Төрийн хайр даахгүй бол төмөр нударгынхаа амтыг үзүүлэх хэрэгтэй юм биш үү?

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 30

-Алуурчныг хэзээ ч өршөөж болдоггүйг хэрэгтэн дахин харууллаа-

“Ааваа, манайд Монхоо ах, Баавар ахтай ирээд явсан… Хөөрхий охин энэ үгийг хэлэх гэж ээж аавыгаа ажлаа тараад иртэл ухаанаа алдалгүй хүлээсэн байж.

Харин сүүлчийн хүчээ шавхан энэ үгийг хэлээд том охин нь ухаан алдсан байна…” Одоогоос гурван жилийн өмнө П.Сумьяажав, Д.Бямбадорж нар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 58 дугаар байранд оршин суух иргэн “0″-гийн гэрээс 11 сая төгрөг, бусад эд зүйлийг хулгайлахын тулд тав, 14 настай хоёр охины хоолойг нь хэрчиж бага охиных нь амь насыг хөнөөсөн сэтгэл хирт хийлгэм аймшигт хэрэг гарч байсан.

 

Хохирогчийн аав, ээж нь “Нарантуул” худалдааны төвд худалдаа эрхэлдэг байсан бөгөөд алуурчин 17 настай Д.Сумьяажав нь хохирогчийн аав, ээжид туслан барааг нь заралцаж өгдөг байжээ. Түүний жинхэнэ нэрийг Д.Сумьяажав, харин хочийг нь Монхоо гэдэг байж.

Тэрбээр хохирогчийнд таван сарын турш амьдарсан, тэдний гэр бүлийн нэг гишүүнээс ялгаагүй болсон нэгэн бөгөөд хэрэг гарах өдөр тэднийд найз гэгдэх 17 настай Бямбадоржийг дагуулан ирсэн байдаг. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэж байхдаа архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан бөгөөд энэ хэргийг үйлдэхдээ эртнээс төлөвлөж хийсэн гэдгээ хүлээсэн байдаг.

Алуурчид хохирогчийн гэрээс авсан 11 сая төгрөгийн талыг нь үрсэн байсан бөгөөд улдсэн нь тэднийг саатуулах үед,биеэс нь гарсан байдаг юм. Алуурчдын гараас азаар О охин амьд үлдэж, орой аав, ээжийгээ гэртээ иртэл нь ухаанаа алдалгүй хүлээж байсан бөгөөд тэрбээр аавдаа “Ааваа, манайд Монхоо ах, Баавар ахтай ирээд явсан…” гэдэг үгийг хэлээд ухаан алдсанаар цагдаагийнхан гэмт этгээдийг цаг алдалгүй баривчлахад нь тусалж байсан билээ.

Ийн гурван жилийн өмнө гарсан аймшигт хэргийг эргэн сануулахын учир нь алуурчин П.Сумьяажав дахин хоёр гэмт хэрэг үйлдсэн байх магаддалтай байгаа агаад түүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татан шалгаж байгаа юм. Хэдийгээр түүний одоо холбогдсон хэргийнх нь гэм хор нь бага боловч 2009 онд үйлдсэн хүн амины хэрэг нь түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хүндрүүлж яллах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

 

Түүнчлэн түүнийг танхайн хэргээс гадна дээрмийн хэрэгт ч сэжиглэж байгаа юм байна. Олны сэтгэлийг хиртхийлгэсэн хэргийг үйлдсэн алуурчин П.Сумьяажав нь дээрх хэргийг үйлдэхдээ насанд хүрэээгүй байсан гэдгээрээ Монгол Улсын Өршөөлийн тухай хуульд хамрагдаж өршөөлөөр суллагдсан юм.

Тэдний үйлдсэн хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүх эцэслэн шийдэгдэж Өршөөлийн тухай хуульд хамрагдсан бөгөөд шүүгч Б.Батцэрэн ” П.Сумъяажав, Д.Бямбадорж насанд хүрээгүй байхдаа эл хэргийг үйлдсэн. Мөн 2009 оны долоодугаар сарын 9-нд Өршөөлийн хууль батлагдахад ч 18 нас хүрээгуй байсан.

Тиймээс Өршөөлийн тухай хуулийн 4.1.5-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа” хэмээж байсан юм. Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс өмнө тэдэнд анхан шатны шүүхээс 15 учлийн жил ял оноосныг алдаатай хэмээн үзэж дахин хянаж өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож байсан.

Түүнчлэн Б.Батцэрэн шүүгч “Хэдийгээр жигшүүрт хэрэг үйлдсэн ч бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй. Өршөөлийн хуульд хамруулах боломжтой хэргийг яах ч аргагүй. Ар гэрийнхэн нь дараагийн шатны шүүхэд давж заалдах эрхтэй” хэмээн хэлж байсныг санаж байна.

Хэдийгээр хэн ч чи би ялгалгүй хуулийн өмнө тэгш эрхтэй ч тэд өнөөдөр анхан шатны шүүхээс өгсөн 15 жилийн ял нь хэвээр батлагдсан бол хийсэн хэргийнхээ ялыг үүрээд шоронд байж байх байсан юм. Тэрээр өршөөлөөр суллагдах үедээ “Хохирогчийн ар гэрийнхний зүг доогтойхон мишээсэн” тухай хоёр зээгийн өвөө Д.Дашзэвэг нулимс дуслуулан ярьж байсныг санаж байна. Үнэхээр ч өнөөдөр тэр хохирогчийн ар гэрийнхэнд нэг ч мөнгө төгрөг өгөөгүй гэдэг.

Хэдийгээр 14 настай том охин нь алуурчны гараас амьд үлдсэн ч нүдний торлог бүрхүүл нь гэмтэж, улаан хоолой нь ясандаа тултал зүсүүлсэн болоод олон удаа мэс засалд орж алтан гартай эмч нарын буянаар эдгэрсэн ч гэлээ үргэлж айдас дунд амьдарч байгаа талаар хохирогчийн ар гэрийнхэн ярьж байсан юм. Арга ч үгүй биз.

Охиных нь амийг хөнөөсөн алуурчин юу ч болоогүй мэт нийслэлийн гудамжаар сэлгүүцэж явахад өнөөдөр тэд айдасгүй амьдарч чадна гэж үү. Хэзээ ороод ирэх бол гэж айж хэрэг гарсан орон байраа орхиж, энд тэнд нүүдэллэн амьдарч яг л нүүддийн шувуу шиг буй биз. Дэлхийд цаазын ялгүй орон болно гэж цээжээ дэлдэж бас түүнийгээ хэдийнэ хүлээн зөвшөөрүүлсэн ч гэлээ харин түүний араас гарах хор хохирол нь ийн гарч байна.

Өршөөлийн тухай хууль батлагдан гарч олон хүн төрийн өршөөл хайр хүртчихээд л гурав ч хонолгүй хэрэг үйлдэж эргээд л шоронгийн хаалга татаж байгаа мэдээ бараг л өдөр алгасахгүй гарч байсан билээ. Хэдийгээр хэрэгтнийг өршөөж болох ч гэлээ бас өршөөж боломгүй хэрэг хийсэн хэрэгтэнг өршөөх нь” Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг үгтэй агаар нэгэн буй за.

Өршөөлийн тухай хууль батлагдсаны дараагаар аймшигт хэрэг хийсэн алуурчид ”Та нар намайг өршөөхгүй ч Монгол Улсын, Ерөнхийлөгч намайг өршөөнө” гэж хэлээд инээж байсныг олон хүн өнөөдөр ч мартаагүй байгаа байх. Алуурчдыг өршөөнө гэдэг эргээд хэн нэгний амийг авах алуурчинг бэлтгэж байгаа хэрэг биш гэж үү. Энэ нь ч гурван жилийн өмнө аймшигт хэрэг үйлдэгч алуурчинг суллаж явуулснаас шууд харагдах биз ээ. Тиймээс төрийн хайр даахгүй бол төмөр нударгынхаа амтыг үзүүлэх хэрэгтэй юм биш үү.

 

Б.Анар

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top