Ё.Баярсайханы нэр Засаг даргад яригдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 25

УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайханыг сайд Ё.Отгонбаярын ах гэхээсээ илүүтэй төр түшилцэж явсан парламентын гишүүнээр нь Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Түүнийг Орхон аймгийн иргэд 2000 онд итгэл хүлээлгэж УИХ-д сонгож байлаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс Ё.Баярсайханыг аймгийн Засаг даргаар томилох тухай ярьж байгаа аж.  Хотын, ГОК-ийн фракцид хуваагдсан МАН-ын аймгийн хорооныхон УИХ-ын сонгууль хаяанд ирсэн хариуцлагатай цаг үед гэдсэндээ хөлөө жийлцэж, нэг довон дээр багтаж шингэхгүйд хүрээд байгаа.  Хурцадсан асуудлыг намжааж, намын байгууллагыг хуучин хэвэнд нь эвлүүлэн оруулж чадах хүн Ё.Баярсайханаас өөр байхгүй гэж намын удирдлага нь үзсэн аж. Ё.Баярсайхан ГОК-ийн фракцид харьяалагддаг боловч эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй яваад байх төрийн хүний зангарга бий. Учир нь экс Засаг дарга Д.Оюунбатыг унагах ИТХ-ын чуулган дээр тэрээр ноён нуруу зааж, нухацтай үг хэлсэн нь өнөөдөр Засаг даргад нэр нь яригдахад хүрсэн байх магадлалтай. Засаг дарга асан Д.Оюунбат өөрийг нь хууль бусаар огцрууллаа хэмээн шүүхэд хандаад байгаа. Тэрээр намын удирдах байгууллагынхаа үгийг дагаж, өргөдлөө татах эсэх нь одоогоор тодорхойгүй. Унасан бөхөд шалтаг мундахгүйн үлгэрээр тэр одоо бүгдэд гомдож, тунирхаж суугаа. Хэрвээ шатрын нүүдлээ зөв хийвэл Д.Оюунбатад гарц бий. Харин зөрүүдэлвэл түүний улстөрчийн карьерт цэг тавигдана.  МАН-ын Удирдах зөвлөл Орхон аймгийн ард иргэдийнх нь амьжиргаанд сэтгэл зовж, Засаг даргын асуудлыг яаравчлан шийдэх гээд байгаадаа бус намын байгууллагаа сонгуулийн өмнө зөв гольдрилд оруулах хүсэл давамгайлж байгаа. Намын байгууллагыг хөл, толгойгүйд хүрэхэд “Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн хатгаас ихээхэн орсныг Удирдах зөвлөл нь мэдэрсэн бололтой. Тиймдээ ч ГОК-ийн захирал З.Ганбаатарыг Засаг даргад зүтгүүлээд ам руугаа алгадуулснаас харагдсан. Үйлдвэрийнхээ ажлыг дорвитойхон хийгээд явахын оронд Орхон аймгийн удирдлага, намын байгууллагын асуудалд хошуу дүрж буй Ч.Ганзориг бүхэнд эзэн суух атгаг санаа агуулж буй нь илт. Энэ мэтээр сонгуулийн өмнө бужигнасан улс төрийн үйл явдлууд зөв гольдролдоо орж, ард иргэд амгалан тайван, намынх нь ажил тогтворжих эсэхийг Ё.Баярсайханы менежмент харуулах үлдлээ.

 

Л.Гэрэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top