Өнөөдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэд хэдэн журмын төслийг хэлэлцлээ.Тухайлбал, Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах хяналтын хэсгийн ажиллах тухай, Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх журмын төслийг хэлэлцэв.
Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журмын төслийг хэлэлцэж баталлаа. Үүгээр гадаад улсад байгаа монгол иргэдээс санал авах комисс, салбар комисс байгуулах, иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг хэрхэн зохион байгуулах, санал бүхий битүүмжилсэн дугтуйг Сонгуулийн Ерөнхий Хороонд ямар хугацаанд хэрхэн хүргүүлэх зэрэг асуудлыг журамласан байна.
2012 он гарсаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү 13 удаа хуралдаж 40 гаруй баримт бичгийн төслийг хэлэлцэж зохих шийдвэр гаргаад байна гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )