Парламентын тасралтгүй үйл ажиллагаа намаас болж тасалдах ёсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20


---Орон нутагт улс төрчид  биш иргэд өөрсдөө эзэн суумаар байна---

 

            УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн хэдий ч АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг дахин маргаан дэгдээж, гацаа үүсгэлээ. Учир нь өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан атал уг хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж тэрээр зөрүүд хүүхэд шиг зүтгэв.

Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлж, УИХ-ын сонгуультай цуг орон нутгийн  сонгуулийг хамтад нь зохион явуулах ёстой гэж шаардсан. МАН-ын бүлэг болохоор УИХ-ын сонгуулийг орон нутгийн өөрөө удирдах ёстой хутгаж болохгүй, тус тусад нь сонгууль явуулах ёстой гэх. Ийнхүү намууд чуулганы нэг танхимд тохой залган суучихаад өөр хоорондоо бичиг цаас чулуудалцаж, бие биендээ нуруугаа харуулсаар бараг жилийн нүүр үзэх нь ээ. Сонгууль явуулах хугацаа хоолойн дээр тулчихаад байхад намын бүлгүүд шоу хийж, УИХ-ыг замбараагүй байдалд түлхэж байгааг олон түмэн телевизээр хараад дургүйцэж эхэллээ, гишүүд ээ. Энэ чинь  харин ариун явдал мөн үү гэж эрхэм түшээдээс сонгогчид асуух цаг ирчихээд байна.

Эх адаггүй энэ хэрүүлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цэг тавьчихаар найдвар төрүүлсэн шаардлагыг өнөөдрийн чуулганы үеэр ширүүхэн хэлээд авах шиг боллоо. Хоёр намын бүлгийн төвшинд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол санал хураалтаар асуудлыг шийдэх гарц байгааг Д.Дэмбэрэл дарга санууллаа. Нэгэнтээ УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог тул санал хураалтаар маргаантай асуудлыг шийдэх нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй болохыг онцолж, өнөөдөр хоёр тал шийдэлд хүрэхгүй бол хугацаа тулж цааш сунжрах бололцоогүй болсныг ч анхааруулсан. Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, тодорхой шийдэлд хүрэхийг үүрэг болгож шахлаа.

Намууд үзэл бодлоо уралдуулж, эцсийн дүндээ улс орон, иргэний байр сууриас шийдвэр гаргах ёстой болохоос  өөрсдөө завсарлага нэрээр ажлаа хаячихаад “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд бид байгаагүй учраас хууль  бус” гээд сүржигнэх нь хэр оновчтой юм бол.  Ер нь парламент гэдэг маань намын өмнөөс биш, ард түмний өмнөөс засгийн эрх барьдаг байнгын шинж чанартай төрийн дээд байгууллага гэдэггүйсэн бил үү. Ийм энгийн заагийг эрхэм гишүүд олж харж чадахгүй байна уу, аль эсвэл мэргэшсэн гэх парламентчдын туршлага дутаад байна уу.

 

Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал юм. Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь иргэдэд хүртээмжтэй байх бөгөөд асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд тулгуурладаг гэдгийг эрхэм гишүүд, намын бүлгийн дарга нар эрх биш мэддэг баймаарсан.

Парламентын  тасралтгүй үйл ажиллагаа намын бүлгүүдийн эрх ашгийн үүднээс тасалдах учиргүй. Эрхэм гишүүд сонгогч олон түмэнтэй хамт байж, иргэдийнхээ саналыг сонсъё гэж байгаа бол орон нутгийн сонгуулийн хуулинд цаг алдалгүй нэмэлт өөрчлөлт оруулъя. Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлдэг л юм бол хоёр сонгуулийг салгаж явуулах нь зөв байх шүү. . Орон нутагт улс төрчид, намууд биш, иргэд өөрсдөө эзэн суумаар байна.

 

 

Тодруулга; Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top