Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн иргэдээс бүрдсэн “Баян мөрөн” хөдөлгөөнийхөн хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын нэгний оройн 18.00 цагаас эхлэн суулт зарлан 24 цагийн ээлжтэйгээр зохион байгуулагдаад байна. Учир нь тус сумын Хар-Алтат багийн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хөрөнгө оруулалттай “Си Жи Би И Эм” компанид ашиглалтын 946,99 га талбай, хайгуулын 4000 га газарт лиценз олгоод байгаа аж. Тус компанид лиценз олгосноор Хар-Алтат багийн 300-400 айлын 2000 гаруй хүн оршин суудаг нутаг ус нь мал идээшлэх, нүүх бэлчээргүй, 6 хөшөө, 200 гаруй хүний оршуулгын газрыг хамгаалах боломжгүй болоод байгаа гэнэ. Энэ дагуу дөрөвдүгээр сарын нэгний өдөр аймгийн төвөөс ЗДТГ, МХГ, БОАЖГ-ын холбогдох мэргэ¬жилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад иржээ. “Си Жи Би И Эм” компани нь эрх бүхий газраас хууль ёсны дагуу зохих зөвшөөрөл авчихсан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул аймгаас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй гэсэн ажээ. Харин “Баян мөрөн” хөдөлгөөний иргэдийн хүсэлтээр аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхэд Байгаль орчинд нөхөн сэргээх үнэлгээ хийлгээгүй байжээ. Одоогоор “Баян мөрөн” хөдөл¬гөөнийхөн тус компаний талбай дээр гэр барьж, малчид арав арваар ээлжлэн 24 цагийн хугацаатай суулт хийж байна. Энэ суулт дөрөвдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд хэрвээ энэ хугацаанд тус компани үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хөдөлгөөний зүгээс тэмцлээ илүү хурц хэлбэрт шилжүүлэх гэнэ. Хар алтат баг нь 178 өрх, 755 хүн ам, 35373 малтай. Мөн дээр нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долдугаар багийн мал бүхий иргэдийн 9600 мал, нийтдээ 44900 гаруй мал тухайн багийн нутагт бэлчээрлэдэг байна. Иймд нутгийн иргэд төрж өссөн нутаг орноо хамгаалж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Увс аймгаас төрөн гарсан олны танил хүмүүс болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хаяглан захидал илгээжээ. Иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг МУГЖ С.Жавхлан хүлээн авснаа өнөөдөр мэдэгдэн, Увс аймгаас сонгогдон гарсан нэр бүхий гурван гишүүнтэй уулзах гэсэн боловч гадагш явсан, уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн ажээ. Гавьяат дуучин залуугийн хувьд үүнд их л бухимдан манай Увсаас сонгогдсон гурван гишүүний хоёр нь сайд. Тэд нутгийнхны зохиосон янз бүрийн шоу болон ууж идэх асуудал дээр ирчихсэн явдаг мөртлөө төрсөн нутагт нь үүсээд байгаа ийм хүндрэлтэй асуудалд анхаарлаа хандуулахгүй байна хэмээж байлаа.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
Сэтгэгдэл ( 0 )