Нийслэлийн А зэрэглэлийн бүсд шинээр газар олгох ажил үндсэндээ зогссон. Энэ нь А зэрэглэлийн бүсэд сул газар дууссантай холбоотой юм. Гэвч мөнгөтэй хүмүүс хотын төвд газар авч, барилга барих аргаа олсоор байгаа нэгэн баримтыг энд өгүүлье. Сүхбаатар дүүргийн VI хорооны зарим орон сууц, аж ахуйн нэгжид халаалт өгөх үүрэгтэй төрийн мэдлийн ЦТП буюу дулааны дэд станцын байр, газрыг төрийн албаныхан хууль бусаар “Гачуурт” компанийн захирал Л.Чинбатад өгчээ. Л.Чинбат захиралд дулааны дэд станц биш газар нь хэрэгтэй байсан учраас ЦТП-ыг зайлуулж барилга барихын тулд дэргэд нь байх 47 дугаар байрны хонгилд ЦТП-ийн зарим тоног төхөөрөмжийг зөөн байрлуулжээ. Ингэснээр тус байранд оршин суудаг 100 гаруй иргэний орон гэрийг аюултай бүс болгожээ. Учир нь, ЦТП-г 47 дугаар байрны хонгилд байрлуулснаар орон сууц нэлэнхүйдээ хөгц, мөөгөнцөрт баригдаж, өвөлдөө уур савсч байх болж. Үүнээс аюултай нь зориулалтын бус газарт, стандарт зөрчиж байрлуулсан ЦТП нэг л өдөр дэлбэрэхэд 100 гаруй иргэн гэр оронгүй болж, хамгийн аюултай нь хүний амь ч эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна ойр орчмын арав гаруй орон сууц, цэцэрлэг, сургууль халаалтгүй болно гэсэн үг. Үүнийг оршин суугчид эсэргүүцсэн ч мөнгөтэй хүнд төрийн хууль үйлчилдэггүй болохыг мэдэрчээ. Тиймээс Оршин суугчид Л.Чинбатыг шүүхэд өгч тэдний маргааныг шүүх өнгөрсөн жил эцэслэн шийджээ. Шүүхээс “Гачуурт” компанийн захирал Л.Чинбатыг хууль бус үйлдлээ зогсоо гэсэн утгатай шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, харин ч хэзээ мөдгүй хууль бусаар барилга барихаар газраа ухаж эхэлснийг оршин суугчид нь бидэнд мэдэгдсэн юм. Энэ талаар сурвалжлахаар Төрийн ордны хойд талд байх, арктай хуучны байрнуудын дунд очиход, тэр хавьд барилга барих нь бүү хэл машин, явган хүн ч чөлөөтэй холхих зайгүй шахам болжээ. Харин ЦТП-г байрлуулж байсан нэг давхар байшингийн буурин дээр том нүх ухаж, тойруулан хашаа барьжээ. Анх жижиг хэмжээний нүх ухаж байснаа өнгөрсөн жилээс хойш нүхний хэмжээ томорч байгааг оршин суугчид ярьж байв.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үл тоожээ
Оршин суугчдын ярьж байгаагаар Л.Чинбат 2002 онд ЦТП-ийн ойролцоо 222.3 ам метр барилгыг худалдаж авчээ. Үүнээс хоёр жилийн дараа ЦТП-ын дэргэд агуулах, гараашийн 88 ам метр талбайтай обьектыг мөн худалдаж авчээ. Ингэхдээ танил талаа ашиглаж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахдаа нийслэлийн өмч болох 67.4 ам метр газрыг оролцуулан авчээ. Үүнээс болж ЦТП-г хаана байрлуулах нь тодорхойгүй болсон байна. Түүнчлэн Л.Чинбат дээрх газрыг өөртөө авахын тулд 2007 онд ЦТП-г суурилуулж байсан барилгыг VI хорооны орон сууц ашиглалтын “Опен хаус” компанийн захирал асан Д.Дорждагваас 55 сая төгрөгөөр худалдаж авчээ. Л.Чинбат барихаар төлөвлөж буй 14 давхар орон сууцны нэгдүгээр давхарт ЦТП-ийн тоног төхөөрөмжийг суурилуулах талаар Д.Дорждагватай тохиролцож, түр зуур 47 дугаар байрны хонгилд нууцаар оруулсан аж. Хонгилд бүх тоног төхөөрөмж багтаагүйгээс болж ус, уур алдаж иргэдийн амар тайван байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Оршин суугчид эрхээ хамгаалуулахын тулд 2004 оноос хойш мэргэжлийн байгууллагуудаас гадна Ерөнхий сайд асан С.Баярт хоёр удаа, Ерөнхий сайд Сү.Батболдод гурван удаа хандаж, тусламж хүсчээ. Энэ дагуу Засгийн газраас нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт асуудлыг шийдэж өгөхийг даалгаж, хотын дарга “ЦТП-ийн хуучин барилгыг иж бүрэн засварлах зураг гарган, 47 дугаар байрны хонгилоос төхөөрөмжүүдийг нүүлгэ” гэсэн хариуг өгсөн ч өнөөг хүртэл биелүүлээгүй байна.
Шүүхийн шийдвэрийг ч уландаа гишгэв
Түүнчлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээрх маргааныг 2010 оны нэгдүгээр сарын 22-нд хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Шүүх “ЦТП байрлаж байсан газрыг Л.Чинбатад эзэмшүүлснээр дулааны төхөөрөмжийг байрлуулах боломжгүй болж оршин суугчдын эрх зөрчигдөж байна” гэж үзэн нийслэлийн өмчит газрыг буцаан олгох, ЦТП-г суурилуулах барилгын суурь, ашиглахад шаардлагатай орц гарцын хэмжээг тогтоож, сарын дотор дахин акт гаргах шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэр гарснаас таван сарын дараа нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Л.Чинбатад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай захирамжид гарын үсэг зуржээ. Харин хавсралтад нь байх Л.Чинбатад үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Үүгээр нь Л.Чинбат түрий барьж барилга барих нүхээ томруулсаар байгаа гэнэ.
Авлигаа буцаагаад өгсөн, асуудал шийдэгдлээ гэсэн хариу өгчээ
“Опен хаус” компанийн захирал нийслэлийн өмчийг дур мэдэн 55 сая төгрөгөөр Л.Чинбатад зарсан талаар дээр дурдсан. Тиймээс “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар дээрх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Ингэхдээ тус компанийн захирал Д.Дорждагва Л.Чинбатаас авсан 55 сая төгрөгөө хувьдаа авсан баримтыг АТГ-т гаргаж өгчээ. АТГ-ын мөрдөн байцаагч Л.Сүх-Очир мэдээллийн дагуу Д.Дорждагвад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гэтэл мөрдөн байцаагч Л.Сүх-Очир уржигдар гомдол гаргагчид “Таны өргөдлийг судаллаа. Хэрэгт холбогдогчдод Эрүүгийн хуулийн 256.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл Д.Дорждагва 55 сая төгрөгөө Л.Чинбатад буцаагаад өгчихсөн байна. Тиймээс асуудал ингээд шийдэгдлээ” гэсэн хариу өгчээ. Харин Н.Бумбар энэ талаар хэлэхдээ “Би хэн нэгэнд мөнгө өгүүлэх гэж АТГ-т хандаагүй. АТГ авлигыг зогсоох биш зохицуулах гэж ажилладаг болсон юм уу, ойлгохгүй байна. Ер нь хууль биелүүлэх үүрэгтэй төрийн албаныхан Л.Чинбатын албат шиг ажиллаж иргэдийг хохироосоор байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )