Cap шинийн өмнө засал номоо хийлгэж гэр бүл хийгээд өөрийн ноён нуруугаа үзүүлэн сэтгэлээ ариусгах гэсэн хүмүүсийн цуваа гандангийн зүг хөвөрнө. Энэ бол шинэ юм биш. Ардын хувьсгалаас өмнөх монголчуудын түүх шашин, шүтлэг, гандан хийдтэй шууд утгаар холбогддог. Тиймээс эгэл ардууд "Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог" хэмээн хүрээний хийд орохоор алс холын нутгаас их хүрээг зорьдог байсан биз. Тэрхүү цаг үе түүх болон хоцорсон ч бидний эртний урчуудын бүтээсэн цутгамал, зурмал, хатгамал, судар ном гээд арвин өв соёл хадгалагдаж байдгаас гадна сүсэгтэн олны заяа төөрөгт засал ном айлддаг их газар юм. Зовсон хүн ламд, өвдсөн хүн эмнэлэгт ч гэсэн үг байдаг. Харин өнөөдрийн Гандантэгчинлэн хийд зовсон хүнд сэтгэлийн дэм өгч чадаж байна уу. Эсвэл хүний сэтгэлээр тоглож мөнгө хүүлдэг газар болсон уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Үнэндээ бол нэг ном уншуулах гэж нэрээ бичүүлчихээд л хэдэн төгрөг өгсөн болоод яваад өгдөг. Тэгвэл тэр номыг нь уншдаг уу, уншсан бол шид нь эзэндээ хүрдэг болов уу гэдэг бас л хачирхалтай. Саяхны нэгэн өдөр миний бие "Хийморийн сан" тавиулсан юм. Ном уншиж буй лам нь гар дагуулж мөнгө хараад байхаас биш ном судартаа сэтгэлээсээ хандаж буй дүр зураг олж харсангүй. Өөрөөр хэлбэл Монголчууд бид сэтгэлдээ сүсэг бишрэлтэй ард түмэн болоод өнөөг хүртэл Гандантэгчинлэн болон бусад шашны байгууллагад хир халдаахгүй өмгөөлөн хамгаалж, янз бүрийн зөрчил байсан ч нуун дарж, өөрсдийгөө буруутгаж ирсэн байх.
Буддын шашин гэдэг нэг талаараа соёл, соён гэгээрүүлэх сургууль баймаар. Харамсалтай нь манай Төв гандан энэ талаар дорвитой биш юмаа гэхэд доогуур ч болов ажил хийдэггүй бололтой. Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын Төв гандан байж гаднах орчиндоо байгаа "Зурхайч, мэргэч, төлөгч" гэсэн хаяг хадаж өөрсдийгөө хэт их өргөмжилсөн "хуурамч" үзмэрчдийг цэгцлэх болсон мэт. Тэнд өдөр нь 41, 21 чулуу татаж, зоос гүйлгэж хүний зовлонгоор жаргал хийж хэдэн төгрөг олчихоод түүнийгээ орой нь архи болгож хүртээд агсам согтуу тавьж, амьтан хүн үймүүлдэг хүмүүс ч олон байгаа нь иргэдийн нүдэнд ил болоод удаж буй. Нөгөө талаар залуухан ламаахай нар өдөр нь хэлтгий захтай улаан шар дээл өмсөж дулаан олбогонд завилж суучихаад маань, мэгзэм уншиж, судар дэлгэсэн болчихоод орой нь баар, цэнгээний газар хундага тулгаж охидтой буудал бараадах нь ч байна.
Энэ мэт сайн мууг нь дуудаад байвал Гандантэгчинлэн хийдийн хашаанд бурхны дүрд хувилдаггүй юм гэхэд хүний нүдэнд дулаан харагдаж, сэтгэлд нийцэх хэлтгий захтан олдохоо байжээ. Зарим нэг нь бүр эсрэгээрээ согтуу солиорогчийн дүрд хувилчихсан байх жишээтэй. Ийнхүү бээрсэн тагтаа зовсон иргэдээс будаа царайчлах гандантэгчинлин маань уг нь соёлын нэг салбар. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шиг буян номын мөр хөөж, буруугаас цэрвэн зөв үйлийн төлөө хичээнгүйлэн залбирч яваа хүн бий л байх. Харамсалтай нь тэр хүмүүс нь олны нүдэнд харагдаж сэтгэлд тусдаггүй болохоор шашин маань иргэдэд буруугаар ойлгогдоход хүрч байна.
Шашины эд зүйлсийн дэлгүүрүүд бизнесийн нууцлалтай
Гандангийн эргэн тойронд шашны эд зүйл худалддаг дэлгүүр үүд хаалгаа нээсэн нь тоогоо алджээ. Эдгээр дэлгүүрт ороход мөнгөн эрхинээс эхлээд өнгө үзэмж гэрэлтсэн төрөл бүрийн шашны эд зүйлс харагдах нь яалт ч үгүй хараа булаана. Хадаг л гэхэд таван өнгө. Урт богино хээтэй хээгүйгээсээ шалтгаалаад 500 төгрөгөөс эхлээд үнэ нь өснө. Мөн сахиус, хийморийн дарцаг, бурхан, есөн эрдэнэ, найман тахил, хүрд гээд шашин шүтлэгтэй хүнд хэрэгтэй бүх л зүйл байна. Үнэ ч гайгүй. Тухайлбал сахиус 800 төгрөг. Тус сахиусыг өөрийнхөө жил мэнгэний бурхантайг аваад аравнайлуулаад хүзүүндээ зүүхэд л хангалттай.
Харин сахиус хаягдчихаж гэж сэтгэлээр унах хэрэггүй юм байна. Учир нь цагаа болохоор уг сахиус нь өөрөө гээгддэг жамтай ажээ. Уг бараа бүтээгдэхүүнүүд хаанаас ямар замаар орж ирж худалдаалагддагыг сонирхсон боловч бизнесийн нууц гээд хариулт өгөх шашны дэлгүүрийн эзэн олдсонгүй. Зарим нь Түвд, Энэтхэг, Утаа, Гүмбэнээс оруулж ирдэг хэмээн залж байх юм. Яг үнэн чанартаа бол дээрх бүтээгдэхүүнүүд өмнөд хөршөөс орж байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Тэгээд ч Гандантэгчинлэн хийдийн ойролцоох шашны дэлгүүрт 8000 төгрөг гээд зарагдаж байгаа залмал бурхан "Хархорин" болон "Нарантуул" худалдааны төв дээр 2500 төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Ийнхүү шашны байгууллага нь иргэдэд үйлчилж чадахгүй байгаа нь даан ч харамсалтай.
VIII Богдыг шашин, төр хослон барьж байхад төрийг салгаж авсан түүх манайд байдаг. Тэгвэл өнөөдөр шашинг төрт ёсонд шилжүүлж Ерөнхийлөгч нь зарим ажил дээр нь хяналт тавьж байвал зүгээр ч юм уу. Учир нь гандангийн эргэн тойронд буй бүхнийг шашин шийдэхгүй төр шийдэх ёстой хэмээсэн хариултыг лам хуваргуудаас хэд хэдэн удаа авсан болоод ийм санал дэвшүүлмээр санагдсан юм.
Гандангийн боов гайхамшигтай амттай ч гутамшигтай заваан орчинд хийгддэг гэж ярьдаг нь юуных вэ
Цагаан cap хаяанд ирсэн энэ өдрүүдэд Гандангийн хэвийн боовны реклам телевиз, радиогоор цацагдаж эхэлсэн. Тухайн рекламд "Ариун гангийн усаар зуурч, Дээрхийн гэгээнтэн Далай ламын шүншигээр аравнайлсан" гэх утгатай үг хэрэглэдэг. Мэдээж реклам юм чинь гоё сайхан үг хэрэглэлгүй л яахав. Хэвийн боов хийчихээд Далай ламаар аравнайлуулах гээд хэн явж байх билээ. Нөгөө талаар "Ганга" мөрөн бол энэтхэгчүүдийн бурхан болсон хүнээ өргөдөг мөрөн шүү дээ. Тэгэхээр бурхан болоочийн сүнс шингэсэн усаар зуурсан болж таарч байна уу. Энэ бүхэн худлаа байдаг нь хамгийн сайхан юм.
Нөгөө талаар хурал номын хэвийн боовноосоо илүү гаргаж борлуулдаггүй байж. Харин сүүлийн гурван жил иргэдийн хүсэлтээр Гандантэгчинлэн хийдийн гал тогоо хэвийн боов хийж худалдаанд гаргаж байгаа юм байна. Уг боов нэг ширхэг нь 1700 төгрөгийн үнэтэй. Биднийг гандангийн гал тогоонд очиход гадна тал нь өнгө үзэмж муутай будаг шавар нь халцарсан дан байшин угтлаа. Уг байшинг утга зохиолын хэлээр дүрсэлбэл ёстой л өнөөх шавар дагз гэдэг нь бололтой. Хүрэн хормогч, малгай өмссөн залуус түлээ оруулах, салхилах гэж гарч ирж байгаа харагдсан. Уг байшин гаднаа ч, дотроо ч үнэхээр хуучирж мууджээ. Энэ үеэр хийдийн ахлах тогоочтой цөөн хором хөөрөлдсөн юм.
Түүнийг Ё.Ядамсүрэн гэх бөгөөд 10 гаруй жил Төв гандангийн гал тогоог авч яваа хүн гэнэ. Cap шинэ ойртсон болохоор ул боов худалдан авах гэсэн хүн маш олон байлаа. "Хоёрдугаар cap гараад цагаан сарын хурлын хэвийн боов хийж эхэлнэ. Хоёр цахилгаан тогоогоор хийнэ. Уг нь ширмэн тогоогоор хийдэг байснаа больсон" гэх. Нэг цагаан сарын хуралд хуруулж байгаа хүмүүстэйгээ нийлээд 26 гаруй мянган боов хийдэг. Мөн cap шинийн дараа ерөөлийн 15 хоногийн хурлын ул боов бас хийнэ. Нэг хурал авч байгаа хувь хүн, гэр бүлээрээ нийлээд 200 кг гурилаар 600 гаруй ул боов хийлгэдэг ажээ. Гандангийн гал тогоо хамт олон гэж сүйд болоод байх юмгүй гуравхан тогоочтой юм байна. Ажлын ачаалалтай үед гаднаас хүн хөлсөлж ажиллуулдаг юм гэнэ.
Нөгөө талаар гандангийн тогооч нар заваан гэсэн дам яриа худлаа бололтой. Дандаа эрчүүд ажилладаг гэхэд орчин цэвэрхэн, юм юм нь эмх цэгцтэй харагдаж байсан. Тэгэхээр хар пиар явуулаад хэрэггүй бололтой. Харин тус хийдийн удирдлагууд гал тогооныхоо орон байрны асуудал дээр жаахан анхаарал тавьж тордох болсон мэт санагдсаныг нуух юун. Тэгэхээр гандангийн хэвийн боов гутамшигтай заваан орчинд хийдэг гэдэг нь худлаа болж таарлаа. Мэдээж энд мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн шалгалт тойрдоггүй дайрдаг гэдэг нь тодорхой шүү дээ. Ул боовныхоо голд цэвэр шар тос хийдэг бөгөөд сингапур тосыг монгол шар тостой холиод чанадаг юм байна. Энэ их айлд хийсэн хэвийн боовыг өөрийн хүрээний лам нар ирж ном уншин цэрвийг нь арилгадаг ажээ.
Гандантэгчинлэн хийдийн нэр хүндийг унагаж буй нэг зүйл бол эргэн тойронд нь байдаг зурхайч, төлөгчид. Гэхдээ номыг нь үзсэн зурхайчтай уулзаж ирэх жилийн өнгө хийгээд тэр олон мэргэчдийг хэрхэн зөв голдиролд нь оруулж цэгцэлж болох талаар зурхайч Л. Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Ирэх жилийн өнгө ямар байна?
Ер нь ирэх жил сайхан жил болох төлөвтэй байна. Жил бүхэн нэг хоч байдаг. Ирэх жил усан луу жил "Баясгалан" гэдэг хочтой. Хур ус нь цагтаа бууна. Салхи шуургагүй. Хүн бүрийн санасан хэрэг бүтнэ гэж бууж байна даа. Мөн дээр нь үхрийн болон, хэвийн боовны өнгөөр харахад их сайхан жил болно. Үхрийн бие нь хөх болохоор хур тунадас ихтэй. Эвэр нь ногоон болохоор газрын гарц сайн гэсэн үг.
-Өнгөрсөн жил Таны зурсан зурхайтай таарсан уу?
-Минийх ч биш олон хүний хэлж байсантай өнгөрч буй туулай жилийн зурхай таарсан шүү дээ. Гарсан өдрөөр нь тухайн жилийн өнгийг ширтдэг. Энэ жил үхэр өдөр шинийн нэгэн болж байгаа. Нөгөө талаар дөрвөн луу өдөр таарч байна. Тиймээс хур тунадас сайтай жилийн өнгө сайхан гэсэн үг. Олон луу өдөр таарах юм бол нэг нэгдээ найдаад хур оруулдаггүй байхгүй юу. Цөөн хүн ажлаа хариуцлагатай хийдэг шиг цөөн луу өдөртэй болохоор луунууд нь ажлаа сайн хийнэ гэсэн үг.
-Cap шинэ ойртохоор зурхайчид хоорондоо энэ нь зөв, тэр нь буруу гээд бөөн маргаан дэгдээдэг энэ талаар Таны бодол?
-Та нар бодохгүй юу. Намсрай гуай телевизээр саяхан гарч байсныг би үзсэн. Гэтэл тэр хүн Түвд хэл мэддэггүй юм билээ. Тэгэхээр яаж зурхай зурж мэдэх юм. Монгол бичиг дээр бичсэн зурхай олон байхгүй шүү дээ. Түвд хэлээс харж гадаад зурхай хууллаа гэж яриад байгаа. Үнэндээ бол бидний өвөг дээдэс түвд хэлээр бичээд үлдээчихсэн зурхайг л бид харж, цагаан толгойгоо болгож байгаа шүү дээ.
-Тэгэхээр аль зурхайгаа дагавал зөв болох вэ?
-"Төгс буянт"-ийн зурхай чинь л Монголын цагаан cap, цаг агаарт зориулж хийгдсэн зурхай шүү дээ. Азийн орнуудаас зурхай хөгжсөн орон бол манайхаас гадна Хятад. Бусад аль ч оронд байхгүй. Манай зурхайчид бүгд л "Төгс буянт"-ийн зурхайг барьж байгаа. Хятадад хаврын урь орж хүмүүст хийгээд байгальд нь мэдрэгдсэн болохоор он тоолол нь зөв гэж харагдаад цагаан сараа хийж байгаа. Гэтэл манай оронд cap шинэ нь болоогүй болоод л хүйтэн хэвээрээ байна шүү дээ. Ер нь хүмүүст аясаараа л хаврын урь мэдрэгдэнэ дээ.
-Цагаан сарыг яах гэж зохиосон юм бол?
-Нэгт тусгаар тогтносон улс гэдгээ мэдрүүлэх гэж. Хоёрт дөрвөн улиралтай ганц орон бол Монгол юм. Хятадад дөрвөн сард ногоо тарьж байна. Гэтэл манайд болохгүй биз дээ. Наад зах нь ийм энгийн юм мэдэхгүй байж зурхайч гэж яриад яахав дээ.
-Cap шинэ дөхөөд ирэхээр хүмүүс зурхайчдад их ханддаг. Засал ном хийлгэх, ирэх оны ноён нуруугаа үзүүлэх гээд л. Энэ талаар?
-Би бол хар зурхайч. Ер нь зурхайчид хар, цагаан гэж хоёр хуваагддаг. Цагаан зурхай нь шимийн буюу шим ертөнцийг зурдаг. Хар нь хүний заяа төөргийг үздэг. Тэгэхээр би хүний заяа төөрөг үздэг зурхайч гэсэн үг. Зурхай гэсэн үгийн утгаа бод. Зорьж ирсэн хүнээ ямар жилтэй хүн, ямар цагт орж ирэв гэдгээс эхлээд зурж үзнэ. Туулай жилтэй хүн бүхэн адилхан биш шүү дээ. Өөр өөр цагт орж ирнэ. Та туулай жилийн бар өдөр луу цагт төрснийг эхэлж тогтооно. Үүнээс л төрсөн өдрийн төөрөг гарсан өдрийн заяа чинь харагдана шүү дээ. Мөн саран од, наран одыг хооронд нь үзэж байж л хүүхдийн бэлгэ гарч ирнэ. Үүнээс гадна модон туулай, төмөр туулай, гал туулай, усан туулай гэх таван туулай давтагдаж байж нэг жаран ирдэг юм.
-Манайд зурхайчид ихсэх хандлагатай болж байгаа нь Танд мэдрэгдэж байна уу?
-Та гандангаар яваад үз. Тэр хүмүүсийг би зурхайч гэж хэлэхгүй. Зүгээр л мэргэ хийгээд сууж байгаа. Чулуу тасалж, зоос гүйлгэж худлаа хэлж байгаа хүмүүс чинь хуурамч мэргэчид. Яг зурхай бол манайд ховордчихсон. Энэ гандангийн гадуур жижиг жижиг амбаар барьчихсан өөрсдийгөө зурхайч гээд байгаа хүмүүсийг шалгаасай гэж боддог. Үүнийг манай гандангийнхан зохицуулж чадахгүй. Тийм эрх ч байхгүй. Нөгөө талаар энэ хүмүүс тоох ч үгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг төр л цэгцлэх ёстой.
-Гадуур худалдаанд байгаа сахиус, бурхан хуурамч бараа шиг санагддаг?
-Та сахиус аваад үз. Тэр дотор өнгө өнгийн юм хийчихсэн байгаа. Түүнийг аравнайлаад л болно. Гэхдээ би шашны дэлгүүрүүдийг бүгдийг нь чанартай бараа зардаг гэж хэлэхгүй.
-Ер нь хүний заяа төөргийг яаж зурж үздэг юм бэ. Тухайлбал би өвчтэй бол яаж үзэх вэ?
-Зурхай үзнэ гэхээр шууд л жил усаар нь үзээд "Чи эрүүл болчих юм байна" гэж хэлэхгүй шүү дээ. Настай хүнийг насны зурхайн аргаар, өвчтэй хүнийг өвчний зурхайгаар, хүүхдийг хүүхдийн зурхайгаар, хэн нэгэнтэй ханилах гэж байгаа бол бэрийн зурхайгаар үзэж байж тухайн хүндээ үнэн зөв хэлнэ.
В.Нэргүй
www.unen.mn
Сэтгэгдэл ( 0 )