Энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр энэ сарын 29-30-ныг шилжих шөнө болж өнгөрлөө. Нийслэлийн төв хэсэгт -40 градус хүрсэн бол Туул голын сав орчмоор -45 градус хүрч хүйтэрчээ. Харин хөдөө орон нутагт -50 градус хүрсэн аж. Хэт хүйтэн байснаас тэр үү, нийслэлийн утаа бусад өдрүүдээс илүү ихэссэн байв. Өчигдөр өглөө 7.30 цагаас нийслэлийн хамгийн их утаатай бүс болох Шархадны эцсээс Дэнжийн мянгын эцэс хүртэл явлаа. Хаана, юу байгаа нь харагдахгүй битүү утаа суунаглаж, хоолой хорсгоно.
Урдхан талд явж байгаа машины бараа нь ч харагдахгүй байв.
Зам дагуу хоорондоо мөргөлдөж, шүргэлцэж аваарын дохиогоо асаасан машинууд олноороо зогсож байв. Мөн нийтийн тээврийн автобусууд хэд хэдээрээ унтарчээ. Жолооч нарын тайлбарласнаар хэтэрхий хүйтэн байгаа учраас түлш нь царцаад явахгүй байгаа аж. Зам дагуу сунаж зогссон автобусуудыг Техникийн түргэн тусламж гэсэн хаягтай ЗИЛ-131 автомашинууд чирч авч яваа харагдав. Автобус хоорондын явах хугацаа дөрвөөс таван минутын хүлээлттэй байсан бол энэ өдөр иргэд 30 минут орчим хүлээсэн хэмээн ярьж байлаа. Нийтийн тээврийн газрын диспетчерийн албаны дарга Г.Доржпалам "Сүүлийн арваад хоног хүйтний эрч эрс чангарсны улмаас зарим нийтийн тээвэрт хүндрэл гэмтэл гарсан тохиолдол бий. Нийтийн тээвэр өглөөний 6:30 цагт үйлчилгээнд гардаг. Үүрээр дулаан гараашаас гарсан автобус хүйтний эрчээс хамаарч царцан хий шахагдахгүй гацах шалтгаан үүсдэг. Хий шахагдахгүй байна гэдэг чинь ерөөсөө үйл ажиллагаа бүрэн зогсоно гэсэн үг л дээ. Ялангуяа Био, Шувуун фабрик, Яармаг, Гачуурт зэрэг хотын төвөөс алслагдсан чиглэлүүдэд энэ хүндрэлүүд гардаг" хэмээв.
Таван ес эхлээд гурав хонож байхад дулаардаг байхад яагаад огцом хүйтэрснийг Ус, цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодрууллаа.
-Таван ес эхэлчихсэн байхад яагаад дулаарахгүй улам хүйтрээд байгаа юм бол оо?
-Олон жилийн дунджаар нэгдүгээр сар хамгийн хүйтэн байдаг. Сарын дундаж нь 27-30 градус хүрч хүйтэрдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын сүүлээр их хүйтэрч байна. Ялангуяа 25-наас хойш хүйтний эрч чангарсаар хамгийн хүйтэн өдөр нь урьд шөнө болж өнгөрлөө. Жил жилийн цаг агаарын хүйтрэл өөр явагддаг. Тухайлбал, 2010 оны нэгдүгээр сарын эхээр сүүлийн хэдэн жил болоогүй маш их хүйтэрч байсан. Урьд шөнө 2010 оны хүйтрэлтэй тэнцэхээр байлаа шүү дээ.
-Нийт нутгаар хэдэн градус хүрч хүйтэрсэн бэ?
-Хамгийн үнэмлэхүй хүйтэн нь Завханы хойд талын нутаг, Баянхонгорын хойд тал, Хэнтийн нутгаар, Орхон, Сэлэнгийн хөндий, Хэрлэнгийн хөвөөгөөр 40 градусаас дээш хүйтэрсэн. Завханы Тосонцэнгэлд шөнөдөө -50 градус хүрсэн.
-Нийслэлд хэдэн градус хүрсэн бэ?
-Нийслэлийн төв хэсгээр -37, Буянт-Ухаад -44 градус хүрсэн. Багануур, Тэрэлж орчмоор -45 градус хүрлээ.
-Иргэдийн автомашины хэмжигч -50 градус давж байсан л даа?
-Тэр бол өөр. Иргэд ахуйн хэрэгцээндээ гэр орон, машиндаа тавьдаг хэмжигч шүү дээ. Манай цаг уурын байгууллагын хэмжигч стандартын багаж учраас зөрнө гэж байхгүй. Хувь хүмүүсийнх -50 байтугай л зааж байгаа байх.
-Хэзээнээс дулаарах вэ?
-Ойрын гурван хоног хүйтэн байна гэдгийг нийт ард иргэд, малчдад сэрэмжлүүлж байна. Харин ирэх сарын 4-өөс хүйтний эрч суларна гэв.
Хэт хүйтрэлтэй холбоотойгоор агаарын бохирдол ихэсч, зарим захын хорооллоор онц аюултай түвшнээс давсан нь хэмжилтээр тогтоогдсон байна. Агаарын чанарын дэлхийн индексээр 250-350 хувийн бохирдолтой байвал маш муу гэж дүгнэж, 350-500 гарвал онц аюултай хэмжээнд хүрч бохирдсон гэж үздэг байна. Харин манай нийслэлийн гэр хорооллуудад агаарын бохирдол 1000 хувь хүрчээ. Энэ нь агаарын бохирдол онц аюултай түвшнээс хол давсан үзүүлэлт юм. Тиймээс мэргэжилтнүүдийн зөвлөснөөр иргэд ядаж амны хаалт зүүж өөрсдийгөө хамгаалах шаардлагатай байгаа аж. Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяр "Сүүлийн хэд хоногт их хүйтрэлтэй холбоотойгоор нийслэлд утаанаас гадна манан их буулаа. Мөн гэр хорооллын айлуудын галлагаа ихэсч утааны бохирдлын агууламж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар Баруун дөрвөн зам, III, IV хороолол, Телевиз орчим, Зуун айлд хүхэрлэг, тоосонцрын агууламжийн индексийн үзүүлэлт аюултай түвшинд байна. Ялангуяа хүхэрлэг хийн агууламж маш аюултай түвшинд хүрээд байна" хэмээв. Нүүрсний хэрэглээг бууруулж, утааны эсрэг ажил зохион байгуулж байгаа боловч энэ ажил мэдрэгдэхгүй харин ч жил ирэх тусам утаа нэмэгдэж байна хэмээн иргэд шүүмжлэн бухимдаж байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр зарим хязгаарлалтын бүсэд агаарын бохирдол 40 хувиар буурсан гэж хэлж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 177 мянган айл байна гэсэн судалгаа бий. Үүнээс гадна бүртгэлгүй маш олон айл байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )