Төмөр зам байтугай Таван толгойгоо тавиад туусан байна ш дээ...

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 31

 

Сүүлийн үед гарсан мэдээг хараад байхад нээрээ ч хамтарсан Засгийн газар байснаас дангаараа засаг барилцаж байх нь илүү юм болов уу гэж бодогдохоор олон шинэ мэдээ шил шилээ цуварсаар гарлаа. Таван толгойг зарим нь олигархуудад өгөөд, төрийнхөө таван толгойг явуулахгүй байна гэж нэг нь ярихад нь нөгөө нууц гэрээнд гарын үсэг зурсан гэж бүр баримттаар нотлоод гараад ирлээ. Хамт байж ийм юм аа хамтраад нууж байснаас хэрэлдэж уралцсан ч болохгүй асуудлаа ярьдаг байх нь хэрэгтэй ч юм шиг. 

Энэ долоо хоногт хэвлэлээр бүр илүү ноцтой мэдээ гарсан боловч сэтгүүлчид ч олон нийт ч анзааралгүй өнгөрсөн. Тэр нь Хятадын төмөр замын компанитай Х.Баттулгын зурсан өөр нэг гэрээ юм байна. Өмнөх гэрээ нь Солонгос, Хятадын консорциумтай зурсан бол энэ удаа Хятадын төмөр замын яамны харъяа төрийн өмчит компанитай зурсан юм байна. Энэ гэрээнд анхаарал татсан хоёр зүйл байна.

Нэгд, гэрээгээр Таван толгой-Сайшандын чиглэлийн төмөр замыг барих, санхүүжүүлэх эрхийг Хятадын төмөр замын компанид олгосон. Харин үүнийхээ хариуд Таван толгойн орд газрыг ашиглах, олборлох тусгай эрхийг Хятадын төрийн өмчийн компанид Засгийн газрын нэрийн өмнөөс олгосон байх юм. Төмөр зам барьсны төлөө Таван толгойгоо ашиглуулах эрхийг Хятадуудад өгч болно. Аль нэг хүн мөнгөө гаргаад төмөр зам бариад өгөх юм бол хариуд нь мөнгөө эргүүлж олж авах нэг юм өгөлгүй яахав. Асуудал тэрэндээ байгаа юм биш. Харин яг энэ Хятадын төмөр замын компанид яагаад заавал өгөх болов? Энэ асуудлаар УИХ-ын тогтоол 2008 оны 12 сард гарч сонгон шалгаруулалт хийх үүргийг засгийн газарт өгсөн байдаг. Засгийн газар энэ үүргийн дагуу зар тарааж сонирхол илэрхийлсэн компаниудаас саналыг нь авч хамгийн сайн санал өгснийг УИХ-д танилцуулах үүрэгтэй байсан. Тэгсэн мөртлөө яахаараа засгийн газрын нэрийн өмнөөс шууд л нэг компанид нь тусгай эрхийг олгодог билээ? Хэн ийм шийдвэр гаргав? Хэрэв үүний төлөө хятадууд өөрийн нутгаараа нүүрс хямдралтай үнээр ч юм уу эсвэл урт хугацаанд тогтвортой нөхцөлөөр ч юм уу тээвэрлэхээр байсан бол энэ сайн хэрэг. Монголын нүүрс Япон, Солонгосын зах зээлд хүрч байж л хамгийн өндөр үнээр зарагдана. Түүний төлөө нэгэнт л хятадын аль нэг компанийг таван толгойд орулахаас хойно төмөр замтайгаа холбоотой компанийг оруулсан ч яахав дээ. Гэхдээ ийм яриа хэлцэл энэ санамж бичгийн цаана хийгдсэн эсэх нь ойлгомжгүй байна. Дахиад л нэг нууц. Энэ нууц санамж бичиг Таван толгойг хяталын нэг компанид зүгээр нэг ашиглуулах тусай нөхцөл өгсөн гэрээ бол хууль зөрчсөн асуулдал.         

Хоёрт, энэ гэрээг 2009 оны 4 сард байгуулсан байна. Уг нь яг тэр үеэр нөгөө Оросын дарга нар шил шилээ даган Монголд ирээд, хамтарч нэг компани байгуулаад, Таван толгойг холбосон төмөр зам барина, харин оронд нь монголчууд Оросын төмөр зам гэсэн төрийн өмчийн компанийг нь  Таван толгойд оруулна гээд тохироод байгаагүй бил үү? Энхбаярын сонгуулийн өмнө В.Путин айлчилж байсан. Тэрний өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ирсэн. Тэр үеэр оросуудтай хамтраад дэд бүтцийн хөгжил гэсэн нэг шинэ компани байгуулж, тус бүр 50 хувь Монгол, оросын тал эзэмшихээр болж байсан. Оросын төмөр зам Монголд төмөр зам барьж, түүний төлөө Оросуудыг Таван толгойд оруулна гэсэн яриа тэр үеэр л нийтэд ил болсон. Тэгээд энэ чинь нэг юм аа хэд зарсан болж таарч байна аа, монголчууд бид? Нөгөө зах дээр хашаан дээр тохсон хивсийг хоёр талаас нь хоёр хүн зардагтай адил Таван толгойгоо бид хэдэн удаа хэнд зарсан болж байна? Энэ талд нь Алтанхуяг даргаар ахлуулсан хүмүүс нь ухаантай бодлого бодоод, Хүрэлбаатар нь хэлэлцээ хийгээд явж байхад нөгөө талд нь аль хэдийнээ тохироод Таван толгойгоо хүнд өгсөн байх юм.

Энэ чинь нөгөө ариун явдал уу гэж асууж гайхахаас гадна гадаад бодлогын хувьд хэд хэдэн асуудал гарч ирж байна. Нэгэнт ийм гэрээнд гарын үсэг зурсан хойно хятадуудыг тийм ч амар чи хэрэггүй болсон гээд хөөгөөд явуулж чадахгүй нь тодорхой. Төрийн өмчийн компани, яамны мэдэлдээ байдаг хамгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн нэгээрээ ингэж тоглуулаад өнгөрнө гэж хятадууд байхгүй. Тийм болохоор одоо хятадуудтай яаж энэ маргааныг шийдэх вэ?

Оросуудын хувьд ч гэсэн яахаараа бидний араар ийм юм хийж явдаг билээ гэхэд бас л нэг хариулт хэрэгтэй болно. Геополитикийн тоглоом хатуу байдаг, геополитик төмөр замаар дамжиж хэрэгждэг гэж оросууд нэг бус удаа монголчуудад хэлээд байгаа. Ийм эмзэг асуудлаар ийм хачин тоглоом хийж байгааг тэд ойлгохгүй л болов уу.

Х.Баттулгын гарын үсэг зурсан дахин нэг санамж бичиг ийм л үр дагавар авчирах нь. Хэн ямар тайлбар хийх бол одоо?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top