Ийнхүү томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Засгийн газраас иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах зэргээр олон нийтэд аль болох хүртээмжтэй, ил тод, нээлттэй байх арга замыг сонгон ажиллаж байна.
Гэтэл сүүлийн өдрүүдэд нэр бүхий иргэдийн үүсгэн байгуулсан “Баялгийн хувь” ХК хэмээх хувьцаат компани хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нэрийг барин томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа мэтээр мэдээлэл цацан иргэдийг төөрөгдүүлэх боллоо.
“Баялгийн хувь” ХК нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үүсгэн байгуулагдсан хувийн өмчийн аж ахуйн нэгж бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо, хувь байхгүй юм. Монгол Улсын Засгийн газраас Шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ бүх Монголчуудынхаа нийтлэг эрх ашиг, оролцоог ханган, нээлттэй, ил тод ажиллах учиртай бөгөөд зөвхөн нэг компанид давуу эрх олгох учиргүй гэж үзэж байна.
Иймд “Баялгийн хувь” ХК-ийн зүгээс нийтэд буруу мэдээлэл цацан төөрөгдүүлэх замаар хөрөнгө төвлөрүүлэх зүй бус ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаж байна. Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын ямар ч оролцоо байхгүйг сэрэмжлүүлэн анхааруулж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 0 )