Хэрвээ харийн мөнгөөр улстөр хийж байгаа бол ч аюул шүү

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

1. Н.ЭНХБАЯР ОРОСООС МӨНГӨ АВСАН ГЭВ ҮҮ
Монгол төрийн өндөр дээд сэнтийд хаанчлал тогтоох гэж амьдралынхаа олон оныг зориулсан Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд туг бөхийлгөсөн цагаас хойш гудамжинд улстөр хийлээ. Хүмүүс өнгөрөгч гурван жилд огт зүгээр суугаагүй түүнийг хаанаасаа ямар мөнгөөрөө улстөр хийгээд байгаа тухай таамаг дэвшүүлэх болсон.

Эцэст нь “Улсаасаа баян Ерөнхийлөгч” хэмээсэн Баабарын бичсэнээс өөр хариу олоогүй юм уу даа. Мэдээж төсөвт гар дүрэх эрхгүй, элдэв луйврын бизнес хийх нөхцөлгүй энэ эрхмийн халаас өдрөөс өдөрт нимгэрсээр 2012 онтой золгов. Хамтран зүтгэгч жижгүүд нь ч зайгаа барьснаас үзэхэд хэтэвчээ сэгсэрсэн нь мэдээж.

Харин шинэ он гарсаар экс Ерөнхийлөгч маань нэлээд бийлэгжүү явах болсон тухай ойрын эх сурвалжууд өгүүлэх болов. Тэдний хэвлэлийн багт сэтгүүл зүйд мөр зэрэгцэн олон жил хамт ажиллаж байсан нөхдүүд байдаг юм. Яг таг хэлэхгүй ч эзнээ мөнгөтэй болсныг үйл хөдлөлөөрөө ч харцаараа ч илтгэж байна лээ. Үйлдвэрчний соёлын ордонд саяхан болсон МАХН-МҮАН-ын Улстөрийн холбооны хэлэлцүүлгээс харахад эх сурвалжуудын хэлсэн нь үнэний хувьтай байжээ гэж харахаар байлаа.

Түүнийг хаанаас мөнгө босгов гээд ухахаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс лав олдсонгүй, Монголын газрын зураг дээр цэг хатгах ч байршил тогтоож чадсангүй. Чухам үнэн худлыг бүү мэд, ямартай ч энэ их мөнгөний сураг Соёны сүрлэг их уулсыг давж, Байгаль нуурын мандал дээгүүр алсарсан сураг гарах нь тэр. Сургийг нэхэн хөөвөл хойд хөршөөс мөнгөө босгосон гэх сураг чих дэлсээд авав.

Хамар ах нар зүгээр ч нэг мөнгө өгчихгүй дээ. Н.Энхбаярт өнөөдөртөө орд газар амлачих эрх байхгүй баймаар юм. “Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө” гэдэг шиг зүйл болов уу гэх зэргээр мухар сурагны хойноос олон хүн шаналж байгаа бололтой. Чухам ямар замаар, ямар тохироогоор оросоос мөнгө авчихсан байдаг билээ гэж бодоход бас л аймшиг төрнө, хэрвээ мөнгө авсан бол шүү дээ.

2. ДОЛДУГААР САРЫН 1 ГЭХЭЭР Л ХЯТАДУУД, Ж.БАТЗАНДАН Л ГЭХ ЮМ

Хамгийн ойрын жишээ сөхөхөд л өнгөрөгч 2008 оны сонгуулиар гарсан үймээнд гадны гар хөл орсон, санхүүгийн дэмжлэг авсан гэдэг. Үймээний гол дүрд тоглосон гэх Ж.Батзанданг тухайн сонгуулийн үеэр Хятадын Элчин сайдын яамнаас хэдэн ч удаа гарч явсан тухай хэвлэлүүд бичиж байсан. Үүнтэй холбогдуулаад 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг хятадуудтай болон Ж.Батзандантай хаашаа ч үгүй л холбодог.

Гэхдээ энэ бол албан эх сурвалж биш ч олны үг ортой л гэдэг дээ. Хэрвээ өнгөрөгч сонгуулийн үймээнд хятадын санхүүгийн дэмжлэг орсон бол аюулын харанга үүдээр ороод ирчихсэн, хоймор уруу зүтгэж байна гэж хардаж бухимдахаас өөр аргагүй. Ямар ч хөндлөнгийн шинжээчид энэ үймээнийг зохион байгуулалттай бөгөөд санхүүгийн эх үүсвэр хаа нэгтэйгээс авсан гэж үздэг нь харин хөдлөшгүй үнэн.

Хоромхон зуурт цугларсан залуус ширхэг чулуу бүү хэл шороо ч ховор хотын төвд чулуу нүүлгээд байсан нь хэний ч сонирхол татна биз дээ. Сонгуулийн үр дүнд дургүйцлээ гэхэд хаа байсан Туулын эрэг рүү чулуу цуглуулаад бөөн бөөнөөрөө яваагүй нь лавтай. Ард түмэн үнэн сэтгэлээсээ бухимдсан бол ганцхан Ардын намын байр уруу дайрахгүй л байсан. АН-ын байр ч байсан, Засгийн газрын ордон ч байсан шүү дээ.

Дүүрэг хороодын Засаг захиргаа, хэсгийн хороод гээд байсан. Яагаад Сонгуулийн ерөнхий хорооны байр уруу дайраагүй юм. Зохион байгуулалттайн хувьд бол яах аргагүй үнэн. Зүгээр нэг уурссан олон гудамж талбайгаас цугларсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй гэдгийг олон шинжээчид ярьж байна билээ. Тавын таван хүнээ алуулж, олон хүнээ гэмтээж, олон зуун хүнээ шоронд хийх хэмжээний ийм том ажлыг захын нэг пүүс компани өртгийг нь дийлэхгүй гэдэг л үнэн. Санхүүгийн эх үүсвэрийн тухайд бол хардах үндэслэл үүнээс ч олон олдох л бололтой.

3. МАКАОГООС АВСАН МӨНГИЙГ “СУМ” ХЭМЭЭХ Х.ДАШЗЭВЭГ Л МЭДНЭ ГЭДЭГ

Энэ нь зөвхөн 2008 онд байгаагүй зүйл. Ерээд онд Да.Ганболд Ардчилсан намын сонгуулийн мөнгийг Макаогоос босгочихсон тухай яриа одоо ч тасраагүй. Тэр бүү хэл энэ мөнгөний өрийг төлөхөөр Казиногийн хууль батлуулах гэж зүтгэсэн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг казиногийн тендер будилуулсан хэргээр хорьж, энэ хэрэг замхарсан билээ.

Эндээс авалцсан гал ч тэднийг ялагдалд хүргэсэн гэдгийг уншигч та надаар хэлүүлэх юун. Харин би олныг үл нуршин Баабарын нэгэнтээ бичиж байсан нийтлэлээс хэсэглэн сонирхуулъя. Тэрбээр өгүүлэхдээ “Казиногийн хэргийг үүсгэх гол шалтаг нь УИХ-д МҮАН-аас сонгогдсон Хэнмэдэхийн Дашзэвэг гэгч байлаа. Үнэндээ эрүүл гэхэд эргэлзээтэй нэгэн” гэж эхэлдэг юм л даа. Тэр өгүүллийн өрнөл хэсэгт “Цагаан солиотой болчихсон энэ хүн нэгэн гоё криминал зураглал босгож ирээд цагдаагийнханд мэдэгджээ.

Тэр зураглал ёсоор Да.Ганболдын өрөөнд нэг удаа ортол Д.Энхбаатар, Да.Ганболд нар цүнх дүүрэн мөнгө тоолоод сууж байсан гэнэ. Дашзэвэгийг ороод ирэхээр тэд сандралдан ширээгээр нэг дэлгэсэн боодол боодол доллароо цүнхлээд Дашзэвэгт нэг боодол 100-тийн доллар бэлэглэсэн аж……

Сонирхолтой яриагаа тэрээр ганц цагдаад төдийгүй, Тагнуулын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын хороо, ойр хавийнхаа найз нөхдөд “цааш нь битгий хэлээрэй, их нууц шүү” гэсэн анхааруулгатайгаар ярьжээ” хэмээсэн нь бий. Юутай ч Макаогоос мөнгө босгосон гэх Да.Ганболд, тендер будилуулсан гэх хэргээр шоронд суусан Д.Энхбаатар нар бөөн доллар дунд хамт сууж байхыг Х.Дашзэвэг олоод харчихсан байна.

Харин Х.Дашзэвэгийн тагнуул, цагдаад мэдэгдсэнийг Баабар олоод мэдчихдэг бас аюул шүү. Тэр нийтлэлд Х.Дашзэвэгийг доош хийж байгаа нь зүгээр ч нэг өмөөрөл байгаагүй нь харагдана. Төдий их мөнгөнөөс муу Х.Дашзэвэгт ганц боодлыг өгсөн нь багдажээ ч гэж хардахаар. Ахиухан, гурван боодлыг өгчихсөн бол гэдэг далдхан зэмлэл хаа хаанаа л нуугдаж байх шиг. Нэгэнтээ би хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон УИХ-ын гишүүн асан Х.Дашзэвэгтэй ярилцаад сууж байхад энэ талаар хэд хэдэн удаа цухуйлгаад өнгөрч байсан юм.

Даанч миний ярилцах сэдэв, зорилго өөр байсан болохоор энэ тухай тэгтлээ ухаагүй юм. Ингэхэд “сум” хэмээх хочит УИХ-ын гишүүн асан Х.Дашзэвэг юугаа ярих гээд хэнээр амаа үдүүлээд яваад байдаг юм бол доо.

4. Ц.ШИНЭБАЯРЫН НАМЫГ ШИНЖААН УЙГАРТАЙ ХОЛБОХ НЬ ХАРДАЛТУУ

Нэгэн үе ганцаардлын манан дунд төөрч явсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай шадарлаж, МАХН хэмээх нэрийг авахын төлөө нойр хоолоо умартсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гэнэт Н.Энхбаяраас нүүрээ буруулсан. Зүгээр ч нэг нүүр буруулаагүй, тэрбээр хамтран зүтгэгч, судлаач С.Молор-Эрдэнийн хамт Хамуг монголын хөдөлмөрийн нам гээчийг байгуулсан.

Дорнодод “Адуун чулуун”-ы уурхайгаас өөр хөрөнгөгүй Ц.Шинэбаяр, хэдэн номноос өөр хогщилгүй С.Молор-Эрдэнэ хоёр ямар мөнгөөрөө улстөр хийгээд байна гэсэн хардлага ч тэнүүчлэх болов. Энэ нам байгуулагдсанаасаа хойш хэвлэл мэдээллээр сүртэй ч пиар хийсэнгүй. Хэвлэл мэдээлэлд тэгтлээ ач холбогдол өгөөгүй гэхэд болно.

Мэдээж энд тэнд тэдний ярилцлага, мэдээ мэдээлэл гарсан байдаг ч тэгтлээ их шунасангүй нь шууд харагдана. Харин С.Молор-Эрдэнэ доктор хэд хэдэн нийгмийн философийн чиглэлийн ном хэвлүүлэв. Бусдын хардаж байгаагаар бол шинээр нам байгуулсан хүмүүс чимээгүй байх учиргүй. Ядахад л Ц.Шинэбаярынхаа суудлыг хамгаалах довтолгоо хийж баймаар юм.

Их л мөнгөтэй хүмүүсийн дүр зураг харагдаад байна гэх. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол тэдний ард талд Шинжаан Уйгарын хятадууд бий гэсэн таамаг дэвшүүлж байна билээ. С.Молор-Эрдэнийн бичээд байгаа коммунист онолын суурьтай философийн номуудыг хятадын эрдэмтэд хянан тохиолдуулдаг тухай ч явган яриа гарав.

Ямартай ч “Хөдөлмөрийн” гэх коммунист дэглэмтэй хятадуутай адил төстэй нэртэй намын үзэл санаанд өнөөдрийн улстөрийн намуудаас тэс өөр бодлого явж байгааг хэн ч мэдэх бөлгөө.

5. ХЭН Ч ЗҮГЭЭР МӨНГӨ ӨГӨХГҮЙ, БАС АВАХГҮЙ

“Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэдэг шиг ард олон огт оргүй зүйл ярьдаггүй болохоор айж л сууна. Гэхдээ л харийн мөнгөөр эх орондоо үймээн зарлах тухай айдсаа хэзээ ч салгаж болохгүйг анхааруулах л болно. Тасралтгүй гурван жил эгнээндээ олон хүн нэгтгэхийг зорьсон Н.Энхбаярын цаад зорилго зүгээр ч нэг хийрхэл байгаагүй болов уу гэсэн хардлага ч төрнө.

Улстөрийн хийрхэл тусчихаад эдгэхгүй байгаа Ц.Шинэбаярын нам байгуулдаг ч зүгээр нэг тоглоом биш. Хэн ч гэсэн “Адуунчулуун”-ы уурхайгаас орж ирдэг хэдэн төгрөгөөрөө нам болж тоглолоо гэж харахгүй, харин ч хардана. Макаогоос орж ирсэн мөнгө, долдугаар сарын 1-ний үймээнд хардагдах хятадуудын мөнгө, Ж.Батзандан нар ч яахав, болоод өнгөрсөн хэрэг.

Ирээдүйн их мөнгөний сураг айдас төрүүлэхээс өөр аргагүй. Хэн ч зүгээр мөнгө авахгүй, хэн ч зүгээр мөнгө өгөхгүй шүү дээ. Гэхдээ би үүнийг олны салхинаас үлдсэн хоосон хардалт байгаасай гэж эгнэгт хүснэ.

С.Ууганбаяр
Эх сурвалж: “Unen.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top