зүйлийг хяналтдаа байлгана" гэсэн зарчмаараа өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажилласан шиг санагдана. Анхнаасаа л АН-ын даргын суудлыг хууль бусаар авсан хэмээн журмын нөхдөдөө байнга гөвүүлсээр ирсэн Н.Алтанхуяг ирэх сонгуульд намаа удирдаж орох нүхээ нэгэнт малтсан. Ардчиллыг цээжээрээ хамгаалагч, АН-аа барууны үзлээр замнах ёстой гэдэгт үнэн голоосоо итгэдэг баатар Э.Бат-Үүл хүртэл үзэл, онолын ялгааг мэддэггүй даргынхаа талд бат зогсож буйгаас харсан ч тэр.

Э.Бат-Үүл гэснээс тэр нэг удаа Н.Алтанхуягт муухай чадуулснаа мартчихсан л харайж яваа. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байх цаг. Өөрт нь намын даргын суудлаа бэлэглэсэн Ц.Элбэгдоржийн гавьяаг яахин мартаж болох. Чухам ийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ҮЗХ-ны хурлаас горилогч Э.Бат-Үүлийг биш, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг гаргаж ирэх ёстой байлаа. Урьд орой нь Э.Бат-Үүл намын даргатайгаа уулзахад нөгөөх нь "Чи гарах нь тодорхой, би дэмжиж байгаа" гэсэн гэдэг. Харамсалтай нь Үүлийн итгэл найдвар хурлын шийдвэр гарахад бөхсөн юм. Тэрбээр АН-д ардчилал үгүй болсныг зарлан улс орон даяар нэг бархирсан билээ. Үүлийг бархируулсан Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар дараа нь аргадаж, түүхэнд анх удаа түүнд энх цагийн Улсын баатар цол олгож, нүглээ цайруулсан нь тэр.

Тийм л учраас Э.Бат-Үүл баатар болгосон дарга нартаа баярлаад ч ханахгүй байгаа юм. Тэргүүн шадарын суудлаас бууж байгаа Н.Алтанхуяг ингэхэд гурван жил илүү хугацаанд юу хийсэн бэ. Тэргүүн шадарын эрхлэх асуудлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Алтанбулаг, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүс зэрэг багтдаг. Түүнийг суудлаасаа буух сургаар хүн амын бүртгэлийг хийсэн хэмээн намынх нь зарим нөхөр нялуунаар магтжээ. Ерөнхий сайд асан С.Баярын санаачилгаар бүртгэл төгөлдөржсөнийг хүн бүр мэднэ. Н.Алтанхуяг яахав, гүйцэтгэсэн юм байгаа биз дээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж юу хийдэг нь үл мэдэгдэх байгууллага байсаар сая даргад нь хариуцлага тооцлоо.

Алтанбулаг, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүс байгуулах ажил алхам ч урагшлаагүй. Нэг удаа бүсийн захирагч нарт Н.Алтанхуяг цалингийн торгууль ногдуулсан билүү. Түүний хийсэн ажил иймэрхүү л байна. Уг нь 76:1 буланд УИХ-ын гишүүнийх нь хувьд түүний тухай өгүүлэх учиртай юм. Гэвч тэрбээр засгийн ажилд "нухлагдах", улстөрийн хор найруулах гэж явсаар төрийн түшээгийн ажлаа бараг л хийгээгүй. Мэдээж сонгогдсон тойрогтоо очдог байх, хааяа телевизээр гарч харагддаг. АН хамтарсан Засгийн газраас гарахаас өмнө ч, дараа нь ч намууд өөрийн гэсэн үзэл, онолын ялгаралтай байж сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн байр суурь олон гарав. Анхнаасаа АН барууны буюу либерал үзэл онолтой гэж зарласан учраас үүгээрээ л явах ёстой гэж олонхи нь хэлсээр байгаа.

Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг харамсалтай нь үзэл онолын ялгааг ч мэдэхгүй. Халамжийг хавтгайруулан олгож ирсэн хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар учраас ингэж хэлж байгаа юм болов уу гэтэл тийм биш ээ. Тэр угаасаа улстөрийн үзэл, онолын талаар юу ч мэдэхгүй. Анх МУИС-ийн багш нар нам байгуулаад МСДН гэж нэрлэхэд социал демократ үзлийг Баабар санал болгосон тухай Н.Алтанхуяг өөрөө ч хэлжээ. Тухайн үед социал демократ социал измархуу л юм гэж сэтгэсэн биз, бодвол. Харин АН барууны үзэлтэй, Н.Алтанхуяг баруун, зүүнээ ч бараг ялгадаггүй гэнэ лээ. Тэр уг нь АН-ын дарга. Гэхдээ түүнийг АН-ынх гэхээсээ илүү "Алтан гадас"-ынх л гэдэг билээ.

Т.БУД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top