Аймгийн Засаг даргад Д.Дэлгэрбаярын нэрийг дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

Аймгийн МАХН-ын хороо өчигдөр хуралдаж, намынхаа даргаар Д.Дэлгэрбаярыг томилсон байна. Эрх баригч нам ийнхүү удирдлагатай болсон нь Орхон аймгийн иргэдэд ч таатай мэдээ дуулдлаа. Учир нь олон сар эзнээ хүлээсэн аймгийн Засаг даргын суудал эзэнтэй болох юм.  Аймгийн МАН-ын хороо 59 гишүүнтэй. Тэд дотроосоо намын хорооны даргад Б.Винтов, Д.Дэлгэрбаяр, С.Давааням, Ё.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлж өрсөлдүүлжээ. Д.Дэлгэрбаяр 32 хүний санал авч, Б.Винтов 20 хүний саналаар удаалсан байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, аймгийн Засаг даргад МАН-ын хорооны дарга Д.Дэлгэрбаярын нэрийг оруулж хэлэлцэх нэгдсэн хурал хийхээр тов тогтжээ. Иргэдийн хурлын чуулган маргааш хуралдаж, Засаг даргаа сонгох юм байна.

Д.Дэлгэрбаяр нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалтай, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуультай.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, хурдан морь уях хоббитой нэгэн. Нийгмийн даатгалын салбартаа нэр хүндтэй, зохион байгуулах авьяас чадвартай, залуу боловсон хүчин гэж салбарынхан нь ам сайтай байдаг. МАН-ын Удирдах зөвлөл Орхон аймгийн намын хороог дотроосоо хүнээ сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн аж. Д.Дэлгэрбаяр Засаг даргын сунгаанд яригдаж байгаагүй “битүү морь” байдлаар нэр нь орж ирсэн. Хотын, ГОК-ын фракцийн эвдрэлцлийг хэрхэн зохицуулах нь түүний авьяас чадвараас харагдах биз. Ямартай ч УИХ-ын сонгуулийн өмнө аймгийн намын хороо, Засаг даргын Тамгын газарт хүлээгдсэн олон ажил ар араасаа шил дарах нь ойлгомжтой. Маргааш хуралдах ИТХ-ын нэгдсэн хуралдаанаас Д.Дэлгэрбаярыг Засаг даргад томилох асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top