Батлан хамгаалах салбарынхан Говь-Алтай, Завханыг “байлдан дагуулав”

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

Дээрх хоёр аймагт энэ үеэр 12 генерал хүрэлцэн очсон нь ховорхон тохиолдол болов

 Батлан хамгаалах салбарынхан жил бүр хэд хэдэн аймагт Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилдаг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд дээрх үр өгөөжтэй арга хэмжээнийхээ гарааг 4 дүгээр сарын 14-16-нд Говь-Алтай, Завхан аймгаас эхлүүлж, тус хоёр аймгийн ард иргэдийг цэрэг эрсийн цог жавхаагаар бүтэн өдрийн турш “байлдан дагууллаа”.  Тус хоёр аймгийн төв талбайд цэргийн парад болж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан шүхрийн буулт хийж, 150 дугаар ангийн элит дайчид гардан тулаанаар гайхуулж, Батлан хамгаалахын их сургууль сургуулиа сурталчилж, Батлан хамгаалахын төв архив иргэд, ахмад дайчдад цэргийн алба хаасан, дайнд оролцсон тухай архивын лавлагаа гарган өгч, 123, 325 дугаар ангийнхан жагсаалын үзүүлэх тоглолт хийж, Монгол цэргийн музей монгол цэргийн түүхийг харуулсан үзэсгэлэн, дүрэмт хувцасны оёдлын “Бөртэ” компани цэргийн дүрэмт хувцасны дээжээс дэлгэж, ЗХЖШ-ын Цэргийн зэвсэглэлийн хэлтэс төрөл бүрийн бууны цуглуулга үзүүлж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгынхан уран бүтээлээ толилуулж, цэргийн эрдэмтэд хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзлийг өдөөсөн лекц уншиж, Цэргийн төв эмнэлгийнхэн нарийн мэргэжлийн үзлэг оношилгооны зэрэгцээ цөөнгүй мэс засал хийсэн нь эдгээр аймгуудад сүүлийн 20-30 гаруй жилийн хугацаанд зохиогдоогүй арга хэмжээ болсон  ард олны талархал хүндэтгэлийг хүлээлээ.

Ирак, Афганистан зэрэг дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнуудаа ч энэ үеэр алдаршуулан сурталчлав. Бас ЗХЖШ-аас “Гэрээт цэрэг-ажлын байр” сэдэвт сурталчилгаа явуулан дээрх хоёр аймгаас гэрээт цэрэг элсүүллээ. Цэргийн төв эмнэлгийн эмч нар Говь-Алтай, Завхан аймгийн төв болон Тайшир, Цагаанчулуут, Тосонцэнгэл зэрэг сумдад давхардсан тоогоор 2000 гаруй хүнд үзлэг эмчилгээ хийжээ. Хөдөөгийн ард иргэдийн нүд, сэтгэлийг баясгаж цэрэг армиараа бахархах омогшил төрүүлсэн энэ арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Ерөнхий сайдын зөвлөх, бэлтгэл хурандаа Ч.Баатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, хошууч генерал Д.Мягмар, Н.Жалбажав, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал Я.Чойжамц болон тус хоёр аймгаас төрөн гарсан хошууч генерал М.Жаргал, Д.Чимэд-Юндэн, Д.Магсаржав, бригадын генерал Т.Дашдэлэг, М.Заяабаатар, Н.Наран-Очир нарын генералууд оролцов. Говь-Алтай аймгаас 17, Завхан аймгаас 19 алтан мөрдэстэн буюу генерал цолтон төржээ. Батлан хамгаалахын дэд сайдаас эхлээд 12 генерал энэ хоёр аймагт хүрэлцэн очсон нь дахин тохиохгүй ховорхон тохиолдол боллоо гэж аймгийн удирдлагууд, ард түмэн билэгшээж байсан юм.

Мөн Монгол Улсын Даян аварга, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Улсын арслан, дэд хурандаа Д.Ганхуяг тэргүүтэй улсын болон цэргийн цолтой бөхчүүд хүрэлцэн очиж зодоглосон. Аварга Г.Өсөхбаяртай хамт зургаа даруулах гэсэн хүмүүс түүний очсон газар бүхэнд хошуурч байсан юм. Энэ үеэр бас цэрэг-стратегийн сургалтад хамрагдсан Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт бэлтгэл хошууч, Завхан аймгийн Засаг дарга бэлтгэл дэд хурандаа Я.Санжмятавт бэлтгэл хурандаа цолыг ЗХЖШ-ын дарга гардуулан өгсөн. Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр ОХУ-д цэргийн сургууль дүүргэн Зэвсэгт хүчинд ажиллаж байсан бэлтгэл офицер аж. Түүнээс гадна эдгээр аймагт шүхэрчдээ амжилттай буулгасныг үнэлэн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Шүхрийн албаны дарга, хошууч Д.Баярмагнайд шууд дэд хурандаа цол олгосон нь амь насаараа дэнчин тавьж буулт хийдэг амаргүй үүрэгтэй цэргийн шүхэрчдийн магнайг тэнийлгэсэн юм. Улаанбаатар хотоос энэ сарын 10-нд цэргийн цуваагаар маршлан гарсан Батлан хамгаалах салбарын 200 гаруй офицер, ахлагч нар энэ удаад 2600 гаруй км хол зам туулан алслагдсан аймгуудад хүрч салбарынхаа сурталчилгааг хийлээ.

Тэд буцах замдаа Архангай аймгаар дайран батлан хамгаалах чиглэлийн сурталчилгаа, үйлчилгээ үзүүлсэн юм. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн ийнхүү ард түмэндээ сурсан мэдсэнээ “шалгуулж”, сүр хүчээ гайхууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top